
Каталоны алдарт “Барселона” клуб Аваргуудын лигийн хагас шигшээд шалгарснаар тус багийн шилдэг тоглогч Лионель Месси хагас зуун жил тогтсон гоолын амжилтыг эвдэх боломжтой болоод байна. Аргентин довтлогч шөвгийн наймын хариу тоглолтод орсон цорын ганц гоолыг оруулснаар энэ улиралд оролцсон 46 тоглолтдоо 48 дахь гоолоо оруулсан билээ. Улмаар энэ амжилт нь 1996-97 оны улиралд Бразилын Роналдогийн 51 тоглолтод 47 гоол оруулсан амжилтыг нь эвдсэн юм. Одоогийн амжилт нь “Атлетик Билбао” багийн Телмо Заррагийн нэг улиралд 48 гоол хийсэн амжилттай тэнцээд байна. Зарра дээд амжилтыг тэртээ хагас зуун жилийн өмнө буюу 1950-51 оны улиралд хийж байжээ. Тэгэхээр Аргентины “Гайхамшиг”-т энэ амжилтыг ахиулах боломж байгаа.
“Барселона”-гийн лидер маань өнөөгийн багийнхаа босс Пеп Гуардиолагийн удирдлага дор өөрийн нэр дээр бичигдсэн 175 гоолынхоо 133-г нь оруулсан юм. Дэлхийн шилдэг хөлбөмбөгч энэ жилийн Аваргуудын лигийн мэргэн буучдын жагсаалтыг есөн гоолтойгоор тэргүүлж байгаа бөгөөд есөн гоол оруулсан амжилтаа гурван жил давтаж байгаа аж. Мөн тэрбээр Ла лигт 29 гоол, Эзэн хааны цомд долоо, Испанийн Супер цомд гурван гоол оруулжээ.
“Барса”-д багаар бодоход 10 тоглолт үлдээд байгаа бөгөөд түүнд дээд амжилт тогтоох боломж дүүрэн байгаа юм. Ирэх сард Лондонд болох Аваргуудын лигийн шигшээ тоглолтод “Барса” тоглох боломжтой.
Score Studio