
1.Хүндэт Донорын болзол хангасан хүн нь рашаан сувилалд насны ялгаваргүйгээр жилд нэг удаа үнэ төлбөргүй амрах эрхтэй юм.
2.Улсын хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төв, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн эрүүл мэндийн байгууллагаар дараалал харгалзахгүйгээр эхний ээлжинд үзлэг шинжилгээ хийлгэж, хэвтэн эмчлүүлнэ.
3.Эрүүл мэндийн байгууллага нь хүндэт донорт доорх оношилгоог үнэ төлбөргүй хийнэ. Үүнд:
- Хэвлийн хөндийн хэт авианы шинжилгээ
- Рентген шинжилгээ
- Зүрхний цахилгаан бичлэг
- Тархины цахилгаан бичлэг
- Цусны болон шээсний ерөнхий шинжилгээ, элэг цөсний үйл ажиллагааны, бүлэгнэлтийн суурь шинжилгээ багтаж байна.
4.Цусны албанаас: резус сөрөг донор, эмэгтэйчүүд, жирэмсэлсэн тохиолдолд резус Д-ийн эсрэг үүссэн эсрэг бие илрүүлэх шинжилгээ, доноруудын ийлдсэнд агуулагдах төмөр ферритины хэмжээг тодорхойлох шинжилгээ.
5.В вируст гепатитаас сэргийлэх вакцинжуулалтыг үнэ төлбөргүй доноруудад хийхээр тусгасан байна.
- Хүндэт Донорууд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчино.
Монгол Улсын Донорын шинэчилсэн хуульд төрөөс хүндэт доноруудын эдлэх эрхийг дээрх өгүүлсэнчлэн баталгаажуулан тусгаж байгаад Донорын Холбооны гишүүн хүндэт донорууд баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Эдгээр доноруудын нэг нь л гэхэд 40 орчим литр цусыг бусдын эрүүл, энхийн төлөө зориулсан буянтнууд юм. Жилээс жилд тоо нь цөөрсөөр байгаа доноруудын эгнээг өргөтгөх хүслээр тэд ийн хэвлэлийн хурал хийж байна. Дэлхий нийтэд 1000 хүнд 20-40 донор ногдож буй бол хэвийн гэж үздэг бол манайд 1000 хүнд найман донор ногдож байгаа нь дэндүү чамлахаар үзүүлэлт ажээ. Тиймээс хүмүүсийн эрүүл мэндэд хандивлах хамгийн том хөрөнгө оруулалт болсон донорын эгнээнд элсэхийг хүндэт донорууд залуусаас хүслээ.