Үнэт цаасны тухай хууль бол ердөө журам гэв

Хуучирсан мэдээ: 2013.04.15-нд нийтлэгдсэн

Үнэт цаасны тухай хууль бол ердөө журам гэв

Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос өнөөдөр Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар мэдээлэл өглөө. Тус хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэж, батлах юм. Гэтэл шинэчилсэн хуулийн төсөл нь ердөө журмын шинжтэй болсон гэж үзэж буйгаа Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос мэдээлэв. Түүнчлэн Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаа хэт жижиг хүрээнд байгаа нь хуулийн зохицуулалт муутай холбоотой гэлээ. Тодруулбал, 20 гаруй жилийн түүхтэй Монголын хөрөнгийн зах зээл нь өөр ямар ч улсад байхгүй жижиг тогтолцоо буюу зах зээлд шинэ хувьцаа гарч ирэх боломж тун хомс байгаа гэнэ. Он гарсаар Монголын хөрөнгийн бирж нийт 60 хэлцлээр 9 тэрбум 692 гаруй сая төгрөгийн арилжаа хийсэн байна. Энэ тухай Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Ж.Цэдэнрагчаа “Он гараад одоог хүртэл хийсэн арилжааны дүн их тоо мэт санагдаж байгаа ч нийт 60 хэлцэл хийсэн нь бирж дээр хөрвөх чадвар байхгүйг харуулж байна” гэсэн юм.

Олон улсын шалгарсан туршлагад аливаа хувьцаат компани ёс зүйн болон мэргэжлийн стандартын алдаа гаргасан тохиолдолд тухайн компанийг хариуцдаг мэргэжлийн холбооноос  олон нийтэд мэдэгддэг ажээ. Ингэснээр эрсдэлтэй компаниар хүмүүс үйлчлүүлэхээ больдог гэнэ. Гэтэл үүнийг одоогийн шинэчилсэн хуульд оруулсан нь хуулийн шаардлагагүй зүйл заалт гэж Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос үзэж буй гэнэ. Мөн андеррайтерын тусгай зөвшөөрөл гэсэн хоцрогдсон хуулийн нэр, томъёоллыг хуульд  тусгасанд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлэв. Энэ учир байдлаа хэлж, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос хууль боловсруулахад санал оруулах гэж удаа дараа хандсан ч саналыг огт хүлээж аваагүй тухай ч тэдний зүгээс мэдэгдлээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж