– Гуравдугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар АНУ-аас ирсэн ачаа бүхий чингэлэгт эрсдэл тооцон шалгалт хийхэд Монгол Улсын иргэн О гэгч 9400 ширхэг ангийн зориулалттай бууны сум илэрчээ. Хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан сумыг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна. Гуравдугаар сарын 30-ны өдөр Замын-Үүдийн гаалийн газрын байцаагч нар Хятад улсын иргэн Х-гийн ачаа эд зүйлд нарийвчилсан үзлэг шалгалт хийхэд урт нь 12-15 см, өргөн нь 6-8 см хэмжээтэй ямар амьтны болох нь тогтоогдоогүй 275 ширхэг соёо шүдийг улсын хилээр хууль бусаар гаргах зорилгоор нуун далдалсан үйлдлийг илрүүлэн шалгаж байна.
– Энэ сарын 4-ний өдөр Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар Хятад улс руу илгээсэн “С” ХХК-ийн чингэлэгт биет үзлэг хийхэд боловсруулсан үхрийн хөх шир 8892 ширхэг гэж мэдүүлсэн бараа нь боловсруулалт хийгдээгүй үхрийн шир байжээ. Түүнчлэн дагалдах бичиг баримт, мал эмнэлэг лабораторийн дүгнэлт нь хууль зөрчсөн байж болзошгүй тул хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна. Хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан боловсруулаагүй үхрийн ширний үнийн дүн нь дунджаар 208 сая төгрөг юм байна.
Мөн өдөр Замын-Үүдийн гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар 00-07 ДГО улсын дугаартай УАЗ 469 маркийн суудлын автомашин болон зорчигч Г-д үзлэг шалгалт хийхэд мөнгөн тоногтой иж бүрэн эмээл гурван ширхэг, баринтагтай эртний судар таван ширхэг, түүх соёлын бусад дурсгалт зүйл есөн ширхгийг гаалийн хяналт шалгалтаас нуун далдалж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсаныг илрүүлжээ. Эдгээр эд өлгийн зүйлсийг түүх соёлын эд зүйлийн зэрэглэл тогтоолгох зорилгоор шинжилгээнд явуулсан байна.