Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 90 жилийн түүхт ой энэ жил тохиож байна. Ойн бэлтгэл ажил ямар шатандаа байна?
-2013 он Хэнтий аймгийнхны хувьд онцлог жил. Бид аймаг байгуулагдсаны 90 жилийн ойгоо угтсан олон бүтээлч ажил хийхээр төлөвлөж, заримыг эхлүүлээд байна. Мөн ойг угтаж зохион байгуулах комисс байгуулсан. Улаанбаатар хот болон бусад аймаг, орон нутагт байгаа нутгийн зөвлөлүүдийг шинэчлэн байгуулж тэдэнтэйгээ хамтран бэлтгэл ажилдаа ороод байна. Аймгийн төв Өндөрхаан хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах, 90 жилийн ой угтсан 90 хоногийн бүтээлч ажлын аян зарлаж, аймгийн төвийн нийт албан байгууллага, иргэд, багуудын дунд уралдаан зарласан. Албан байгууллагууд хаягнаасаа эхлээд гаднах өнгө үзэмжээ сайжруулж, ногоон талбайгаа тохижуулах зэрэг олон ажил хийж байна. 2013 он Хэнтий аймгийн хувьд их бүтээн байгуулалтын гарааны жил гэж бид томъёолж байгаа. Тиймээс ирэх дөрвөн жилд аймаг, орон нутагтаа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар болон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх олон ажлыг эхлүүлсэн. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 34,5 тэрбум төгрөгийн барилга байгууламжийн ажлыг аймгийн хэмжээнд хийнэ. Мөн орон нутгийн сангийн хөрөнгөөс энэ онд багтааж хийх ажлууд бий.
-Тэр дотроос томоохонд тооцогдож буй ямар ажлууд байна?
-1000 айлын орон сууц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд 720 айлын Шинэ Өндөрхаан, 240 айлын Хэрлэн орон сууцны хороолол, хаус хорооллыг барих ажлыг эхлүүлсэн. Мөн аймгийн төвд Чингис хаан цогцолбор байгуулах зураг, төслийн ажлыг хийж байна. Ирэх жилээс Хэнтий аймагт Эзэн Чингис хааны цогцолборын ажлын бүтээн байгуулалт эхэлнэ. Аймгийн төвд авто вокзал, зүүн бүсийн оношлогоо, эмчилгээний төв, кино театр, цэцэрлэг, сургууль баригдана. Аймаг дотроо 2.1 км хатуу хучилттай замын гэрэлтүүлэг, тэмдэглэгээ, хашлагын хамт барина. Энэ ажлуудын тендер зарлагдаад ажил албан ёсоор эхлээд явж байна.
-Малчид өвлийг өнтэй давсан байх, хаваржилтын байдал ямар байна?
-Могой жилийн хавар сайхан болж байна. Нийт 18 сумын хэмжээнд 2.6 сая малыг 6.1 мянга гаруй өрх маллаж аж амьдралаа авч ирсэн. Дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар 1.2 сая хээлтэгч малын 4.1 хувь нь төллөсөн. Цаг агаарын байдал гайгүй байвал алзахгүй гэж бодож байгаа.
-Малчдын нийгмийн асуудлуудыг шийдэхэд аймгийн удирдлагууд ямар бодлого барьж байна?
-Аймгийн хэмжээнд хүн амын амьжиргааны төвшинг авч үзэхэд ядуурал 34 хувьтай байна. Ажилгүйчүүдийн тоо 1600 байдаг. Иймд энэ жил доод тал нь 1400 хүнийг ажлын байраар хангах зорилт тавьсан. Түүнээс гадна улсаас олгож буй зээл, бусад төсөл хөтөлбөрөөр иргэддээ боломж олгохыг зорьж байна. Улсаас олгож буй ЖДҮ-ийн зээл гэхэд л эхний улиралд хоёр тэрбум гаруй төгрөг орж ирсэн. Эхний зээлийг иргэдэд хүргэсэн. Дараагийнхыг энэ сард багтааж олгоно. Дээр нь аймаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр малжуулах аяныг өрнүүлж байгаа. Энэ ажил маань мөн ажлын байр нэмэгдүүлж, ядуурлыг бууруулахад үр өгөөжөө өгнө гэж үзэж долоон сая төгрөг тутамд нэг ажлын байр гэсэн тооцоотой хүмүүст дэмжлэг үзүүлж байна.
-Хүн амын эрүүл мэнд энэ салбарын үзүүлэлт ямар байгаа вэ?
-Эрүүл мэндийн салбарт анхаарах асуудал цөөнгүй бий. Эмчилгээ үйлчилгээнд хамрагдах, оношлогоо хийлгэх асуудлыг аймагтаа шийдүүлж тэр бүр чаддаггүй. Тиймээс Улаанбаатар явах, зарим нь гадаад улс руу зорчих гээд асуудал их байдаг. Аймгийн төвийн эмнэлэг ачаалал ихтэй, тэр болгон иргэдийн хүссэн үйлчилгээг үзүүлж чадахгүй чирэгддэг. Үүнээс үүдэж гомдол ихээхэн гардаг. Энэ байдлыг харгалзаж салбарын яаманд асуудал тавьж, аймгийн нэгдсэн эмнэлгийг өргөжүүлж зүүн бүсийн оношлогоо, эмчилгээний төв болгож өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Үүний дагуу салбарын яам бодлого барьж ажиллахаар тохирсон. Энэ жил барилгын ажил эхэлсэн. Ашиглалтад орж бусад асуудлууд шийдэгдсэн үед бид эрүүл мэндийн талаар тавьсан зорилгодоо хүрэх боломжтой.
-Хүн амын олонх нь залуучууд учраас боловсролын талд хэрхэн анхаарч байна?
-Хөдөө орон нутагт мэргэжилтэй боловсон хүчин дутмаг. Аймгийн төвд гайгүй байгаа ч хөдөө сумдад байдал хүнд. Ялангуяа боловсролын болон эрүүл мэндийн салбарт бодлогоор мэргэжилтэн бэлтгэх хэрэгтэй байдаг. Аймгийн төвд их, дээд сургуулийн салбарыг бүсчилсэн байдлаар байгуулахад анхаарч байгаа.
Эх сурвалж: www.polit.mn