
Тэдний харах өнцөг бусдаас өвөрмөц. Гэхдээ бас ижилхэн. Бусдын сэтгээгүйг тэд сэтгэдэг. Гэхдээ бас бусдын бодож байгааг бичдэг. Учир нь тэдний бичсэнийг уншигчид бодож байсан ч илэрхийлж чадаагүй байдаг. Өөрөөр хэлбэл, хүмүүс толинд хартлаа өөрийгөө ямар харагдаж байгааг мэддэггүйтэй адил. Тэд бол шилдэг нийтлэлчдын клубын гишүүд. Тодруулж хэлбэл, Артаньяан, Гаамп, Аанхаа нэрээр танил болсон Д.Түмэн-Өлзий, Д.Билгүүн, Г.Анхбаяр нар болон өөрийн жинхэнэ нэрээрээ нийтлэл бичдэг Д.Батбаяр, Д.Энхболдбаатар нар. Энэхүү нийтлэлчдийг шилдэг нийтлэлчдийн клубээс гадна нэгэн зүйл холбож байна. Энэ бол “Хувь тавилангийн ээдрээ” олон ангит кино. Өнөө оройны 22 цагаас эхлэн үзэгчдын хүртээл болох гэж байгаа энэхүү киног зохиолчид нь аль өнцөгөөс хэрхэн тайлбарласныг хамтдаа сонирхъё.
Д.Түмэн-өлзий (Артаньян): Г.Анхбаяр (Аанхаа), Д.Батбаяр, Д.Билгүүн (Гаамп), Д.Энхболдбаатар бид тав ерөнхий зохиолч Б.Цэнддоогийн удирдлага, гаргасан ерөнхий шугамын дагуу киногоо анги ангиар нь хувааж бичсэн юм. Гэхдээ ангиудаа эхнээс нь зүгээр нэг хуваагаагүй, харин үйл явдлынх нь онцлогоор хуваарилсан. Г.Анхбаяр залуусын амьдралыг түлхүү бичсэн бол Д.Батбаяр үйлийн үр гэх мэт философи талын үйл явдалтайг түүж бичсэн. Д.Билгүүн улс төр болоод нийгмийн амьдралд болдог элдэв сайн, муу үйл их гардаг ангийг авсан бол Д.Энхболдбаатарт илүүтэй уянгын талын хөдлөлүүд бичих үүрэг ногдож байлаа. Б.Цэнддоод Монгол орны 1950, 1980-аад оны амьдралын тухай ангиуд бичих үүрэг ногдож, харин надад босон суун үйл явдал ихтэй, хөгжилтэй гэмээр ангиудыг түүж өгснөөр 60 анги бүгдээрээ эзэнтэй болсон билээ.
Бид зургаан хүний бүгдийнх нь хувьд энэ бол олон ангит кино бичсэн анхны ажил байлаа. Туршлагагүйтэж, эргэж буцаж, засч сольсоор байгаад хоёр сарын дотор шахуу хийчихнэ гэж бодож явсан ажил бүтэн жил үргэлжлэв. Хоёр сар гэдэг бол яах аргагүй шинэковуудын л бодох бодол юм аа гэж “өнөөгийн энэ өндөрлөгөөс” хэлнэ.
Бидэн дундаа Б.Цэнддоо, Д.Энхболдбаатар хоёр бол олон жилийн туршлагатай “мэргэжлийн амьтад”. Харин бусад нь нэг “дарга”, нэг багш, хоёр инженер байлаа. Гэхдээ л бүтээлийнхээ ард нь гарсан. Одоо киногоо үзэх л дутуу байна. Ямархуу болсон бол гэж сонирхохоос илүүтэй олигтой юм болоогүй бол яана, хүний сонирхол татах үйл явдалгүй болсон юм биш байгаа гэсэн айдастай байна. Нөгөө талаар, манай киноны баг, Фрилайн студийнхэн сайхан амилуулсан байхаа гэдэгт итгэж байгаа.
Олзуурхууштай нь, манай найруулагч Ц.Гансэрээ, гүйцэтгэх продюсер Д.Батцэцэг нарын сонгосон жүжигчид яг л цаасан дээр буусан баатрууд маань амилаад ирсэн юм шиг санагдаж байлаа. Хүн танихдаа нүдтэй хүмүүс байна гэж дүгнээд байгаа. Зохиолын хувьд сайн эсвэл муу болсон гэж хэлэх ямар ч зүйл одоогоор алга. Хамтдаа үзэцгээе гэж үзэгчиддээ хэлье дээ.
Д.Билгүүн (Гаамп): Би өнгөрсөн жил “Хувь тавилангын ээдрээ” гэж сүрлэг нэртэй кино зохиол бичихэд оролцсон. Хүмүүс сургаар нь танай кино юугаараа онцлогтой вэ гэж асуудаг. Олон зохиолч хамтран бичсэнээрээ онцлогтой ч зохиол нь бусад олон ангит кинонуудаас онцлог байж чадахгүй байх вий гэж олон хүн зовж байгаагаараа онцлог гэж хариулаад л сууж байна. Миний хувьд, бидний бичсэн энэ зохиол өнөөгийн нийгмийн өнгө будаг бүрийг гаргах гэж оролдсоноороо онцлог юм уу гэж бодож байгаа. Бөө удган, хээл хахууль, улс төр, үндсэрхэг үзэл, өшөө хорсол, харьд хараар ажиллагсад, хот хөдөөгийн ялгаа, архидалт гээд аль болох бүгдийг нь тусгаж, хүмүүс эндээс өөрсдийнхөө амьдралыг ялгаж салгаж үзвэл их зүгээр байх гэж бодож бичихийг оролдсон. Бид өөрсдийн амьдралаа л нэмэр хачиргүйгээр хараад пүү пай болж жигшин зэвүүцээд байлгүй, энэ бүгдийн хажуугаар сайн сайхан зүйл хайр дурлал, хүндлэл, инээдэм наргиан, нөхөрлөл, уучлал зэрэг зэрэгцэн оршиж байдгаараа амттай, зөв, үнэнч шударга хөдөлмөр амжилтанд хүргэдэг гэдгийг харуулахыг зорьсон. Харин энэ бүгдийг гаргаж чадаж уу гэдэг үзэгчдийн сонирхолыг татаж байгаа эсэхээр л дүгнэгдэх байх. Зохиолыг бичихэд олон хүн энд тэнд зэрэг бичиж байснаас болоод эхний ангиудад нас барчихсан хүн дараа нь амьд сэрүүн явж байсан зэрэг аймшгийн кино юм уу гэмээр алдаанууд гарч л байсан. Тэгэхээр үзэгчид та бүхэн энэ бол бидний хамтран зохиолыг нь бичсэн анхны кино болохоор алдааг нь хэмжиж суухын оронд аль болох ёстой нөгөө биеэ сул тавиад таашаал авахыг бодож үзээрэй гэж хэлмээр байна. Ямар ч муу байсан монголчууд хийсэн гэдгээрээ солонгос сериалаас сайхан үзэгдэх болов уу гэж найдаж байна.
Г.Анхбаяр (Аанхаа): Өдөр тутмын хэрэглээний “MS Word” програм дээр кино зохиол бичих нь тийм ч тохиромжтой биш. Энэ ч үүднээс бид кино зохиол бичдэг гол програм хангамжууд юу юу байж болох талаар нэлээд сонирхсон. “Celtx”, “Finaldraft”, “Scenarius” зэрэг олон янзын програмууд байдаг юм билээ. Эдгээрээс компьютерт суулгаж, ашиглахад хамгийн энгийн нь “Finaldraft” шиг санагдсан. Давуу тал нь, 35 хуудас нь 35 минут гэсэн багцаа таамаглаж болдог, бичих хугацаа хэмнэдэг, цэвэр барууны стандартаар бичигддэг гэх мэт. Дэлхийн кино зохиолын формат нь нэг стандарттай байдаг. Фонтын хувьд courier new, 12pt байх жишээтэй. Тодруулбал, бичгийн машины шрифт. Сцена, үйлдэл, диалог, тайлбар гээд бүгд өөр өөрийн хэлбэр дүрс, байрлалтай. Жишээлбэл:
ДОТОР.ТЭЭМКАГИЙН СТУДИ.ӨДӨР
Тээмка нэлээд ууртайгаар гаднаас орж ирлээ. Цагийн зүү 12:20-ыг заах бөгөөд нэлээд хүйтэн байгаа бололтой амнаас нь уур савсана. Алтангэрэл түүнийг тоосон шинж үзүүлэхгүй чимээгүйхэн цайгаа хутган сууна.
ТЭЭМКА: (нэлээд ууртайгаар)
Өчигдөр чи хаана байсан юм?
Алтангэрэл хариу үг дуугарсангүй. Тээмка уурлаж түүний ширээний дэргэд очин цайг нь гараас нь булаав.
АЛТАНГЭРЭЛ:
Энэ маягаараа бид удаан тэсэхгүй ээ.
Зохиолын багахан хэсгийг та бүхэн харж байна. Уншихад ч, бичихэд ч энгийн “MS Word” –оос хамаагүй цэвэрхэн, зугаатай байгаа биз.
Д.Батбаяр: Нэртэй, төртэй “улсуудын далбаан доор” нэг том бүтээлд оролцсондоо баяртай байгаа. Миний хувьд сайн муу болсон нь асуудал бус киноны төгсгөлд нэр минь урсаад өнгөрнө гэдэг л таашаал юм даа. Гэхдээ “Батбаяр” гэдэг нэр эгээ л “Банхар” гэдэг шиг мэйнстрийм болохоор хэрийн хүн намайг гэж цохолж танихгүй байх. За тэр ч яахав. Би олон анги бичээгүй, харин бүх ангийг нэгтгэж уншсан. Зохиолчид тус бүрдээ бичээд над руу явуулдаг, тэдгээрийг нь би нэгтгэх маягтай уншиж дуусгасан. Ямартай ч киноны харилцан яриа уран нарийн, тэр дундаа толгой сүүл холбосон байдаггүй гэдгийг Д.Энхболдбаатараар заалгаж авсан. Энэ бүх ажлын ард гарахад өөр олон зүйл сурсан. Дэлхий хавтгай болсныг нь тэр үед өөрийн биеэр мэдэрлээ. Зохиолчдын нэг Артаньян тухайн үед Австрид амьдарч байсан ч бид интернэтээр харилцаад, ойлголцоод, бичээд л байсан. Зохиол бичих ажил жил гаруй хугацаанд үргэлжилсэн тул хамгийн сүүлийн удаа уншиж, ангиудаа нэгтгэхэд Артаньян бидний дэргэд өөрийн биеэрээ сууж байлаа. Дэндүү их удсан байгаа биз.