Азийн хөлбөмбөгийн холбооны 14-өөс доош насныхны Азийн аварга шалгаруулах тэмцээн Хонгконг улсад болж байна. Манай өсвөрийн шигшээ баг өчигдөр Японы багтай тоглож 4:0-ийн харьцаагаар ялагдлаа. Тус тоглолтын гарааны бүрэлдэхүүнд Г.Мөнх-Оргил, Т.Есүхэй, А.Отгонбаяр, С.Юмчин, Г.Ганбаяр, А.Мөнх-Оргил, Н.Тэнгис, Б.Чойжилсүрэн, Г.Хишигдорж, П.Доржсүрэн, А.Баттулга нар багтсан байна.
Тус тэмцээнд нийт 43 улсын шигшээ баг оролцож байгаагаас багууд найман хэсэгт хуваагдан өрсөлдөж буй. Монголын багийн хувьд “H” хэсэгт Япон, БНАСАУ, Хонгконг, Макаогийн багтай сугалаа таарсан. Манай шигшээ баг эхний тоглолтоо Макаогийн багтай хийж 7:0-ийн харьцаагаар ялалт байгуулаад байсан бол өчигдөр Японы шигшээд хожигдож нэг хожил, нэг хожигдолтой явна. Японы шигшээ баг Хонгконгийг 5:0-оор хожсон ч БНАСАУ-ын шигшээд 3:1-ийн харьцаагаар ялагджээ. “H” хэсгийг БНАСАУ-ын шигшээ баг Хонгконг (5:0), Японыг хожсоноор хоёр хожилтой тэргүүлж байна.
Маргааш манай баг БНАСАУ-ын багтай тоглох бол хэсгийн сүүлийн тоглолтоо 17-нд Хонгконгийн багтай тоглоно.
Ч.БОЛ