Хуучирсан мэдээ: 2013.04.15-нд нийтлэгдсэн

Далдгануур 70

Өнгөрөгч долоо хоногийн гол дуулиан Засгийн газрын тэргүүн 70 дагалдагчтайгаа ууланд төөрсөн явдал байлаа. Бямба гаригийн өглөө Хэнтийг зорьсон Ерөнхий сайдын баг ням гаригийн өглөө Бурхан Халдунны оройд гарч хүндэтгэл үзүүлсэн ч уулнаас буух замдаа цасан шуурганд төөрч хээр хоносон нь олныг алмайруулав. Онцгой байдлын газрынхан ням гаригийн шөнөөс түргэн авч, даваа гаригийн үдээс өмнө Ерөнхий сайд болон түүнийг дагалдаж авсан 69 хүнийг эсэн мэнд үндсэн отогт нь авчирсан тухай мэдээ тухайн өдрийн мэдээллийн хэрэгслүүдийн гол сенсааци байлаа.

 Гэвч алдагдсан Ерөнхий сайдаа аварсан Онцгойгийнхны араас “Ээж, хүү хоёрыг та нар аварч чадлуу. Усанд урссан ээж хүү хоёрын араас ганц ширхэг хийлдэг завь гаргаагүй мөртлөө ууланд зугаалж аваа хүний араас нисдэг тэрэг хөөргөнө гэнээ” хэмээсэн нэхэл хатуу дагалаа. Хаврын чуулган эхэлж байхад хамаг ажлаа ууланд даатгахаар явсан Засгийн газрын тэргүүнийг өмөөрөх хүн гарсангүй. Харин ч сүүл рүүгээ “Шүтээн уул хүлээж авахгүй гэсэн хүнээ авдаггүй юм гэсэн, ер нь цаадах чинь оройд нь гарсан юм уу? Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Н.Энхбаяр яалаа, Отгонтэнгэр хайрханд мөргөхөөр очиход нь битүү үүл гараад хаачихсан гэнэ лээ” хэмээн хадуурав. Эцэст нь Ерөнхий сайдын далан дагалдагч тус бүр 250 мянган төгрөг гаргаж, Онцгой байдлынхны хөлсөлсөн нисдэг тэрэгний шатахууны мөнгийг төлөн улсыг хохиролгүй болгохоор шийдсэн билээ. Энэ зэргийн дуулиантай аяллын төлөө 250 мянган төгрөг төлөх ч юу байсан юм.

Гэвч ууланд ганц нэгээрээ яваад чононд бариулсан, осгож үхсэн нэгнийхээ тухай Онцгойгийн мэдээг өдөр болгон сонсоод дасал болчихсон монголчуудын хувьд 70 хүн нэг дор төөрнө гэдгийг нэг л сайн итгэж өгөхгүй, санаанд буухгүй байх нь аргагүй. Нийтлэлч Баабар нэг удаа бичиж байсан даа, “спикерийн хоёр тоодгор” гэж. Харин Н.Алтанхуягийг дагасан тоодгорууд хоёр биш, хориулаа ч биш, бүр далын далуулаа байсан нь хүмүүсийг гайхлыг төрүүлсэн хэрэг. Тэдгээр дагалдагсдынх нь нэр усыг шүүгээд үзвэл олон нийтэд хүртээлтэй нэг ч амьтан байхгүй. ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх хоёроос бусад нь. Сонгуулийн дараа энд тэндхийн агентлагт хүчээр чихэгдэж, ажил албатай болсон хэдэн “мангар бацаанууд” л даргынхаа нүдэнд торж харагдах гэж тэр аяллыг зохион байгуулсан юм шиг байгаа юм. Тэдний нэг нь бүр адармаатай аяллынхаа тухай ярихдаа “Шөнө болж харанхуй нөмрөөд хөлдөж үхдэгийн даваан дээр даргын биеэс гэнэт гэрэл гараад биднийг дулаацуулсан” гэж ирээд ярьсан гэнэ. Үнэхээр өлсөж даараад ухаан мэдрэлээ алдахын цагттаа хий юм харсан уу, эсвэл Н.Алтанхуяг гэдэг хүнийг биенээсээ гэрэл хүртэл гаргадаг эгэлгүй хүн хэмээн итгэж үнэмших хүртлээ нүд нь сохорчихсон хэрэг үү, мэдэхгүй л дээ.

Ер нь бол хүчтэй, эрх мэдэлтэй хүнийг тойрсон ийм нэг долдой нар хаа сайгүй тэнэж л явдаг юм. Тэдний “дарга аа, дарга аа” гэсэн эцэс төгсгөлгүй бялдуучлал, зулгуйдал баргийн хүний нүдийг хааж, бодит ертөнцөөс холдуулдаг гэмтэй. Н.Энхбаяр яалаа даа. Нэг үе түүнийг “Үндэсний их удирдагч” “Number one” хэмээх өргөмжлөх улс төрийн бүхэл бүтэн нам хүртэл байсан юм шүү, өнөөдөр л Н.Энхбаяраас муухай хүнгүй болчихсоноос биш. Гэтэл хөөрхий нөгөө хүн яав, одоо хэр нь тэр долдойнуудынхаа бүтээж өгсөн дүрээс гарч чадахгүй, эрүүл галзуугийн хооронд шоронд шаналж байна.


Б.ЗАЯА

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №007

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж