Шударга бус байдлыг тогтолцоо хамгаалж байна гэв

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Шударга бус байдлыг тогтолцоо хамгаалж байна гэв

“Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” үндэсний  чуулганы “Шүүхийн бие даасан байдал” сэдэвт нэгдүгээр салбар хуралдаан хуралдаж өндөрлөв.

Уг салбар хуралдаанаар яригдсан гол сэдэв шүүгч нарын хариуцлагагүй байдал, алдаа дутагдлын тухай байсан бөгөөд санал хэлсэн төлөөлөгчдийн олонх нь ийм шүүмжлэлийг хэлж байв. Тухайлбал, шүүгч нар хүнийг дугаарлаж харьцдаг. Хүн гэдэг утгаар бус мөнгө зүс хардаг. Шүүх хуралдаанд орж ирэхдээ хэргийн материалыг уншаагүй байдаг. Шүүх хуралдаанд мэтгэлцээний зарчим хангагддаггүй. Шүүгч хуралдаанд орж ирэхдээ шийтгэх тогтоолоо хийчихсэн бариад орж ирдэг. Цагааныг хар болгох, харыг цагаан болгож хувийн сонирхлоор иргэдийг хохироох нь бий гэх зэрэг нийтлэг шүүмж гарч байлаа.

Түүнчлэн орон нутгийн шүүхэд гаднаас нөлөөлөх зүйл ихтэй. Хэн нэгэн албан тушаалтны гарын үсэгтэй бичиг шүүхийн шийдвэрт нөлөөлж байна.  Анхан шатны шүүх нь чадвар муутай тул ихэнх хэрэгт давж заалдах шатны шүүхэд ханддаг. Иймд анхан шатны шүүхэд анхаарлаа хандуулья. Мөн нэг шүүгчид хэт олон хэрэг ногдож байгаа нь шударга шийдвэр гарахад сөргөөр нөлөөлж байгаа. Өмгөөлөгч нарын хариуцлагыг дээшлүүлэхгүй бол олон хүний амьдралаар тоглож байна. Хуулийн сургуульд өмгөөлөгчийн мэргэжлийн ангитай болох шаардлагатай. Бүтцийг сайжруулна гэж хорин жил ярьлаа. Одоо үйл ажиллагааг сайжруулах болсон гэх саналууд ч гарлаа. Хуралдаанаас гарсан саналуудад “шударга бус байдлыг тогтолцоо хамгаалж байна” гэх утга давхардаж байсан бөгөөд усны ундаргад нь анхааралгүй салаа мөчрүүд дээр нь ярилцах нь үр дүнд хүргэхгүй хэмээж байв. Энэ салбар хуралдааны үндсэн оролцогчоор Хуульч Б.Чимид нарын хүмүүс оролцсон бөгөөд Шүүхийн бие даасан байдлыг хангах тухай багц хуулийг боловсруулснаа санал болгож, хуралдаанд оролцогчдоос санал авсан байна.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж