Уул уурхайнхаа “ууцыг хугалсан” сайд

Хуучирсан мэдээ: 2013.04.15-нд нийтлэгдсэн

Уул уурхайнхаа “ууцыг хугалсан” сайд

Монголын үндэсний ком­­­­­паниудаас анх удаа олон улсын зах зээл дээр хувь­цаагаа гаргаж, амжилттай явсан “Энержи ресурс” ком­­пани Ухаа худгийн орд дээр ажиллаж байсан бүх ажилчдаа ирэх зургадугаар сарын 15 хүртэл цалингүй ам­рааж, Улаанбаатар дахь оффисууддаа цомхотгол хий­­­­­гээд эхэлчихлээ. Шивээ­­­­хүрэн­гийн боомт дээр 30 сая тонн нүүрс бор­луу­­лалт­­­­гүй хураалттай бай­на. Оюутолгойн орд үйл ажиллагаагаа зогсоосноос болж тэнд ханган нийлүүлэлт хий­­дэг үндэсний компаниуд бүгд ажилгүй болов. Өрөмд­лөгийн 400 гаруй компани сул зогсчээ…

Энэ бол дөнгөж хөгжиж эхэлж байсан Монголын уул уурхайн салбарт бий болсон уналт, энэ салбарт явуулж буй харалган бодлогын үр дүнгийн зөвхөн эхлэл нь. Тэнд ажилгүй зогсч байгаа ажилчин нэг бүрийн цаана 4-5 ам бүлтэй монгол айл өрхүүд бий. Энэ хэмжээгээр монголчууд ядуурч, орлогогүй болж байна.

2011 оны эцсээр 18 хувь хүрч байсан эдийн засгийн өсөлт жилийн дотор 10 хувь руу унажээ. Өнгөрсөн онд Монголд хийгдсэн гадаад, дотоодын хувийн хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх оныхоос 40 гаруй хувиар буурсныг Ерөнхийлөгч хав­рын чуулганы нээлт дээр цохлоо. Гэтэл эдийн засгийн үсрэнгүй өсөлт, ажлын байр нэмэгдүүлэхийг аманд багтахгүйгээр амлаж гарч ирсэн Шинэчлэлийн Засгийн газар, тэнд ажиллаж буй сайд нар салбарынхаа ажлыг өөд татах биш харин ч гай чирж, жинхэнэ утгаараа “төрийн албыг төрлийг алба” болгож байна. Түүний нэг жишээ нь Уул уурхайн сайд Д.Ганхуягийн өөрийгөө той­руул­­­­сан хачин жигтэй томилгоонууд.

Угаасаа ч Ашигт малт­малын газрын Кадастрын албаны даргаар кадасрын зураг унших хэмжээний мэдлэгтэй хүн сүүлийн арван жилд очоогүй юм гэнэ лээ. Гэхдээ л энэ удаа Д.Ганхуяг сайдын томилсон шиг “хуушуур хайрч” явсан нөхдүүд цойлж байсан удаагүй. Уул уурхайгаас тэс хөндлөн эмч мэргэжилтэй н.Чинбаатарын ингэж од шүүрсэн шалтгаан нь ердөө л Д.Ганхуяг сайдын хувийн ”Бридж” группийн харьяа “Секитей” хэмээх япон хоолны сүлжээг ажиллуулж, “Everyday” их дэлгүүрийн сүлжээг нь удирдаж явсных.

Энэ томилгооноос үзвэл уул уурхайн салбарыг хөгжүүлэх нь “хуушуур хайрах”-аас нэг их ялгаагүй зүйл бололтой.

Түүний хийсэн бас нэг “гай дагуулсан” томилгоо нь тус яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй Р.Жигжид. Сайдтайгаа адил физикч мэргэжилтэй,  Япон улсад нэхмэлийн дээд сургууль төгссөн тэрээр идэвхтэй амьдралынхаа ихэнх хугацааг дипломат албанд зүтгэж өнгөрөөсөн хүн. 1996 оноос хойш Япон дахь Монгол Улсын ЭСЯ-нд ажилласан тэр хүн ямархуу сэжмээр сайдтай холбогдсон нь ч тодорхой. Д.Ганхуягийн хийдэг бүх бизнес Японтой холбоотой байдаг юм чинь.

Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсоныхон дараа мань хүн Японд очоод “Рио Тинто Оюутолгойгоос гарах гэж байгаа. Танайх Оюутолгой дээр орох уу” хэмээн асуусан байна. Гэвч япончууд манайхныг бодох юм бол олон улсын гэрээ хэлэлцээр гэж юу байдгийг гадарладаг, түүнд хүндэтгэлтэй ханддаг учраас нүд нь орой дээрээ гарчихсан амьтад гэрээний нөгөө тал болох Рио Тинто дээр очоод “Танайх Оюутолгойгоос гарах гэж байгаа нь үнэн үү” хэмээн асууснаар хэрэг манджээ. Үр дүнд нь арай гэж амь орж байсан уул уурхайн салбар уналтад орж, Монгол Улс хөрөнгө оруулагчдын өмнө “итгэж үл болох этгээд” болон харагдаж, улсын төсвийн орлого тасалдаж эхэллээ.

Өмнөх дөрвөн жилд УИХ-д суухдаа ард түмний нэрийг хамгийн их барьсан, хамгийн их хайр зарласан хүний нэг нь одоогийн Уул уурхайн сайд Д.Ганхуяг. Гэтэл хэлэх биш хийхдээ тулаад ирэхээр хайр зарлаж байсан хүмүүс нь гай тарьж эхэлдэг юм байна. Оюутолгойн ордын үйл ажиллагаа зогссон, “Чалко”-д нийлүүлж байсан нүүрсний нийлүүлэлт зогссон гээд уул уурхайн салбарт бий болсон уналтыг салбарын сайдынх нь үг, үйлдэлтэй холбож үзэхээс өөр аргагүй. Товчхондоо Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн “Монголын төр баялаг бүтээгчдийнхээ эсрэг” ажиллаж эхэллээ. Хэрвээ Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газрын цорын ганц зорилго нь энэ биш л юм бол Ерөнхий сайд ард түмнийхээ амин зуулгыг үг, үйлдлээрээ устгаж, уул уурхайн салбарын “ууцыг хугалж” яваа энэ мэт сайд нартайгаа хариуцлага тооцохоос өөр аргагүй болох нь. Хэдийгээр УИХ дахь сөрөг хүчний зүгээс Ерөнхий сайдыг огцруулахаар тавьсан энэ удаагийн шаардлагыг өнгөрөгч ням гаригт болсон нөхөн сонгуульд зориулсан улс төрийн акц, сөрөг пиар талаас нь харж болох ч хожмоо асуудал жинхэнээсээ босч ирэхэд хүрвэл тэр нь уул уурхайн салбарын уналт, Д.Ганхуяг сайдын үг, үйлдэл дээр түшиглэж мэдэх л юм.

Бидний мэдэж байгаачлан Д.Ганхуяг сайдын хувьд өөрөө ноолуурын бизнес хийдэг хүн. Сайдын зөвлөхөөр ажиллаж буй Ч.Түмэнбаяр ч гэсэн “Гоёо” компанийг удирдаж, Ноос ноолуурын холбоог тэргүүлж байсан гээд хөнгөн үйлдвэрийн хүн гээд тоочоод байвал түүний эргэн тойронд уул уурхай мэддэг нэг ч хүн алга. Хэдийгээр уул уурхайгаас тэс хөндлөн мэргэжилтэй хүнийг салбарын сайдаар томилсныг эрх барьж байгаа намын фракциуддаа хуваасан томилгоо хэмээн үзэж “улс төрийн” өнцгөөс ойлгож болох ч сайдын хийж байгаа “стандарт бус” томилгоонууд энэ салбарыг муу дээр муухай, муухай дээр улцан гэдэг л болгож байна.

Тэртэй тэргүй шинэ Засгийн газар томилогдсоны дараа хөрөнгө оруулагчдын Ерөнхий сайдаас асуусан эхний асуулт нь “УИХ-д байхдаа Оюутолгойн гэрээг улайран эсэргүүцэж байсан хүмүүс Засгийн газарт чинь орсон байна. Ийм нөхцөлд Шинэчлэлийн Засгийн газар хөрөнгө оруулагчдад нээлттэй бодлого барьж чадах уу?” гэдэг асуулт байсан. Зуудаг нохойгоо сул тавьчихаад зочин урина гэж юу байх вэ дээ.

Б.ЗАЯА

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №007

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж