
Урин дулаан цагт барилгын ажил эхэлж, харин бүх шатны сургуулийн хонхны баяр болдог уламжлалтай. Энэ үеэс урд хөршийг зорьсон ганзагын наймаачдын ажил ид өрнөж, Замын-Үүдийн галт тэрэгний ачаалал ихэсдэг. Хавар бүрт л энэ чиглэлийн галт тэрэгний билет ховордож, шаганд орох нь хэвийн үзэгдэл болсон. Сүүлийн үед Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлд явж буй галт тэргэнд зорчих иргэдийн тоо байх ёстой хэмжээнээсээ давжээ. Бүр иргэд зорчих тасалбар авч чадахгүйд хүрч, товлосон өдрөө явж чадахгүй тохиолдол цөөнгүй гарч байгаа гэнэ. Үүнийг далимдуулан хэсэг хүн билет шаглаж тасалбарын үнийг хоёр дахин нэмж зарж байгаа мэдээлэл байна. Тодруулбал, шагийн билет 20 мянган төгрөгт хүрчээ.
Тиймээс УБТЗ-ын удирдлагууд зохицуулалт хийж, Улаанбаатраас-Замын-Үүд чиглэл явж байгаа галт тэргэнд хоёр вагон нэмсэн байна. Мөн тасалбар түгээх ажилтныг 06.00-20.00 цагийн хуваариар уртасгасан цагаар ажиллуулах болжээ.
Энэ дашрамд барилгын улирал эхэлж байгаатай холбогдуулан ачаа эргэлт нэмэгдэж, Замын-Үүдийн боомт ачааллаа дийлэхгүй байх нөхцөл байдал үүсч болзошгүйг Монголбанк зөвлөснийг дуулгая. Улмаар импортын барааны үнэ хөөрдөгдөж, инфляцид нөлөөлж магадгүй гэсэн таамгийг тэд дэвшүүлж, холбогдох албаныхныг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг сануулж байсан юм.
Б.СҮРЭН