Н.Энхбаяраас илгээсэн ил заналхийлэл

Хуучирсан мэдээ: 2013.04.13-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяраас илгээсэн ил заналхийлэл

Албан тушаалаа урвуулан ашиглаж өмч
хөрөнгө завшсан хэргээр хоёрдугаар эмнэлэгт ял “эдлэж” байгаа Н.Энхбаяр
баривчлагдсаны нэг жилийн ой болж байгааг “Үнэн” сонин болон өдөр тутмын
цахим сайтуудаар хэвлэгдсэн “МАХН-ын гишүүд болон Монголын ард түмэнд”
гэсэн гарчигтай МАХН-ын ил захидлаас мэдлээ.

Авлигын загалмайлсан эцэг гэгдэж байсан Н.Энхбаяр өнгөрсөн жилийн өдийд
дуулиан шуугиантайгаар баривчлагдаж байснаас хойш эрх баригчдыг нэг ч
өдөр амсхийлгэсэнгүй. Уг ил захидал дэндүү сүржин бичигджээ. Төгсгөлд нь
“… Н.Энхбаяр гэдэг МАХН, Н.Энхбаяр гэдэг Монгол Улс гэдгийг та бид
төдийгүй даян дэлхий мэднэ. Хамтдаа тэмцэж Ерөнхийлөгчөө аварцгаая…”
гэсэн байх юм. Н.Энхбаяр МАХН, МАХН Н.Энхбаярын гэр бүлийнх гэдэг нь
үнэн байх л даа. Харин Н.Энхбаяр Монгол Улс гэдэг нь арай ч хэтэрчээ.
Тэгээд үүнийг нь даян дэлхий мэддэг нь юучив дээ. Мөн “… Түүнийг
сулуулахын төлөө Монголын хоёр сая долоон зуун мянган хүн нойр хугасалж,
өр нь өмөрч суугаа гэдэгт хэн хүнгүй итгэж байна. Зөвхөн энэ аугаа
хүний нэрээр МАХН дахин сэргэлтээ олж, Улсын Их Хурлын ээлжит сонгуульд
бахдам амжилт үзүүлсэн билээ.

Үүний үр шимийг намын маань гишүүд
дэмжигчид хүртэж байгаа төдийгүй монголын ард түмэн ч бие сэтгэлээрээ
мэдэрч байгаа гэдэгт итгэж байна….” гэсэн байх юм. Нийт Монголчууд
Н.Энхбаярын буяныг эдлэж байгаа үгүйгээ өөрсдөө сайн мэдэх ёстой.
Түүнээс биш МАХН нийт ард түмэнд буян өгөөжөө хайрлаж, бие сэтгэлд нь
мэдрүүлж байгаа нь юу л бол.

Эдгээр үгс ч яахав нэг хүнийг тахин
шүтэх үзэлд автаж, эзэндээ үнэнч байгаагаа харуулах гэсэн арга ядсан
зуйрган санаа байх. Хамгийн гол нь МАХН-аас улс Монголынхоо нэрийг
баллах зүй бус олон хор найруулах агаад үүндээ ард түмнийг татан
оролцуулах ужид санаа агуулжээ. Уг захидлаас харахад “усны” хэмээх
Батбаяр, Ангараг гэгч нөхөр хоёр Украйн явж Тимошенкогийн хэлмэгдсэн
тухай кино хийх аж. Үүнээс гадна хоёр ч кино хийгдэж байгаа бололтой.
МАХН-ын хуулийн зөвлөх Раднаасэд нарын хүмүүс өнгөрөгч Ерөнхийлөгчийн
сонгууль хууль бус болсон гэж харагдуулах кино хийж байгаа бол МАХН-ын
ажлын албаны дарга Нанжидаар толгойлуулсан хүмүүс баривчилагааны тухай
мөн л кино хийж байгаа гэнэ. Эндээс харахад МАХН “молливиуд” болсон
бололтой.

Сүүлийн үед МАХН, МАН хоёр нэгдэх, эс
бөгөөс ирэх сонгуульд хамтарч оролцох талаар яриа хэлэлцээр өрнүүлж
байгаа нь ажил хэрэг болж эхэлжээ. Уг захидалд “… Үүнээс гадна МАХН-ын
ажлын албаны дарга Нанжид, МАН-ын хэвлэлийн албаныхан хамтран хотын мэр
Э.Бат-Үүлийн хууль бус үйл ажиллагааны эсрэг өргөн хүрээтэй кампанит
ажил зохион байгуулагдах гэж байна…” Үнэхээр ч нийслэлийн иргэдийн
төлөөлөгчдийн хуралд суудаг МАН-ынхан Э.Бат-Үүлийн нэр хүндийг гутаах
ажлыг чадмаг зохион байгуулж байгаа төдийгүй ажлын албаных нь зарим
хүмүүсийг огцруулах асуудлыг ч зохион байгуулсныг хэн хүнгүй мэднэ.
МАХН-ынхан харь гаригийнхан биш, монгол хүмүүс учраас дотооддоо
эвдрэлцээд эхэлсэн бололтой. Тухайлбал “… Үүний зэрэгцээ Н.Энхбаярын
хайр ивээл, нэр төрөөр өндөр албан тушаалд хүрсэн зарим хүмүүс түүнийг
суллах ажилд хойрго хандаж байгаа нь харамсалтай. Тухайлбал УИХ-ын
чуулганыг хаяж гарахад үлдэж хоцорсон Ч.Улаан, эрх баригчдын хүлээсэнд
ороод байгаа Н.Удвал, орь залуугаараа энэ аугаа хүний нэр нүүрээр өндөр
албан тушаалд хүрсэн дэд сайд Эрдэнэжамъян нар албан тушаалаа алдахаас
айн биеэ оторлож суугаа нь огиудас хүргэж байна.

Энэ бүхэнтэй манай иргэний хөдөлгөөний
нэрт зүтгэлтэн Баярхүүгээр ахлуулсан хүмүүс цаг үргэлж тэмцэж байгаа
гэдгийг дуулгахад таатай байна…” гэжээ. Мөн УИХ-ын гишүүн
Ц.Оюунбаатарт Н.Энхбаярын хэргээр ажлын хэсэг байгуулахыг үүрэгдсэн
боловч биелүүлэхгүй байгаад нь эзэн ихэд уурсаж байгаа гэнэ. Тус намаас
ойрын өдрүүдэд НҮБ болон олон улсын хүний эрхийн байгууллагуудад захидал
бичих хөдөлгөөн өрнүүлэх гэж байгаа нь ойлгогдож байна. Хамгийн аймаар
нь удахгүй Монголд болох ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн
хуралдааныг үймүүлэхийг уг ил захидалд уриалжээ.

Уг хуралд хүрэлцэн ирэх гадаадын зочид,
төлөөлөгчдөд Монгол Улсыг дарангуйлагч дэглэмтэй, ардчиллаас ухарсан улс
орон хэмээн ойлгуулна гэдгээ ил тод илэрхийлжээ. Нэг хүний эрх ашиг
бүхэл бүтэн улс орны эрх ашигтай дүйцэж байгаа нь харамсалтай. Ийм ч
учраас өвгөн би үл тэвчин үзэг цаас нийлүүлсэн нь энэ. Уг нь хоёр сая
долоон зуун мянган хүний эрх ашиг л Монгол Улсын эрх ашиг баймаар. Уг
захидлын бичигч нь “МАХН-ын хэсэг нөхөд” гэсэн байх юм. Хэсэг нөхөд бус
эзэн, түүний аялдан дагалдагсад гэдэг нь ойлгомжтой. МАХН-ыг дэмжиж
байгаа эгэл жирийн гишүүд мэдээж хэрэг улс монголынхоо нэрээр дэнчин
тавихгүй байх. Тэгэхээр хэсэг нөхөд гэдэг нь үнэн.

Н.Энхбаяр баривчлагдаад нэг жил болоо л
биз. Ямар хүн төрөлхтөнийг мөхлийн аюулаас авраад нэг жил болж байгаа
биш дээ. Ямартаа ч Монголын ард түмэн эдгээр ухвар мөчид хүмүүсийн үгэнд
автан улс монголынхоо нэрийг хөөдөхгүй гэдэгт итгэж байна.

Ш.ДОРЖСҮРЭН /ахмад багш, МАХН-ын 1975 оны,
МАН-ын 2011 оны гишүүн/

Эх сурвалж: www.CHUHAL.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж