Эдийн засаг “хэвтэрт” орлоо, эрх баригчид аа!

Хуучирсан мэдээ: 2013.04.12-нд нийтлэгдсэн

Эдийн засаг “хэвтэрт” орлоо, эрх баригчид аа!

MCS компанийн эзэмшдэг Ухаахудагийн уурхай өчигдрөөс эхлэн олборлолтоо зогсоож, 0 зогсолт зарласан байна. Тус компани нь Тавантолгойн ордын 4 хувь гэгддэг Ухаахудагт нүүрсний олборлолт явуулдаг, үүнийгээ түшиглэн олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжсан, Монголдоо хамгийн амжилттай яваа компанид зүй ёсоор тооцогддог. Гэтэл тэдний хувьд байдал хүндэрч, үйл ажиллагаагаа ийнхүү зогсоожээ. Энэ бол Монголын экспортын 43 хувийг бүрдүүлж байгаа нүүрсний борлуулалт 0 зогссоныг нотлох үйл явдал юм.

Монголын нүүрс, төмрийн хүдэр хоёрын гол хэрэглэгч нь Хятадын гангийн үйлдвэрүүд юм. Харин энэ хоёр түүхий эд Монголын нийт экспортын 60-аад хувь, төсвийн орлогын 50 орчим хувийг бүрдүүлдэг, стратегийн нөлөөтэй бүтээгдэхүүнүүд. Даанч “Стратегийн орд” гэдэг ойлголтыг хуульчилсан Монголын улстөрчид “стратегийн” гэдгийг төрийн буюу улстөрийн оролцоотой, цаашилбал эрх мэдэл авсан намынхныг санхүүжүүлэх эх үүсвэр гэж ойлгодог.

Төмрийн хүдэр, нүүрсний борлуулалт 0 зогсоно гэдэг нь Монголын гадаад худалдаа, төсвийн орлогод маш том цохилт ирлээ гэсэн үг юм. Үүнтэй зэрэгцээд дэлхийн зах зээлд алт, зэсийн үнэ унаж байгаа болон Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалт эрс буурсан зэрэг хүчин зүйлийн нөлөөлөл Монголын жижигхэн эдийн засгийг хэвтэрт оруулах гэж байна.

Төсвийн орлогын эх үүсвэр тэнд хаагдаж байхад УИХ-ын гишүүд нь энд популизм сэтгэж, зарим нь “Олуулаа” болох халамжийн хуулийн төсөл өргөн барьж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмж байна. Төсвийн зарлага хэлбэрээр хэрэгжих аливаа арга хэмжээ, хөтөлбөр бүхэн зорилго нь хэдий сайхан байлаа ч халамжийн хэлбэрт тооцогддог. Төсвийн зарлага талаас илүү хувиар унах аюулын харанга цохиж байхад зарлагаа яаж бууруулах вэ, орлогоо яаж нэмэх вэ гэдэг түргэн тусламжийн жор боловсруулж байх учиртай УИХ, Засгийн газар юу хийж байна вэ?

Эмэгтэй гишүүдийн зарим нь эхчүүдэд тэтгэлэг өгөх "Олуулаа" хууль санаачилж, өргөн барихаар зэхэж байгаа нь цагаа олоогүй “мэргэн санаа” гэсгээд орхиё. Гэтэл барилгын салбар уналтад орж, цемент, арматур авах хүнгүй болчихоод байж байхад Барилгын сайд нь цемент, арматурын үйлдвэрлэлд 240 тэрбум төгрөг зарцуулах талаар ТВ-ээр яриад зогсч байгааг бодлого гэж хэлэх ёстой юу? Ерөнхий сайдын ууланд авирсан, цасанд боогдсон энэ тэрээс эхлээд дээрх мэт алхмуудаас харахад хаана, хэзээ юу хийх ёстойгоо ойлгоогүй улстөрчид энэ улс орныг удирдаж байгаа бололтой.

Орлого хаагдаж байхад дараа дараагийн зарлагаа төлөвлөөд сууж байгаа бодлого тодорхойлогчид, шийдвэр гаргагчид маргааш Засгийн газрын хуралдаантай. Энэ хурлаар эдийн засагт үүссэн нөхцөл байдлыг хэлэлцэж, яаралтай арга хэмжээ төлөвлөж чадах уу?

Ажил хийх биш ажил хийх тухайгаа ярьсаар байгаад бараг жилийн нүүр үзэж  байгаа Засгийн газрыг “ингэх гээд байсан юм аа” гэдэг шиг л хямралын шинж тэмдгүүд хатгаж эхэллээ. Хүнээр жишээлбэл, даралт нь хэлбэлзэх, толгой эргэх гэх мэт өвчлөлийн шинж тэмдгүүд ажиглагдаад эхэлбэл эмчид очдог. Тэгвэл эдийн засагт яг ийм шинж тэмдгүүд нэлээн эртнээс, наашлуулж хэлбэл бонд босгож байх үеэс илэрч эхэлсэн. Одоо эмчийн жор үгүйлэх хэмжээнд хүртлээ хүндэрч байна.  

Энэ долоо хоногийн эхээр Ерөнхий сайд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг өндөр такстай оройн зоогонд урьж уулзжээ. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид улаан хивс дэвссэн арга хэмжээнд урилгаар очоод ундууцаж гарчээ. Учир нь аль хэдийнэ хямраад эхэлсэн тэдэнд улаан хивсний ёслол энэ тэр шиг илүү маяг ёстой сонин биш. Тэдний зүгээс Ерөнхий сайд Н.Алтанхуягт өгсөн ерөнхий зөвлөгөө бол “Юуны өмнө томуудыгаа анхаараач ээ. Тэд хөл дээрээ босчихвол бид өндийх гээд байна” гэдэг ганцхан мессеж. 2013 оноос үйлдвэрлэл нь эхэлнэ гэж тооцоолж байсан Оюутолгойн үйлдвэрт энэ жил 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэхээр төлөвлөөд байсны 2 тэрбум нь өмнөх хөрөнгө оруулалтын зээлийг барагдуулахад, нэг тэрбум нь техник тоног төхөөрөмж худалдан авахад, нөгөө тэрбум нь яг бэлэн мөнгө хэлбэрээр Монголын эдийн засагт орж ирэх байлаа. Одоогийн байдлаар хөрөнгө оруулагч хоёр тал үл ойлголцолд орчихоод хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл таг зогсчихоод байна. Энд хүрээд гацчихсан эргэлтийг дагаад Монголын олон компанийн бизнест цус гүйж эхлэх юм. Мөн Ухаахудагаас эхлээд Тавантолгой, түүнчлэн нүүрс олборлогч нийт 29 компанийн ажил зогсч байгаагийн ард олон зуун хүн ажлын байраа алдаж, аягүй бол орон сууц лизингдсэн банкны зээлээ төлж чадахгүйд хүрч байгаа. Банк зээлээ төлүүлж чадахгүй бол хямарна…. гэх мэтээр ар араасаа хөврөхөд бэлэн олон бэрхшээл Монголын эдийн засгийг хямрахаар шуухинаж байна.

Энэ байдалд зөвхөн өнөөгийн эрх баригчид буруутай гэвэл эндүүрэл. Нэлээд хэдэн жилийн өмнөөс эхэлсэн эдийн засгийн хөөсрөлд мансуурсан өмнөх Засгийн газрууд, гадаад, дотоод хүчин зүйл гээд олон зүйл энд хамаатай. Гэхдээ ниргэсэн хойно нь хашхирч, буруутан хайх  цаг нь одоо л лав биш шүү.

Харин одоохондоо “ломбардаас зээлсэн” мөнгөөр түр зууртаа тэжээгдэж байгаа эдийн засгаа эрүүлжүүлэх, эрчимт эмчилгээгээ боловсруулъя, эрх баригчид аа!

Нэг үгээр бол ажлаа хийцгээ. Жам ёсоороо яваа эдийн засгийг зохицуулах гэсэн элдэв санаачилгаа түр орхиод бизнес эрхлэгчдэд хийх ажлыг нь үлдээ. Харин өөрсдийнхөө хийх ёстой жинхэнэ ажлаа одоо барьж авах цаг болсон байна. Тухайлбал, хойд урд хоёр хөрштэйгээ ойлголцох, хэлэлцэх асуудлуудаа нэн түрүүнд барьж аваач гэж зөвлөх байна. Төр засгийг төлөөлөн хэлэлцээр хийх ёстой хэд хэдэн асуудал, үүн дотор Оюутолгойн хэлэлцээр, Чалкогийн гэрээ, төмөр замын асуудал та бүхнээс хамааралтайгээр гацчихаад байна. Арга ядахад Хятадуудаас очоод “манай нүүрс, төмрийн хүдрийг худалдаж аваач” гээд гуй л даа. Үнэндээ манай экспортод гаргаж байгаа нүүрс, төмрийн хүдэр бидэндээ л стратегийн нөлөөлөл үзүүлж, хямраагаад байгаа болохоос биш Хятадын нэг гангийн үйлдвэрийн жилийн хэрэгцээний хэдхэн хувь нь л байгаа шүү дээ. Улс төрийн харилцаа, стратегийн түншлэлээ бодоод Хятадууд зөвшөөрөх ч байх. Гэхдээ үүний хариуд улстөрийн утга агуулгатай олон болзол тавих биз. Тэр бүхнийг хэлэлцэн шийдвэрлэх нь та бүхний ажил, үүрэг шүү дээ. 

З.БОРГИЛМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж