Монгол төрийн “нялх Сэнгүм”-үүд

Хуучирсан мэдээ: 2013.04.12-нд нийтлэгдсэн

Монгол төрийн “нялх Сэнгүм”-үүд

Ерөнхий сайдын зөвлөх Б.Ган-Очир Бурхан Халдун уулнаа хэрхэн төөрч будилсан талаараа саяхан сонинд ярилцлага өгчээ. Тэрбээр байгалийн амьтан гэдгээ тэнд л анх мэдэрсэн гэнэ. Түүнээс өмнө Б.Ган-Очир зөвлөх уул хараагүй, ус үзээгүй нэгэн бололтой. Ууланд авирахаар явахдаа далын далан хүн дотор хүнс хоолоо бэлдсэн нэг ч хүн байгаагүй бололтой юм. Хоёр жижиг хэвийн боов, ганц алимыг 18-лаа хуваан идэж суухдаа хэнд найдаж хоосон богц үүрч гарснаа бодолцож нэг үзсэн болов уу. Хэнтийнхэн мэдээж, хамаг байдгаа л тэдэнд барьсан байж таарна. Бодож гарвал идэж хүрнэ гэсэн өвгөдийн үг төрийн “том”-чуудад огт хамаардаггүй бололтой. Тэднийг улс цалинжуулна, хооллож дайлна. Байгаль аашаа гаргавал ямархан ширүүн болохыг малчид маань байгалийн эрхшээлийг хэрхэн туулж ирсэн талаар эрхэм зөвлөх нэг ч үг унагасангүй. Харин ууланд ганц хонохдоо Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа тэр хоёр эхнэрээ учиргүй санаснаа уянгын халилтай өгүүлжээ. Аргагүй л жижиг тугалын бэлчих бэлчээрээс холдоогүй нэгэн гэдгээ үг, өгүүлбэр болгоноороо илэрхийлжээ. Одоогоос жилийн өмнө Хан Хэнтийн ууланд долоо хоносон арван настай хүү ч аав ээжийгээ санасан тухай өгүүлээгүй байтал Ерөнхий сайдын зөвлөх ганц хонохдоо гэргийгээ аюултай санасан байх юм. Гэрээс гарч гэдэс алдаж үзээгүй, борчуудын туулж буй амьдралыг кино мэт ойлгодог зөвлөх “Оргил өөд” олонтаа авирч байсан, эгэл амьдралыг хүүхэд ахуйгаасаа мэдэрсэн Ерөнхий сайдад  /энэ тухайгаа “Оргил өөд” номондоо бичсэн/ чухам ямархан зөвлөгөө өгдөг юм бол доо.

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа нэгэн өвчтөнийг гэрт нь эргэж очоод телевизээр “Олон улсын практикт мэс заслын үед хэрэглэсэн марлиа /самбайг/ хагалгааны дараа тоолдог юм билээ. Хэрэв ингэсэн бол хаанаас энэ эмэгтэй ийм байдалд орох вэ” хэмээн өгүүлж байх юм. Гэтэл тэр хагалгааны үеэр марль тоолох практик нь манайд хэзээний нэвтэрсэн төдийгүй хагалгааны эмч сувилагч нарын толгойн өвчин болсон зүйл гэдгийг эмч дүүтэй би хүртэл мэдэх юм. Тэд түүнийгээ шаариг гэж нэрлэдэг бөгөөд дүү маань “Нэг шаариг олдохгүй хайсаар хагалгаа удаан үргэлжиллээ” гэсээр ирдэгсэн. Уламжлалт эмнэлгээр суралцагсдад хагалгааны талаарх хичээл ордоггүй байж болох ч дэд сайд хүний хувьд тухайн салбарынхаа эд эс бүхнийг судалдаг жаягийг харин тогтоомоор юм. Ж.Амарсанаа сайд маань элэгний эмгэгийг судалж суухдаа элэгний хагалгаанд ганц удаа орсон бол халуун амины төлөөх тэмцэл дунд алдаа гаргасан эмчээ буруутгасан үгийг тийм ч бардам хэлэхгүй л байсан болов уу.

Хаан төрийн долоон эрдэнэнийн тавдугаарт “Түшмэл эрдэнэ” ордог. Түшмэл эрдэнэ нь хаандаа үнэнч байхын дээр доодсыг дээрэлхэхгүй, дээдсийг хуурахгүйгээр номын дагуу ажиллах учиртайг эртний сударт өгүүлсэн нь бий. Гэтэл манайхан төрийн албыг залгуулах түшмэл цолтнуудаа сонгохдоо ганцхан эхний ишлэлийг л илүүд үздэг болжээ. Тиймээс ч өөрт нь үнэнч байвал мэргэжил боловсрол, мэдлэг оюуныг нь харгалзахгүй улсын чухал албанд томилсон жишээг бүх яам, агентлагийн томилгооноос харж болно. Дарга даамлууд нь нэг баг болж ажиллахгүй бол сэтгэл буруутан амжилтыг нь унагаж магад гэж бодъё. Сайдаа огцруулахыг санаархдаг дэд  сайд дэргэд байхад хаширлах нь ч бас аргагүй биз. Тэгвэл эгэл нэгэн төрийн албан хаагчдыг нам, хүчний ялгаагаар халж сольж эхэлснийг хэрхэн тайлбарлах бол. Зөвлөхүүдийн зөвлөгөөг дагасан байх магадлалтай ч энэ бол шалтаг биш, шалтгаан бүр ч биш юм.

Яам, агентлаг төдийгүй УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүртэл гадаад хэлийг төрөлх хэл шигээ мэддэг ч монгол хэлээ гадаад хэл шиг үздэг түшмэд олон байна. Тиймээс ч төрийн албан хаагчдаас монгол хэлний төвшин тогтоох шалгалт авах болсон биз ээ. Гадны орны туршлага, шинэ содон мэдээ мэдээллийг цаг алдалгүй нааш татахад тэдний эрдэм хэрэгтэйг үгүйсгэхгүй. Гэвч албан бичиг төлөвлөх нь бүү хэл анкетаа ч Монголоор бөглөж чадахгүй түшмэдүүдийн дутууг ажлаа 10 хуруу шигээ мэддэг цөөн хэдэн хуучин бурхиуд үүрч явна. Ахлах мэргэжилтэн гэдэг гоё нэр зүүлгээд хамаг ажлаа нуруун дээр чинь аччихаад байгаа талаар яриа, ярилцлага өгөөч гэхээр “Дандаа дарга сайд нарын хамсаатнууд бий. Тэгж ажлаасаа халагдаад яахав. Дуугүйхэн зүтгэж байгаад тэтгэвэртээ гарахыг бодъё” гэж хариулах нь өнөөгийн төрийн албаны өнгө төрхийг илтгэнэ. Тэд ахлахаараа далайлган сайдын дүү, садангийн хүмүүст нь үүрэг даалгавар өгдөг ч хийхгүй гэдгийг нь мэдэж байгаа болохоор өгсөн даалгавраа өөрөө давхар гүйцэтгэсээр иржээ. Төрийн албаны өнгийг цөөхөн жишээгээр цухасхан дүрслэхэд ийм байна. “Нялх Сэнгүм”-ийн үгээр Ван хаан Тоорил ямархан зам туулсныг бид мартах учиргүй.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж