Морин хуураар амилах “Playing love-III”

Хуучирсан мэдээ: 2013.04.12-нд нийтлэгдсэн

Морин хуураар амилах “Playing love-III”

Морин хуурын чуулга шинэ уран бүтээлийн тоглолтоо Монголын болон дэлхийн шилдэг хөгжмөөс найруулан бэлтгэсэн “Playing love-III” нэртэйгээр Соёлын тав өргөөнөө өнөөдөр, маргааш ердөө хоёрхон удаа эгшиглүүлэх гэж байна. Хэдийнээ үзэгчидтэй танил болсон уг цуврал тоглолтын энэ удаагийн хөтөлбөрт монголчуудын сэтгэлд хоногшсон дан хөгжмийн, киноны болон дууны сайхан уран бүтээлүүд багтжээ. Өвөрмөц сэтгэлгээ, зохиомжоор ялгардаг нэрт хөгжмийн зохиолч З.Хангалын бүтээлүүдээс “Гэрлэж амжаагүй явна” киноны хэсгээс, мөн “Суварган цэнхэр уулс” киноны “Хунгийн дуу”-г  нь тэд сонгосон байна. Хөгжмийн зохиолч “сахал” Г.Пүрэвдоржийн “Нандин эрдэнэ”, “Камертон” хамтлагийн ахлагч Д.Болдын бүтээл “Би чамд хайртай-2” киноны хөгжмийг ч энэ үдэш тэд хуурын хоёр чавхдасаар эгшиглүүлэхээр зэхжээ. Мөн Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын зохиол бүтээлээс “Гарын таван хуруу”, “Гарьд магнай”, “Тод магнай”, “Цэц магнай” киноны хөгжмийг шинээр найруулсан бөгөөд өмнө нь хүргэж байснаас “Мандухай цэцэн хатан”-ых нь хөгжмөөс сонордуулах юм байна.

Түүхэн сэдэвт бүтээлийн тухайд хөгжмийн зохиолч, найруулагч Б.Чин­батын “Аравт” киноны хөгжмөөс, мөн төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Шаравын Чингис хааны тухай “Үхэж үл болно” киноны хөгжмийн хэсгээс үзэгч олонд хүргэнэ гэсэн шүү.  

Түүнчлэн, гадаадын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүд тус чуулгын уран бүтээлд томоохон байр эзэлдэг. “Playing love-III”-аараа Оросын хөгжмийн зохиолч Ю.Антоновын “Чамайг даа” хүүхэлдэйн киноны хөгжмөөс сонсгохоор бэлтгэсэн бөгөөд өнөө цагийн алдарт хөгжмийн зохиолчдоос Ханс Зимер, Дэвид Арнолд, Клаус Баделт, Жон Уильямс, Энио Морриконе нарыг сонгосон байна. Тэдний “Карибын тэнгисийн дээрэмчин”, “Гладиатор”, “Жэймс Бонд”, “Гэйшагийн дурсамж”, “Сайн, муу, хэрцгий” зэрэг бүтээлийг хөгжимдөн сонсгох нь ээ. 

Энэ жил тоглох бүтээлүүдийн хөгжмийн найруулга дээр хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, удирдаач Д.Түв­шинсайхан, хөгжимчин Б.Шинэ­баяр, Э.Оюунтуяа, Н.Жигжид­дорж, Баярхүү, Т.Пүрэвсүх нар ажиллажээ. Бидний сайн мэдэх “Чамайг даа” хүүхэлдэйн киноны хөгжмийн найруулгыг төгөлдөр хуурч, хөгжмийн найруулагч Т.Пүрэвсүх сонсч хийжээ. Олон хүний нөр их хөдөлмөрөөр боссон “Playing love-III” тоглолт үзэгч түмний оюунд цэнэг, сэтгэлд гал нэмэн өнөөдөр эгшиглэх гэж байна.

Г.ДАША 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж