
УИХ-ын чуулганы хуралдаанаар Компанийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар асуулгын хариуг сонсч, үүнээс зарим асуудлаар тодруулга авч байна. Гишүүн Ж.Батзандангийн хуулийн хэрэгжилтийн талаарх асуултад Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Хуулийн хэрэгжилттэй холбоотой хэд хэдэн асуулт гарч байна. Хууль зүйн яамнаас хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор хэд хэдэн хуулийн төсөл өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна. Үүний нэг нь Хуулийн тухай хууль. Энэ төслөөр хуулийн хэрэгжилтийг хэн хангах вэ гэдгийг тодорхой болгох байх” гэв. Асуулгын сэдэвтэй холбоотойгоор гишүүн Д.Ганбат “Монголд өнөөдөр хүн бүхэн төрийн алба руу зүтгэж байна. Компани руу, хувийн бизнес хийх тал руугаа явах нь эрсдэлтэй байна. Энэ нь бүх зүйл буруу тийшээ явж буйг харуулж буй хэрэг” гэж дүгнэв. Мөн гишүүн Ц.Оюунбаатар “Монголд хувьцаагаа луйвардуулсан хэчнээн хүн байна. Энэ гомдлын хэчнээнийг хэрхэн шийдвэрлэсэн юм бэ. Хурлаа хийдэггүй, нэрийн төдий компаниудыг нэртэй устай нь гаргаж ирэх хэрэгтэй. Үүнийг яаж шийдвэрлэх юм” гэв. Санхүүгийн зохицуулах хорооноос хариу тайлбар хийхдээ, “Зөрчил дутагдалтай компаниудын бүртгэл нэртэй устайгаа байгаа. Бидний хувьд муу ажиллаж байгаа гэж бодохгүй байна. Харин хийсэн ажлаа олон нийтэд сайн хүргэж чадахгүй байгаа гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэв. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Б.ЭНХМАА