Хотын баруун хэсгийнхэн “Харгиа”
цэвэрлэх байгууламжийн “буян”-аар элдэв үнэрт дасал болчихоод бүгдийнх
нь үнэрлэх мэдрэмж ажиллахаа больчихсон. Зарим хүний ичих булчирхай
ажиллагаагүй болчихсон байдаг шиг. Арга ч үгүй юм, хэчнээн ч жил үнэртэв
дээ. Хотын удирдлагууд маань баруун нийслэлийнхний зовлонг хуваалцахаар
Ханын материал орчимд оффисоо төвхнүүлэх гээд ойрдоо завгүй байна. Болж
дээ. Ингэхэд баруун нийслэлчүүд “балиартаж” ханасан учир одоо зүүн
нийслэлчүүдийн ээлж ирэв бололтой. Хотын зүүн зах Хонхор өртөө,
Баянзүрхийн товчооныхны үнэрлэх эрхтэн сайн ажиллаж байгаа учраас нэг
муу жижигхэн хорооллын өмхий самхай үнэрийг мэдэрчихээд хэл ам татлаад
эхэлчихэж. Сүртэй гэдэг нь. Наран ургах зүгийн хорооллын гурав дөрөвхөн
байрны оршин суугчдын бохир ус юу л шалиа аж. Үнэр нь үсрээд л хоёр
километрийн радиуст эргэлдэнэ биз. Хот зүүн тал руугаа агаар ус сайтай
юм чинь уг нь алзахгүй л дээ. Ургаа модоо тасдуулж дууссан ч гэсэн
Баянзүрх хайрхан байна, урсах усаар маруухан ч гэсэн Туул маань байна,
нийслэлчүүдийн цэвэр усны нөөц газар байна. Эд бүгд нийлээд нэг муу
эвгүй үнэрийг бол арилгачихаж дөнгөнө л дөө. Ямар “Харгиа”-гийн үнэр
байгаа биш. Зүүн аймгуудаас хот руу ирж яваа хөдөөнийхөн, цаашлаад
налайхчууд, наашлаад Улиастай, Ботаник хавийнхан “баашлаад” эхлэх
янзтай. Аягүй бол энэ хорооллын бохирын үнэр урдаасаа салхитай үед
Баянзүрх хайрхныг давж Гачуурт, Хужирбулангийнхныг “сүрдүүлж” л
байгаа. Гэтэл удахгүй “Ургах наран”-гийн маань урд талд тавдугаар
цахилгаан станц босч ч магад болчихлоо. Үгүй ч байж магадгүй шүү. Станц,
цэвэрлэх байгууламж хоёр нь ихэр юм шиг нэг дор байрладаг манай
Улаанбаатарт тэр станцыг дагаад дахиад “Царгиа” нэртэй цэвэрлэх
байгууламж бий болчихвол баруун нийслэлийнхэнтэй адилхан болно. Жилийн
дөрвөн улиралдаа “үнэр”-тэй нийслэл Улаанбаатараас маань өөр хаана
байна.
Б.ОЮУНГЭРЭЛ
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
