
Олон улсын хэвлэлүүдэд “Facebook”-ийг Хятадын интернэтийн хамгийн том хайлтын системийг эзэшдэг “Baidu” компанитай хамтран ажиллах гэрээ байгууллаа гэх мэдээлэл байна. Энэ талаар “Baidu”-тай түншилдэг “Donews” болон sohu.com мэдээллийн сайтууд анх мэдээлсэн байна. Үүний дараахан “Baidu”-ийн хувьцааны ханш олон улсын Хөрөнгийн биржүүд дээр дөрвөн хувиар өсч, нэгж хувьцаа нь 147.93 ам.доллар болсон байна. Гэвч ийм мэдээлэл гарсны дараа дээрх хоёр компанийн төлөөлөгчид үүнийг үгүйсгэжээ. Харин удахгүй үйл ажиллагаагаа явуулж эхлэхээр зэхэж байгаа “Facebook” олон нийтийн сүлжээний хятад хувилбар нь жинхэнэ “Facebook”-тэй ямар ч холбоогүй хэмээн холбогдох албаны хүмүүс мэдэгдсэн байна. Гэхдээ энэхүү хятад “Facebook” нь эрх баригчдаасаа албан ёсны зөвшөөрөл хараахан аваагүй байгаа аж. Хэрэв Хятадын Засгийн газар зөвшөөрөхгүй бол ямар ч олон нийтийн сүлжээ байхгүй гэсэн үг.
Сүүлийн үед “Facebook”-ийг Хятадын компаниудтай хамтрах санал маш их тавьж байгаа гэх мэдээлэл нэлээд цацагдах болжээ. Гэвч яг албан ёсны эх сурвалжийн мэдэгдэл огт гарахгүй байгаа нь Хятадын талаас энэ асуудалд эсрэг байр суурьтай байгаатай холбоотой хэмээн ажиглагчид дүгнэж байна. “Baidu”, “Facebook” хоёр хамтарвал аль, аль нь хэрэглэгчдийнхээ хүрээг тэлэх боломжтой болох юм. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Facebook”-ийн тэргүүн Марк Закерберг Хятадад очиж байв. Түүнээс хойш хоёр сарын дараа нүүр хуудас хэрэглэгчдийн тоо Хятадад долоо дахин нэмэгдсэн. Гэвч энэ бүхнээс өмнө Хятадын Коммунист нам “Facebook”-ийн хэрэглээг хязгаарлачихаад байв. Тухайн үед М.Закерберг ямар шалтгаанаар Хятадад очсон нь тодорхойгүй байсан боловч одоо нэгэнт ил болжээ. Тэрбээр “Baidu” группын тэргүүн Робин Литэй хэлэлцээр хийхийг зорьж байж. М.Закербергийн хувьд зөвхөн “Baidu” гэлтгүй “China Mobile”, “Sina” зэрэг Хятадын интернэт үйлчилгээ үзүүлэгч томоохон компаниудын төлөөлөгчидтэй уулзсан байна. Өнөөдөр “Facebook” хэрэглэгчдийнхээ тоогоор дэлхийд тэргүүлж байгаа. Гэвч энэ нь хангалтгүй юм. Тиймээс М.Закерберг Хятадын тэрбум гаруй хүнтэй зах зээлийг сонирхож байна. Гэхдээ түүний зорилго хялбар бүтэх эсэх нь эргэлзээтэй.
Ойрхи Дорнодын орнуудад ээлж дараалан хувьсгал гарсны дараа энэ нь Хойд Солонгос, Хятад тэргүүтэй диктатур ноёрхсон Азийн орнуудад халдварлаж магадгүй байв. Үнэхээр ч Бээжин, Шанхай тэргүүтэй Хятадын томоохон хотуудад “Мэлрэг цэцгийн жагсаал” гарч, хөл хөдөлгөөн ихтэй гудамж талбайд эсэргүүцлийн уриа лоозон барьсан хүмүүс хөлхөлдөх болсон нь эрх баригчдыг нь нэлээд бухимдуулсан юм. Чухам тэр үеэс эхлэн Хятадын Засгийн газар тэрс үзэлтнүүддээ улам их “санаа тавих” болов. Түүгээр ч үл барам интернэтэд “мэлрэг цэцэг” гэсэн үг хайх боломжийг арилгаж, бослого хөдөлгөөнд уриалсан үг, өгүүлбэр битгий хэл санаа цухуйлгасан хүнийг тэр даруй баривчилж эхэлсэн билээ. Энэ бүхэн нь нийгэм дэх төрийн оролцоог дэмжсэн Хятад улс чухамдаа “Facebook”-ийн мөн чанараас тэс өөр утгыг агуулж байгааг нотлох энгийн жишээ. “Facebook”-ийг үндэслэгч Марк Закерберг нэгэнтэй хэлсэн байдаг. “Би дэлхий ертөнцийг өөрчлөхийг хүсч байна” гэж. Тэрбээр хувь хүн төвтэй дэлхийг бүтээхийг хүсчээ. Харин Хятад бол хувь хүнийг үл тоож, төрийн хатуу диктатурыг шүтсэн улс. “Facebook”-ийн хувьд улс үндэстнүүдийн соёлыг түгээгч, олон нийтийн харилцааны нэгэн шинэ хэлбэр болсон. Гэтэл Хятадын эрх баригчид Ойрхи Дорнодод болж буй хувьсгалын талаар хэн нэгэн нь ам алдчих вий гэж болгоомжилдог. Тэд хаалттай нийгмийг хүсдэг. Мэдээллийн эрх чөлөөг тунхагласныхаа төлөө “Google” компани Хятадын хакерчдын халдлагад өртсөн билээ. Дэлхийн 30 гаруй оронд 500 сая гаруй хэрэглэгчтэй болсон “Facebook” нь хүмүүсийн хувийн мэдээллийг хадгалж, нэг ёсондоо паспорт нь болж байна. Уг нь энэ үүргийг төр гүйцэтгэдэг. Үүнээс болж олон орны Засгийн газар “Facebook”-ийг онилж байна хэмээн “Facebook”-ийн нөлөө” номын зохиогч нэгэнтээ дурьдсан байдаг. Тэгэхээр Марк Закербергийн компанийнхаа хүрээг тэлж, Хятадын зах зээлд нэвтрэх гэсэн оролдлого тийм ч хялбар бүтэхгүй байж мэдэх юм.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин