
Санхүүгийн зохицуулах хорооныхон УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралд оролцож үйл ажиллагааныхаа тайланг танилцуулсан. Ямартай ч энэ үеэр өнгөрсөн онд үнэт цаас, даатгал, бичил санхүүгийн зах зээлийн эрх зүйн орчныг боловсронгуй зэрэг тодорхой зорилтуудыг хэрэгжүүлж ажилласан гэдгээ хэлсэн. Мөн Монголын Хөрөнгийн биржээр арилжаалсан үнэт цаасны зах зээлийн үнэлгээ өмнөх оныхоос хоёр дахин нэмэгдсэн зэргээр хариуцсан салбарт нь ахиц дэвшил гарсан талаар мэдээлсэн билээ. УИХ-аас тус хорооны удирдлагуудын бүрэн эрхийн хугацааг дуусгах эсэхийг шийдэх нэг үндэслэл нь энэ юм. Гэхдээ Д.Баярсайхан дарга “Анод” банктай холбоотой буруу шийдвэр гаргасан хэмээн хуулийнханд шалгуулж байсан удаатай.
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны гишүүн Д.Тэрбишдагваас энэ талаар тодруулахад “Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны болон, орон тооны бус гишүүдийн заримыг улираан сонгох эсэхийг хэлэлцэж байгаа. Гишүүдээс улираан ажиллуулах, шинээр томилох талаар янз бүрийн санал гарч байгаа. Гэхдээ шийдвэрийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гаргах байх” хэмээлээ. Тэгэхээр спикерийн Панамд хийж буй айчлал дууссаны дараа УИХ-ын дарга болон Эдийн засгийн байнгын хорооныхон Санхүүгийн зохицуулах хорооны гишүүдийн хэнийг албан тушаалд нь үлдээж, хэнийг шинээр томилохыг шийдэх аж. Хэрвээ тус хорооны даргыг шинээр томилохоор бол банк, даатгал, санхүүгийн зах зээлд ажилласан туршлагатай, энэ чиглэлээр гадаадад мэргэжил эзэмшсэн хүнийг сонгох юм байна.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин