
Сонирхогчдын боксын тамирчдыг байнгын бэлтгэл сургуулилттай байлгах, тэдний санхүүгийн асуудлыг шийдэх, тамирчдаа мэргэжлийн бокст алдахгүй байх гээд олон талын ач холбогдол, зорилгоор AIBA буюу Олон улсын сонирхогчдын боксын холбооноос “World Series of Boxing” тэмцээнийг зохион явуулж байна. Анхны жилдээ зохиогдож байгаа “Дэлхийн лиг”-т дэлхийн аваргын мөнгөн медальт, оюутны дэлхийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт тулалдаж байгаа билээ. Ази, Америк, Европын тивийн шилдэг 12 баг лигийн системээр тоглож, бүсийнхээ аваргыг тодруулсан бөгөөд өдгөө хагас шигшээ тоглолтууд үргэлжилж байна. Н.Төгсцогтын харьяалагдаж буй Азербайжаны “Баку Файерс” баг Азийн бүсийг тэргүүлж, хагас шигшээд өрсөлдөх эрхээ авсан юм. Тэд энэ шатанд Европын бүсийн аварга, Францын “Парис Юнайтед” багтай сугалаа таарч, энэ сарын 9-нд “Серхедчи” ордондоо эхний тулаанаа хийсэн. Тэмцээний дүрмийн дагуу нэг баг таван жинд тулаанчдаа сойдог бөгөөд хоёр багийн эхний тоглолт 4:1 харьцаатай “Баку Файерс”-ын ялалтаар өндөрлөсөн. Манай тамирчны хувьд “гэртээ” хийсэн эхний тоглолтыг өнжиж, багийнх нь өөр тамирчин bantamweight буюу 50-54 кг-ын жинд тоглосон юм. Харин маргааш Парис хотод болох хариу тоглолтод Н.Төгсцогт багаа төлөөлөн рингэнд гарах гэж байна. Түүний өрсөлдөгч нь хувийн амжилтаар өдгөө жингийнхээ ангилалд хоёрдугаарт бичигдээд буй Францын тамирчин Нордин Оубаали. Хоёр багийн тулаан маргааш орой орон нутгийн цагаар 20.45 цагаас эхэлнэ.
“Баку Файерс” маргаашийн тулаанд илүүрхвэл финалд өрсөлдөх эрхээ авч, улмаар “World Series of Boxing” тэмцээний аваргын төлөө Америкийн бүсийн аварга “Лос-Анжелес Матадорс” болон Азийн бүсийн дэд аварга “Астана Арланс” нарын ялсантай нь халз тулна. “Матадорс” болон “Арланс”-ын эхний тоглолтод Казахстаны баг талбайдаа 4:1-ээр хожсон бөгөөд хариу тоглолт энэ сарын 17-нд Лос-Анжелес хотын “Music Box” театрт болох юм.
Дашрамд сонирхуулахад, WSB тэмцээний аварга баг 500 мянган ам.долларын мөнгөн шагнал хүртэнэ.
С.Цэлмэг