
Гэсэн хэдий ч Боловсролын үнэлгээний төв дээр энэ асуудлаар зөвлөгөө авах, бичиг баримтын зөрчлөө арилгуулахыг хүссэн эцэг эхчүүдийн хөл татарсангүй. Тэдний хувьд зөвлөгөө авахаас гадна энэ онд гаргасан элсэлтийн ерөнхий шалгалтын дасгалын эмхэтгэлийг нэлээд сураглаж байв. Харин холбогдох албаны хүмүүс тэдэнд “Тестийн эмхэтгэл дууссан. Дахин хэвлэхгүй” гэсэн хариуг өгч байна. Учрыг лавлавал “Нэг хичээлийн тестийн эмхэтгэлийг шалгалт өгөх нийт хүүхдийн 10 орчим хувьд хүртээмжтэй байхаар хэвлэсэн. Түүнээс биш хүүхэд бүрийн тоогоор хэвлэх боломж байгаагүй. Нэг хүүхэд ном авлаа гэхэд анги, хамт олноороо хэрэглэх боломжтой гэж үзсэн” хэмээх хариултыг өглөө. Тиймээс сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтын тестийн эмхэтгэлийг Боловсролын үнэлгээний төвөөс бус анги, хамт олон, найз нөхдөөсөө сураглах хэрэгтэй болжээ.
Энэ жилийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалтын журамд нэлээд өөрчлөлт орсон. Үүний дагуу Боловсролын үнэлгээний төвийн даалгаврын сангаас санамсаргүй түүвэрлэх аргаар сонгон хичээл тус бүрээр авах шалгалтын сэдвийг бэлтгэх юм. Ерөнхийдөө элсэлтийн ерөнхий шалгалтын тестийн эмхэтгэлд орсон даалгавартай төстэй зүйл шалгалтад ирнэ хэмээн ойлгож болно. Нийт сурагчдын дунд “Тестийн эмхэтгэлд орсон даалгаврыг цээжилчихвэл шалгалтдаа санаа зовох зүйлгүй болно” гэх ойлголт түгээмэл байна. Тэгвэл “Элсэлтийн ерөнхий шалгалтын эмхэтгэлд орсон даалгавруудаас түүвэрлэж авна. Гэхдээ яг тэр хэвээр нь биш. Ялгаатай зүйлс ч олон бий” хэмээх хариултыг мэргэжилтнүүд өгч байна. Математикийн хичээл дээр жишээ авахад бодлогынх нь хариуг нэгэнт номон дээр гарсан дааглаврыг тэр чигээр нь бус зарим тоог нь өөрчилж оруулах аж. Тиймээс сурагчид тестийн эмхэтгэлд орсон бодлогын хариунд бус хэрхэн бодох вэ гэдэг дээр ажиллах ёстой юм байна.
Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн зарим сурагчидтай уулзав. Тэд элсэлтийн ерөнхий шалгалтуудаа өгөхдөө “цочроогоо гаргаж” эхлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Тодруулбал, сурагчид хамгийн эхний шалгалтаа сонгосон мэргэжлийнхээ дагуу бус эхний өдөр хуваарь нь тавигдсан аль нэг хичээлээр өгөх хүсэлтэй байна. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар хүүхдүүдийн олонхи нь 4-5 хичээлээр шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. Гэхдээ сурагчид 10 хүртэлх хичээлээр шалгалт өгч болох юм. Түүнчлэн шалгалтаас өмнө шалгалт өгөх хичээлээ солих, өөр хичээл нэмэх боломжтой.
Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой маргаан, гомдол, санал жил бүр гардаг. Өнгөрсөн онд л гэхэд элсэлтийн ерөнхий шалгалтын тест алдаатай байсан гэсэн гомдлыг 20 гаруй хүн тавьж байсан билээ. Мөн шалгалтын матиариалыг хэвлэх явцад тест задардаг гэх гомдол ч удаа, дараа гарч байсан юм. Харин Боловсролын үнэлгээний төвөөс “Тест задрах ямар ч боломжгүй” хэмээх хариултыг өгч байна. Түүнчлэн даалгаврыг боловсруулах явцад шинжээчдийн баг дүгнэлт гаргаж, мэргэжлийн зөвлөл шүүн хэлэлцсэн тул алдаа гарахгүй хэмээлээ.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тйом" сонин