Зээлийн батлан даалтын сан нээлтээ хийлээ | News.MN

Зээлийн батлан даалтын сан нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.04.11-нд нийтлэгдсэн

Зээлийн батлан даалтын сан нээлтээ хийлээ

Зээл хүссэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих Зээлийн батлан даалтын сан өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ийн гишүүн, Төсвийн байнгын хорооны гишүүн Ц.Даваасүрэн, Зээлийн батлан даалтын сангийн Удирдах зөвлөлийн дарга Г.Хэрлэн, УИХ-ын даргын Зөвлөх З.Нарантуяа нар оролцож, тууз хайчиллаа. Энэ үеэр УИХ-ийн гишүүн, Төсвийн байнгын хорооны гишүүн Ц.Даваасүрэн “Зээлийн батлан даалтын сангийн хууль нь нийгмийн захиалгаар бүтсэн. Ур чадвар сайтай ч эргэлтийн хөрөнгө хангалтгүй, зээл авч чадахгүй байгаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан сан бий боллоо. Энэ нь санхүүгийн салбарт шинэчлэл хийх болов уу гэж бодож байна” гээд, санг удирдах хүмүүст амжилт хүссэн юм. 

Монголд анх удаа бий болж буй Зээлийн батлан даалтын санг Засгийн газар, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын ажил олгогч эздийн холбоо хамтран байгуулахаар  тоихролцож, 2012 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Сангийн дүрмийг баталснаар байгуулагдсан аж. Ийнхүү өнөөдөр албан ёсоо нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүлж байна. 

Зээлийн батлан даалтын сан нь банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн ч барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зээлийнх нь 60 хүртэл хувьд батлан даалт гаргах юм. Ингэхдээ нэг зээлд гаргах батлан даалтын хэмжээ 250 сая төгрөгөөс хэтрэхгүй байх бөгөөд эргэлтийн хөрөнгийн, хөрөнгө оруулалтын, бичил зээлийн гэсэн гурван төрөлтэй ажээ. Сан эхний ээлжинд Төрийн банктай хамтарч зээлд батлан даалт гаргах юм байна. Цаашдаа арилжааны банкуудтай хамтран ажиллах бөгөөд үүнийг ойрын хугацаанд шийднэ гэдгээ Зээлийн батлан даалтын сангийн Гүйцэтгэх захирал Ш.Алтанхуяг хэлсэн юм.

Батлан даалтын хугацаа нь авсан зээлийн хугацаатай ижил байх бөгөөд батлан даалт хүсэгч нь шимтгэл, хураамж төлөх ажээ. Тухайлбал,

-1 жил хүртэл хугацаанд 1.0%

-1-2 жил 2.0 %

-2-оос дээш жил 3.0 хувиар батлан даалтын хэмжээнээс тооцон нэг удаа төлөх юм байна.

Ийнхүү барьцаа хөрөнгийн хангалтгүйгээс болж эргэлтийн хөрөнгө, эсвэл бага хэмжээний ч болов зээл авч чадахгүй байгаа хүндрэлийг тухайн авах зээлийнхээ хэмжээ, хугацаанаас шалтгаалж нэг удаагийн шимтгэл төлөөд л зээлээ шийдүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Үйл явцын тухайд, батлан даалт хүсэгч нь Зээлийн батлан даалтын сантай гэрээ байгуулсан арилжааны банкинд зээл авах хүсэлтээ эхлээд гаргах аж. Үүний тулд зээл хүсэгч нь хүссэн зээлийнхээ 40 хувиас багагүй хэмжээний барьцаа хөрөнгөтэй байх ёстой гэнэ. Ингээд тухайн арилжааны банк материалыг нягтлаад Зээлийн батлан даалтын санд зээл олгох тухай дүгнэлтийг явуулах аж. Сангаас саналыг үзээд, банк, санхүүгийн байгууллагад батлан даалт хийх гэрээ байгуулснаар зээл авах боломж бүрдэх юм байна. Сан “Тэнгис” кино театрын хойд талд байрлах “Оранж” төвийн гуравдугаар давхарт үйл ажиллагаагаа явуулах ажээ.

У.БОЛОР

"Болор дуран"-аар шалгав.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж