Хилийн нэгдсэн хяналт хэзээ амилах бол

Хуучирсан мэдээ: 2013.04.11-нд нийтлэгдсэн

Хилийн нэгдсэн хяналт хэзээ амилах бол

Монголын тухай анхны төсөөлөл, нүүр царай  хилээс эхэлнэ. Эх орны босго гэдэг ямагт эрхэмсэг ойлголт, оршихуй  байсаар ирсэн, энэ хэрээрээ тэндэх дүр төрх илэрхийлэгдэж байх учиртай. Манай  гаалийнхны уриа уншлагаа болгодог бузрыг бүү оруулж, буяныг бүү гаргах зүй тогтол хил дээр үйлчилдэг. Энэ үүргийг Монголын төрийг төлөөлөн гүйцэтгэдэг олон байгууллага бий. Лавтайяа мэдэхээс  хилийн  цэрэг, Гааль, Мэргэжлийн хяналт, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар,  авто тээврийн болон хилийн эрүүл ахуй халдвар судлалын хяналтынхан гэхчлэн гарын таван хуруунд багтахааргүй  олон албад чиг чиглэлийн хяналт зохицуулалтыг хэрэгжүүлдэг байх. Бизнесийнхэн бичиг цаас барин нэгээс нь нөгөөд дамжиж, эргэж буцаж, энэ тэр болсоор байтал цаг урсаж, нар шингэсэн байх нь наад захын дүр зураг. Хэн хэн нь үүрэг  хүлээсэн, аль аль нь алба залгуулж байгаа хүмүүс учир тэднийг сайн муу хэмээн гоочилж  гоёчлох нь илүүц биз. Харин төрийн үйлчилгээний түргэн шуурхай байдал, хүнд суртал, төвөг чирэгдэл багатайгаар үүргээ хэрэгжүүлэх зорилго нь хэрхэн хангагдаж байгаад асуудлын гол буй. Харамсалтай нь манай хил гаалийнхны хүнд суртал бол хэдийнээс нааш “нэр алдартай”.  Хил гааль гэсэн үгэнд тэнд байгаа хяналт зохицуулалтын бүхий л байгууллагыг хамж шимээд нэрлээд сурчихсан болохоор энэ нь сайн, тэр нь муу гэж ялгаж салгахад хэцүү.

Одоогийн зохицуулалт, хүчин төгөлдөр байгаа хууль тогтоомжоор бол хилийн хяналтын байгууллагуудын үйлчилгээг түргэн шуурхай болгоход  үнэхээр учир дутагдалтай гэх юм билээ.  Юу гэвэл хил дээрээ баахан хяналтаа бөөгнөрүүлчихсэн хэрнээ нэгдсэн удирдлага, зохион байгуулалт байхгүй. Бүгд тал тал тийшээ харчихсан,  уялдаа холбоогүй. Бизнесийнхэн бүр залхдаг. Ар араасаа хөвөрсөн энэ олон дүрэмт хувцастай хүмүүс хэн нь хэн юм бэ, хэцүү байна гэсэн үг хэл байнга гарч байдаг.  Аль нь ч байлаа ялгаагүй бүгд дошин дээрээ толгой гэдгэр, үйлчлүүлэгч нартаа өөрсдийнхөө чухлыг ойлгуулж мэдрүүлэх гэсэн хүмүүс шиг харагддаг. Ааш зан хямсгар, хараа харц нь ширүүн, яриа хөрөө нь хэг ёог хийсэн энэ хүмүүс Монголын төрийг төлөөлөн дотоод гадаадын иргэдэд үйлчилгээ үзүүлдэг. Үндсэндээ бол хүнээр гуйлгаад сурчихсан хүмүүс. Хилийн үйлчилгээг хүнд сурталгүй хөнгөн шуурхай болгох тухай олон жилийн өмнөөс ярьсан.  Гэхдээ ярьж ирсэн болохоос бус хийж хэрэгжүүлсэнгүй. Түүнээс гадна одоогийн ийм салангид тогтолцоо хэвээр байсан цагт хилийн хяналтыг хөнгөн шуурхай болгоно гэдэг нь угаасаа бүтэхгүй зүйл гэж учир мэдэх хүмүүс ярих юм билээ.

Дэлхий ертөнцөд бол эдүгээ өөр тогтолцоо, чиг хандлага бий болоод байна. 2001 оны  есдүгээр сарын 11-ний хэрэг явдлаас хойш дэлхийн улс орнууд хилийн хяналтаа зөв менежменттэй болгохоор зорьж байгаа. Улс бүр өөр өөрийнхөөрөө ч гэлээ нийтлэг нэг хандлага ажиглагдаж байгаа нь хилийн хяналтын нэгдсэн  хяналтыг хэрэгжүүлж эхэлж байгаа явдал. Төр мэдээж хяналтаа сайн тавих хэрэгтэй. Үүний тулд менежментээ эргэж харах хэрэгтэй болсон. Англи,  АНУ, Канад, Австралид хилийн хяналтын агентлаг гэж тусад нь байгуулж байна. Өөрөөр хэлбэл, хилийн нэгдсэн хяналтыг бий  болгосон. Хуучин соц байсан орнуудаас Азербайжан зэрэг хэд хэдэн улс  хилийн  ургамал, хорио цээр, хүн, мал эмнэлгийн мэргэжлийн хяналт нь гаалийнхаа бүтцэд ажиллаж эхлээд байна.  
Дэлхийн гаалийн байгууллага ч гэсэн хилийн хяналтыг нэгдсэн болгох асуудлыг түлхүү тавих болсон гэж мэргэжлийн хүрээнийхэн ярьдаг.  Нэгдсэн хяналт бол зөвхөн үйлчилгээний түргэн шуурхай байдал гэхээсээ илүүтэй хяналтын үр нөлөөг дээшлүүлэх, улс үндэстний аюулгүй байдлыг хангах асуудал юм. 

Монгол Улсын Засгийн газар энэ асуудлыг хожуу ч гэлээ авч үзэж, Хилийн боомтын тухай хуулийн төслийг өргөн бариад байна. Хуульд хилийн боомтыг нэг удирдлагатай болгохоор тусгаад байна.  Үүнийг шийдэхэд хамгийн их саад тээг болдог нь  хил дээрх байгууллагуудын дов довон дээрээ том байх гэсэн явцуу эрх ашиг байгаа юм. Үүнийг огоорч улс эх орны эрх ашгийн төлөө асуудлыг шийдвэрлэх нь  зөв гольдрол. Тэгвэл үйлчилгээ хөнгөн шуурхай болж, хөрөнгө оруулалт нэг газар төвлөрнө. 

Нөгөө талаар Монгол Улс хилийн хяналтын байгууллагуудын хяналтын ажлыг уялдуулах тухай НҮБ-ын конвенцид нэгдсэн. Тиймээс олон улсын дүрэм журмаа мөрдөх, хилийн боомтыг байгуулахдаа  шинжлэх ухааны үндэстэй, хяналтын стандарт шаардлагыг хангасан дэд бүтцийг бий болгох шаардлага байгаа юм. Манай хилийн хяналтын одоогийн дэд бүтэц дэндүү ядмаг. Элсэн дунд ийш тийш  харуулан хайш яайш барьсан хэдэн шавар байшин, орж гарагсдын хөлд дарагдсан бохир болхи орчин. Эх орны нүүр царай хил дээр ингэж л эхэлж илэрхийлэгдэж байна.  

П.ЯДАМДОРЖ

Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж