Сүүлийн үеийн уран бүтээлээсээ яриагаа эхлүүлэх үү?
Саяхан шинэ уран бүтээл гаргасан. “I love you” гэдэг дуу байгаа. Дуугаа бичүүлчихсэн. Одоо клипны зураг авалт гээд завгүй явж байна даа.
Та өмнө нь гол дүр бүтээсэн “Хайрлаж болох уу” киноны дууг дуулж байсан. Энэ удаа бас удахгүй дэлгэцнээ гарах гэж байгаа “Хувь тавилангийн ээдрээ” олон ангит киноны дууг дуулсан гэлүү?
Киноны найруулагч саналын дагуу киноны нэг дууг нь “Чингис хаан” хамтлагийн ахлагч, дуучин МУГЖ Д.Жаргалсайхан ах дуулсан. Нөгөө дууг нь гол дүр бүтээсэн жүжигчдийн нэг нь дуулна уу гэсэн хүсэлт тавьсны дагуу би дуулахаар болсон. Аяыг хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэн ах зохиосон байгаа. Орчин үеийн залуусын талаар өгүүлсэн дуу болсон. Одоогоор видео клип хийж арай амжаагүй байгаа. “Хувь тавилангийн ээдрээ” 60 ангит кинонд би бүх зүйлийг өөрөө хийх чин хүсэл эрмэлзэлтэй Тэмүүлэн гэдэг гол дүрийг бүтээсэн байгаа.
Жүжигчин О.Тэмүүжин Тэмүүлэн гэдэг дүрийг бүтээсэн гэхээр их сонирхолтой санагдлаа. Энэ санаандгүй тохиолдол байв уу?
Кино зохиолд анх Тэмүүжин гэдэг дүр байсан л даа. Найзууд нь Тэмка гэж дууддаг. Тиймээс зохиолыг анх уншихад өөрийгөө тэр дүрд төсөөлж харж байсан. Найруулагч тэр дүрийг надад санал болгоход их сайхан санагдаж байлаа. 60 ангит кинонд хамгийн гол дүрийг бүтээх болсонд их баярласан. Тэр тусмаа өөрийнхөө нэрээр тоглох санал надад анх удаа ирсэн. Гэхдээ яг өөрийнхөө нэрээр тоглолгүй найруулагч, продюсертайгаа ярилцаж байгаад Тэмүүлэн болгож өөрчилсөн юм. Харин найзууд нь дууддаг нэрийг нь хэвээр үлдээсэн.
Жүжигчин хүн гэдэг үргэлж өөр өөр дүр бүтээхийн тулд эрэл хайгуул болж байдаг байх. Тэгвэл Тэмүүлэнгийн дүр юугаараа ялгаатай байсан бэ?
Олон ангит киноны дүр гэдгээрээ, мөнТэмка гэдэг нэрээрээ тоглосноороо онцлог. Кинонд санаа нийлсэн хэсэг залуус өөрсдийнхөө амьдралын төлөө тэмцэж байгаа талаар өгүүлдэг. Миний бүтээсэн дүр бүх зүйлийг өөрийн хүчээр хийхийг хүсдэг залуу. Жүжигчин хүн уран бүтээл хийхдээ тухайн бүтээлээ муу болно гэж боддоггүй. Тиймээс би ч гэсэн энэ дүрдээ дурлаж орсон. Бүр сүүлдээ дүрдээ хэт ороод гэртээ байхдаа ч хамт ажилласан жүжигчдийнхээ нэрээр дүүгээ дуудах ч гэх юм уу, тийм зүйл их байсан л даа.
Таныг их хариуцлагатай хүн гэж сонссон л доо. Ер нь ажилдаа баримталдаг гол зарчим тань юу вэ?
Урлаг гэдэг хамтын уран бүтээл. Тэр тусмаа кино. Жүжигчин гэдгээсээ илүү хувь хүн талаасаа хариуцлагатай хандах хэрэгтэй болсон. 60 ангит кино гэдэг утгаараа маш олон газар зураг авалт үргэлжилсэн. Өөрийн, найзын, ахын гэр,гадаа, зуслан, ой мод, голын эрэг зэрэг олон газарт цаг тухайд нь байх хэрэгтэй. Хамтран уран бүтээл хийхэдсаад бэрхшээлгүй байна гэж байхгүй. Олон бэрхшээл, үл ойлголцлыг давж чадсан. Найруулагч Ц.Гансэрээ ах,продюсер Д.Батцэцэг эгч энэ бүгдийг сайн төлөвлөсөн байсан. Бүх хүн энэ уран бүтээлд сэтгэл зүрхээ зориулсан учраас бие биенээ хүндэлж хариуцлагатай хандах нь зүйн хэрэг байлаа. Эхэндээ цаг барихгүй, өмнөх өдрийн зураг авалтаас болж ядраад сэрүүлгээ сонсохгүй үе байсан л даа. Гэхдээ энэ бэрхшээлүүдийг давж, бие биенээ хүндэлсний үр дүнд үзэгчдийн хүртээл болох гэж байна.
“Хувь тавилангийн ээдрээ” киног үзэгчийн нүдээр харвал ямар онцлогтой бүтээл болсон гэж дүгнэх вэ?
Үзэгчийн нүдээр харахад бүх насныханд тохирсон уран бүтээл болсон гэж үзэж байна. Зөвхөн өнөө үеийн залуусын хайр сэтгэлийн талаар өгүүлээгүй. Дөнгөж ажлын гараанаас гарч буй хүмүүс, дунд эргэм насны хүмүүс, өвөө, эмээ гээд бүх төрлийн хүмүүст зориулсан. Үйл явдал ар араасаа хөврөх болохоор сонирхолтой, амттай кино байх болов уу. Гурван үеийг харуулснаараа онцлогтой. Бидний өвөө, эмээгийн үеийн хүмүүс ач зээгийнхээ амьдралд хэрхэн нөлөөлөхийг харуулсан. Үзэгчид киног алгасалгүй үзэх юм бол тайллууд нь ихсонирхолтой болсон. Кинонд ажилласан бүх хүмүүс сэтгэл зүрхээ зориулсан учраас чанартай уран бүтээл болсон болов уу гээд үзэгчидтэйгээ хамт үзэх гээд хүлээж байна даа.
Гурван үеийн түүхийг харуулсан гэлээ. Өөрөө өнөө цагийн залуугийн дүр бүтээсэн. Өнөө цагийн залуус эцэг, эхийнхээ залуу үеэс юугаараа ялгаатай санагдсан бэ?
Миний бодлоор өнөөгийн монгол залуусын хайр сэтгэлд эд хөрөнгө, нэр хүнд нөлөөлдөг болсон юм шиг санагддаг. Өнөөдөр эцэг, эхийн маань залуу үеэс хайр сэтгэлийг өөрөөр хардаг болчихож.Тухайлбал, энэ кинонд миний хайртай бүсгүйг нэг залуу цэцэг өгөөд эргүүлдэг хэсэг байдаг л даа. Тэр хэсэгт миний бүтээсэн дүр “Би чамд сагс дүүрэн баглаа цэцэг өгч чадахгүй ч гэсэн надад тэгж бэлэглэх юмсан гэсэн чин хүсэл байгаа. Яг өнөөдрийн байдлаар надад тийм мөнгө алга” гэж хэлдэг. Тэр хэсгээс харахад, өнөөгийн залуус нэг нэгнийгээ ирээдүйд юу хийж чадах, өөрт нь хэрхэн хандах бол гэдгийг сэтгэл рүү нь өнгийж харах хэрэгтэй. Киног үзэх юм бол аяндаа энэ бүгдийг ойлгоно.
Киноны гол зангилаа юу юм бол?
Учирч болохгүй хоёр хүн бие биендээ хайртай болсон нь энэ киноны гол зангилаа.
Сүүлийн үед монголын олон ангит кино илт сэргэж, олон ололттой бүтээлүүд бий болсон. Чухам энэ кино юугаараа давуу болсон бэ?
Кино гараагүй байхад үнэлгээ өгөх хэрэггүй байх. Үзэгчид өөрсдөө үзээд дүгнэлт хийнэ биз. Гэхдээ бусад олон ангит киноноос давуу тал нь өнөө цаг үед монголын кино урлагт өөрсдийн гэсэн орон зайг бий болгож чадсан уран бүтээлчид бүгд оролцсон гэдгийг би бардам хэлж чадна. Бараг бүх дүрд мэргэжлийн хүмүүс тоглосон. Миний дээд үеийнхэн оролцсон учраас сайхан байсан. Бүгд СУИС-иас төрсөн уран бүтээлчид. Олон дүртэй, баялаг бүтээл болсон. Киноны үнэлгээг үзэгчид цэнхэр дэлгэцээр шүүнэ биз дээ. Эцэст нь хэлэхэд, “Хувь тавилангийн ээдрээ” кинонд хамтран ажилласан бүх уран бүтээлчдэд баяр хүргэе. Та бүхэнтэй хамтран ажиллах миний хувьд нэр төрийн хэрэг байсан гэж хэлмээр байна.