Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг 15.8 тэрбумаар батлав

Хуучирсан мэдээ: 2013.04.11-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг 15.8 тэрбумаар батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой хэд, хэдэн чухал асуудлыг шийдвэрлээд байна. Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгуулийг ирэх зургадугаар сарын 26-нд хийхээр товлон зарласан бол тус сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг 15.8 тэрбум төгрөг байхаар зааж өглөө.

Гэхдээ энэ хэмжээний зардлыг батлах шатанд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нарын гишүүд шүүмжлэлтэй хандлаа. Түүний хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал нь өмнө болж байсан сонгуулийн зардалтай харьцуулахад 4.5 хувиар нэмэгдлээ. Санал тоолох машиныг худалдаад аваад өгчихсөн, өдий төдий хөрөнгө зарж шаардлагатай техник хэрэгслийг нь шийдээд өгсөн атал энэ их хэмжээний зардлыг гаргах нь хэтэрсэн хэрэг гэж байв.

УИХ-ын даргын зүгээс “Сонгуулийн хоёрхон өдөр ажилласных нь төлөө урамшуулал болгож 8.6 тэрбум төгрөг өгөх нь утгагүй зардал. Төрийн албан хаагч ажилласныхаа төлөө цалин авч байж, дахиад сонгуульд ажилласан гэж давхар урамшуулал авдаг. Ингэхдээ бүр хоёрхон хоногт 8.6 тэрбум төгрөг зарцуулах нь хэтэрсэн хэрэг. Тиймээс сонгуулийн зардлын төлөвлөлт, гүйцэтгэл, явцад нь аудит хийх шаардлагатай” гэж байлаа.

Ингээд УИХ-аас Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын дээд хэмжээг 15.8 тэрбум төгрөг байхаар тооцож, баталлаа.

Үүний дараа УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрог буюу нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт энэ сарын 14-нд болох дахин сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Дахин сонгуульд 397 сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Энэ үеэр гишүүд “Дахин сонгууль зохион байгуулах гэж байгаа талаарх сурталчилгаа туйлын муу байна. Ийм нөхцөлд сонгогчид эрхээ эдэлж сонголтоо хийх эсэх нь эргэлзээтэй. Энэ асуудал дээр Сонгуулийн ерөнхий хороо санаачлагатай ажиллах шаардлагатай” гэсэн асуудлыг хөндөв. 

Дахин санал хураалт болохтой холбоотойгоор өнөөдөр дээрх тойрогт туршилтын санал хураалт болж байгаа юм. Өнөөдөр 12.00 цагт тойргийн хорооноос Сонгуулийн ерөнхий хороонд энэ талаарх мэдээллийг өгнө гэдгийг энэ үеэр Ч.Содномцэрэн дарга өглөө. Ингээд УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт энэ сарын 14-нд болох дахин сонгуулийн зардлын хэмжээг 397 сая төгрөг байхаар баталлаа.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээр дараагийн асуудалдаа орсон бөгөөд эл асуудал нууцын зэрэглэлд хамаарна хэмээн үзэж, чуулганыг хаалттай горимд шилжүүллээ. Нууцын зэрэглэлд хамаарч байгаа асуудлыг тодруулбал, “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2013 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж