Нийслэлийн хаяаг дэрлэн нүүдэллэгсдийн амьдрал

Хуучирсан мэдээ: 2013.04.11-нд нийтлэгдсэн

Нийслэлийн хаяаг дэрлэн нүүдэллэгсдийн амьдрал

Орон нутгаас нийслэлд шилжин ирэхэд нэг хүнээс 50 мянган төгрөгийн хураамж авдаг байсан цаг саяхан. Тухайн үед жилд хэдхэн зуун айл нүүдэллэн ирж нийслэлийн иргэн болдог байсан. Харин энэ хураамжийг авахаа больсноор жилд 10 мянгаар тогтохгүй хүний их нүүдэл нийслэлийг чиглэдэг болжээ. Гэвч хүн амын энэ механик өсөлтийг хот дийлэхээ больж, оршин суугчид нь оршуулгын дунд, уулын орой дээр буурь засах болсоор уджээ. Одоо ч нүүдэл зогсохгүй үргэлжилсээр.    Нийслэлийн Баянзүрх дүүргийн XXVII хороо, дунд Дарь эх уулын арыг өгсүүлээд  буусан айлуудыг  очиж сурвалжиллаа.

Зөвхөн энэ уулын талд газрыг нь тэгшлээд гэрээ барьчихсан  арав гаруй  айл байна. Тэр айлууд гэрийнхээ хаалгыг баруун тийшээ харуулан барьчихаж. Өгсүүр газраас гэрлүүгээ орох нь хэцүү байсан учраас тэр биз ээ. Тэдний гурав нь Багануур дүүргээс хоёр жилийн өмнө нүүж ирсэн бөгөөд бусад нь Хэнтийн Жаргалтхаан, Завханы Отгон, Өвөрхангайн Тарагт сумаас иржээ.  Энэ айлуудыг нийгмээс тусгаарлагдсан  бор зүрхээрээ амьдарч яваа улс гэж хэлж болохоор. “Сургууль,  эмнэлэг, үйлчилгээний төвөөс алслагдсан, ядаж ундны усаа холоос зөөдөг хэцүү” хэмээн ярьцгааж байна. Тэр дундаа хүүхдээ сургуульд нь суралцуулах нь хамгийн хэцүү гэнэ. Сургуульд нь заавал  хүргэж өгч, авч байхгүй бол нохойд бариулчих гээд зовлон бий гэнэ. Эндхийн айлуудыг гаднаас нь харахад бүгд тог цахилгаангүй гэхээр. Гэтэл нэг айлаасаа  газраар утас салаалаад  хулгайгаар цахилгаан татчихаж. Тэгээд ч хэрийн хүн хүрч очихыг хүсэхээр газар биш аж. Бүгд шилжилт хөдөлгөөн хийлгээгүй түр оршин суугчаар гурван жил амьдарч байгааг бодоход арай дэндүү санагдав. Нохойны чимээнээр гарч ирсэн гуч эргэм насны,  нэрээ хэлэхээс цааргалсан гэрийн эзэгтэйтэй  хэдэн хором ярилцсан юм. Нөхөр Г.Далайжаргал нь барилгын компанид ажилладаг. Өөрөө гэртээ хоёр хүүхдээ асарч суудаг аж.  Ахыгаа бараадан Багануураас гурван жилийн өмнө нүүж иржээ. Хороо хаана  байдгийг мэдэхээс цаашгүй, очиж үзээгүй гэж ярьсан хэрнээ энэ газраа авах санаатайгаа дуулгав. Тэрбээр хэлэхдээ “Бид хөдөө ажил олдохгүй болохоор амьдрахын эрхэнд нүүж ирсэн. Нөхөр ажилтай болсноор хөдөө байсныг бодоход  амьдрал арай сайжирч байгаа. Харин шилжилт хийг­дээгүй болохоор юм юмнаас хөндий, нэг л гологдмол юм шиг санагдаад байдаг. Манай хүүхэд ирэх жил сургуульд орно, авах болов уу л гэж айдаг” гэнэ билээ. Өнгөрсөн сонгуулиудад саналаа  өгсөн үү гэж асуухад доош тонгойн толгой сэгсэрсэн. Цахилгааны төлбөр төлдөг үү гэхэд энд тог их муу байнга тасалдаж байдаг гэснээс өөр үг хэлсэнгүй. Газрын зөвшөөрөл олдох талаар асуухад нэг хүн кадастрийн зураг авахуулж өгнө гэсэн гэлээ. Багануур явж шилжүүлгээ хийлгэж завдахгүй байгаа гэнэ. Тус дүүргийн XXVII хорооны засаг захиргаа хаанахын хэнийх гэдэг айл нүүж ирснийг мэддэггүй юм байна. Тухайн цагт нь дүүргийн газрын албанаас энд бууж болохгүй, үерийн ус бууна, цахилгаан эрчим хүч татах боломжгүй гэж мэдэгдэж байжээ. Хорооны  хэсгийн ахлагч Дуламсүрэн хэлэхдээ  “Энэ айлууд шилжилт хөдөлгөөн хийлгэж хороонд бүртгүүлээгүй учраас тусламж үйлчилгээ үзүүлэх аргагүй. Тэгээд өөрсдийгөө яая гэж байж хүн урчих гэсэн айхтар ноход тэжээхийг нь яана. Хашаагүй задгай болохоор орох ч арга байдаггүй. Та хараа биз дээ тэр газарт усны машин ч очих аргагүй байгаа биз дээ. Харин сүүлийн хоёр жилээс манай хороонд нүүдэллэгсэд тасраад байгаа. Тэгээд ч буух газар байхгүй юм чинь. Уулын орой дээр нь буудаггүй л юм бол” гэсэн. Тэр үг ч үнэний ортой ажээ.

САЙХАН ҮГЭНД  ХУУРТАЖ БАЙДГАА БАРСАН НЬ

Баянзүрх дүүргийн X хороонд  Дундговь аймгийн Өлзийт сумаас нүүж ирсэн Баттөмөр гэж залуу байна. Тэрбээр гурван жилийн өмнө хамаг малаа зарж, хотод жижиг оврын нийтийн тээвэрт явах санаатай орж иржээ. Түүнийг нутгийнх нь залуу ятгаж хөл алдам их хотод хөтөлж оруулжээ. “Хотод ир  “Микро” автобус авчих, би чамайг шугаманд оруулж өгнө. Өдөрт боломжийн мөнгө хийнэ. Тэгээд под хийгээд явчихна” гэсэн юм байх. Хөдөөний гэнэн залуу эхнэртэйгээ зөрж, зөвлөлдөж хэдэн малаа зарж хотод ороод иржээ. Мөн л  нүүдэллэгсдийн жишгээр хотын хаяа дэрлэн Баянзүрх дүүргийн X хорооны нутагт айлын хашаанд буужээ. Эхний хэдэн сар малаа зарсан мөнгөөрөө болж бүтээд байж. Нөгөө авах гэсэн машинаа авчихаад шугаманд явах гэсэн туршлага, түүн дээр нь танил тал дутаад гадуурхагджээ. Нэг өдөр машиныг нь танил нөхөр нь гуйж унаад хөдөө явсан нь өнхрүүлж хаячихаад мөнгө ч үгүй, машин ч үгүй өнөөдрийг хүрчээ. Нөгөө ир гэж уриалсан найз нь үзэгдэхээ байж. Тэгээд мань залуу гэрээс гарахаараа балгадаг болсон тул эхнэр нь эцэг, эх дээрээ очно гэж яваад ирэхээ байсан гэнэ.  Хөдөө нутагтаа боломжийн хэдэн малтай болж бүтээд явсан нь ийнхүү буруугаар эргэснийг танил нь халаглан ярьж байна. Тэднийх шилжилт хөдөлгөөн хийлгээгүй, мөн л түр оршин суугч. Гэр нь анх нүүж ирээд  барьсан хашаандаа  хэвээрээ. Одоо тэднийх гэрэлгүй, нийг­мээс тусгаарлагдмал, элдвийн хүн орогносон газар болжээ. Нутгаас ах дүүс нь ирж авах  гэнэ гэсэн сургаар баярлаж суугаа хүн нэг биш байв.  

ХОРООНД БҮРТГЭЛГҮЙН ЗОВЛОН

Тус уулын бэлд жалгын амсар дээрх нурж уначих шахсан хашаан дахь айлд орж үзсэн юм. Тэр айлд хөөрхийлөлттөй эх, охин хоёр аж төрж сууна. Эх Цэцэг нь зүүн түнхний мултралттай, охин Ариунжаргал нь бөгсөн бие мэдээгүй суунги өвчтөй болоод арваад жилийн нүүр үзжээ. Үүнийгээ олдмол өвчин гэлээ. Анх хоолойны ангина өвчин туссаныг сайн эмчлүүлэхгүй явснаас эцэст нь ийм байдалд хүрчихлээ гэж байсан. Тэд Архангай аймгийн харьяат аж. Мөн л тус хороонд бүртгэлгүй түр оршин суугч. Тэгээд бас айлын гэр  түрээслэн амьдарч  байгаа гэх. Анх ойр хавьд нь гэрлийн шонгүй болохоор нь гэрэл цахилгаангүй юм болов уу гэж бодов. Гэтэл телевиз асч байхыг хараад цахилгаантайг мэдсэн юм. Бас л нууцаар буюу газраас цахилгаан авсан бололтой. Байдлыг харахад элдэв юм асуугаад нэмэргүй нь ажиглагдсан. Өмнө нь Баянгол дүүргийн X хороонд амьдарч байгаад охиноо Хөх хотод эмчлүүлэхээр гэр, хашаагаа зарж эмчилгээний зардал гарган явуулсан нь үр дүнд хүрээгүй аж. Өөрийн тэтгэврийн 180 мянган төгрөгөөр амьдралаа дөнгөж залгуулж байгаа зовлонгоо эх нь тоочив. “Ганц охиноо эмчлүүлж эдгээчихвэл миний хэрэг бүтэх гээд байна. Бид хоёрт туслах ах дүү байхгүй болохоор амьдрал их хүнд. Энэ өвлийг түлээ муу, дээр нь ус хол хүндхэн өнгөрүүллээ. Эндхийн хороонд бүртгэлгүй учир элдэв халамж, тусламж хүртэж чадсангүй” гэсэн. Төр засагт энэ зовлонгоо таниулбал ганц өрөө байр ч олдож юу магад гэж горьдож суудаг юм билээ. Өнгөрсөн өвөл гэр хороололд хямдралтай нүүрс олгоход бүртгэлгүй учир мөн л хоцорсон аж. Хоёулаа эмчлүүлэх шаардлагатай, түүн дээр эмийн зардал их учир зовлон их ажээ. Хөгшний зургийг авах гэхэд “Төвөг өө  таньж мэдэх хүмүүс харчихаад гудамжинд гарчихаж гэх байх” гэнэ билээ. Төрийн анхан шатны нэгж хороонд бүртгэлгүй байна гэдэг ямар их хохиролтойг энэ хэдэн айлын жишээн дээр харж болохоор байлаа. Хөдөөгөөс нүүдэллэгсдийн ихэнх нь ажил олдохгүй, ах дүүгээ бараадаж ирсэн гэх юм. Шилжилт хөдөлгөөн хийлгээгүй, түр оршин суугчаар их хотын хаяаг дэрлэгсэд иймэрхүү амьдарч байна. Өшөө хаана иймэрхүү амьдрал байгааг гадарлаж л байна.

Н.ЛХАГВАСҮРЭН

Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж