2005 онд батлагдсан АН-ын дүрэм 9 зүйл, 41 заалттай. Намын Гүйцэтгэх зөвлөлөөс гарсан ажлын хэсэг хоёр жилийн хугацаанд дүрмийн шинэчлэл дээр ажилласан боловч бүх шатны сонгуулийн тухай хуулийг өөрчилсөнтэй холбогдуулан дүрмийг шинэ агуулгаар баяжуулах шаардлагатай болсон байна. Иймд ажлын хэсгийн санал болгосон дээд, дунд шатны бүтэц дээр тодорхой саналуудыг хэлэлцүүлж, анхан шатны гишүүд дэмжигчдээсээ санал авах зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг хийж байгаа аж.
Дүрмийн төсөлд хэд хэдэн өөрчлөлт оруулжээ. Тухайлбал, АН-ын бодлого тодорхойлогч удирдлагын бүрэлдэхүүнд ард түмний сонголтыг илүү их авсан хүмүүсээ түлхүү оролцуулахаар тусгасан байна. Энэ нь УИХ, ИТХ-д сонгогдсон хүмүүсээ ҮЗХ-ндоо оруулах санаа аж. Ингэхдээ ИТХ-ын төлөөлөгчдөөсөө гуравны нэгээр ээлжлээд оруулах тухай тусгагдсан юм байна. Уг саналыг Говь-Алтай аймгийн намынхан дэмжихдээ өөрсдийн саналыг хэлж байсан юм. Тэд ҮЗХ-д орох хүний тоог нь тодорхой болгож хязгаарлах, зөвхөн аймгийн намын дарга, ИТХ-ын дарга, Засаг даргыг шууд оруулах, намын ажил тэр бүр мэдэхгүй хүнийг оролцуулахгүй байх зэрэг саналыг гаргаж байлаа.
Дүрмийн өөрчлөлтийн төсөлд тусгагдсан хоёрдахь том шинэчлэл нь нам орон тооны бодлогын зөвлөлтэй болох асуудал юм. Цаашдаа улстөрийн нам гишүүнчлэлээрээ бус, бодлогоороо өрсөлддөг болох ёстой. Хэн их гишүүн элсүүлсэн нь бус, хэн зөв бодлого явуулсан нь иргэдийн дэмжлэгийн авдаг механизмд шилжихийн тулд зайлшгүй бодлого тодорхойлох бодлогын зөвлөл ажиллах ёстой. Тэгээд ч улс төрийн нам Засгийн эрхийг авахаасаа илүү нийгмийн менежментийг хийх чиглэл рүү анхаарч байж зөв голдиролдоо орно. Иймд АН аливаа шинэчлэлийн анхдагчийн хувьд улстөрийн намуудын цаашдын хөгжилд бодлого руу нь уриалж байгаа аж. Бодлогын зөвлөл ажиллах нь намын мөрийн хөтөлбөр судалгаатай, бодит амьдралд нийцсэн болоход илүү дөхөмтэй болох юм.
Гуравдахь шинэ алхам нь намын хүний нөөцийн бодлогод хийгдэх өөрчлөлт аж. Өнөөгийн улстөрийн намуудын хүний нөөц, боловсон хүчний бодлого алдагдсан учраас хэн сайн ажилласан нь бус, хэн нэг даргад сайн харагдсан хүмүүс илүү их албан тушаалд томилогдох байдалтай байгаа. Харин нам орон тооны хүний нөөцийн бүртгэгчтэй болж, намынхнаа бүртгэснээр хаана, ямар чадварлаг боловсон хүчин байгааг тодорхой болгож, тэднийхээ ур чадварыг ашиглах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа юм. Иймээс орон тооны бүртгэгтэй болох асуудлыг дүрмийн төсөлд тусгасан байна.
Мөн аймгийн намын ХЭГ-ын даргыг намын Ерөнхий нарийн бичгийн дарга томилж, санхүүжилтийг нь тодорхой болгож, хариуцлагыг дээшлүүлэхээр төсөлд тусгажээ. Орон нутгийн намуудын хамгийн том асуудал нь намуудын санхүүжилтийн ялгаа байдаг. Энэ нь шударга бус өрсөлдөөн, мөнгөнөөс хараат байдал бий болгох учраас улстөрийн намын УИХ дахь суудал, хэрэгжүүлэх ажлын чиглэлээр нь санхүүжилтийг тодорхой шийдвэрлэж өгч, илүү хариуцлагатай болгох зорилгоор санхүүжилтийн асуудлыг хөнджээ.
Алтай нутгийн Ардчилсан намынхан намын дүрэмд шаардлагатай өөрчлөлтүүдийг хийж байгааг дэмжиж байлаа. Харин Гүйцэтгэх зөвлөлийнхнийг Бодлогын зөвлөлд оруулах, хүний нөөцийн бодлогыг шинэчлэх бүртгэгчийг нэр томъёоных нь хувьд өөрчлөх, анхан шатныхныг намын бодлогод ээлжээр оролцуулах, намын хороонд сонгогдсон төлөөлөгч бүхнийг оролцуулахгүйгээр намын амьдрал мэддэг хүмүүсээ оруулж байх, гишүүний татварт өөрчлөлт оруулах гэх зэрэг саналуудыг гаргаж байсан юм.
Харин өнөөдөр Баянхонгор аймагт дүрмийн шинэчлэлийн хэлэлцүүлэг яг одоо болж байна. Аймгийн 20 сумаас АН-ын 300 гаруй төлөөлөгч цуглан намын дүрэмдээ оруулах өөрчлөлт оруулахаар яг одоо хэлэлцэж байна.
Баянхонгор аймгийн АН-ын дарга Д.Жаргалсайхан, ИТХ-ын дарга, Д.Ширмэн, АН-ын Нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг нар оролцон намынхаа анхан шатныхны саналыг сонсож байна.