
-Таны тухай маш их сенсаацитай мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байна. Эдгээрийн араас хүмүүс сэтгэгдэл ч их бичсэн. Тэдний дотор танд итгэж байсан, таныг алдаа гаргасанд харамссан өнгө аястай сэтгэгдэл цөөнгүй байна лээ. Та үнэхээр МИАТ-ийн гэх хэрэгт хамааралтай юу. Энэ бүхний талаар та яагаад ямар нэгэн тайлбар хэлэхгүй байгаа юм бэ. “Дуугүй байх нь зөвшөөрсний тэмдэг” гэж үг байдаг даа. Тэр өнгөөр ойлгох ч хүн байгаа шүү дээ?
-2012 оны сонгуулийн өмнөх үе хүртэл би төрийн албан хаагчийн хувьд нэр сэвтээгүй явсан шүү. Төрийн тулхтай хар хүн явсныг гэрчлэх хүмүүс бий. Үнэндээ бол өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнөхөн зарим хүн намайг сонгуулийн болзошгүй өрсөлдөгч гэж үзэн мэр сэр гоочилж эхэлсэн. Гэтэл надад улстөрд орох төлөвлөгөө байгаа ч үгүй, одоо ч алга.
Харин сүүлийн хэдэн сард дайралт гүтгэлэг хэрээс хэтэрлээ. Төрийн тусгай албаны жаргал зовлонг сайн мэддэг хүний хувьд хяналт шалгалт дуусч, үнэн мөн нь олдтол чимээгүй хүлээцтэй байя гэж бодсон. Түүнээс биш хэлэх үггүй болчихоод дуугай суугаад байгаа юм биш. Шуудхан хэлэхэд энэ дуулиан шуугиан МИАТ-ийн төлөвлөж байсан хувьчлал, шинээр байгуулсан “Монголиан эйрлайнес” компани руу орчих вий гэж айсан хүмүүс л галыг өөрөөсөө зайлуулж, анхаарлыг над руу чиглүүлж, намайг “золиг”-т гаргаж байгаа үйл явц шүү дээ. Бэлтгэн цацаж байгаа нэвтрүүлгийн доор “төлбөртэй” гээд биччихсэн байгааг бүгдээрээ харсан. Би хулгай хийгээгүй, тэр хэрэгт ч хамаагүй, телевизээр олон нийтийн өмнө худлаа яриагүй гэдгээ дахин хэлье. Тиймээс надад итгэж байсан, одоо ч итгэдэг хүмүүст хандан дүгнэлтээ яаран битгий өөрчлөөсэй гэж гуйя.
-Таныг “Дайны эрсдлийн даатгал”-ын мөнгийг “Вest Wealth Aviation Insurance Group” компанид байршуулсныхаа төлөө Япон улсад 48 сая иений үнэтэй байраар шагнуулсан гэсэн мэдээлэл байгаа?
-Би хир хөрөнгө чинээтэй, юу хийчихсэн хүн бэ гэдгээ илэн далангүй тайлбарлая. Яг өнөөдөр надад байгаа зүйл гэвэл, 2003 онд өөрөө барьж байгуулсан хоёр давхар тоосгон байр, хашаа, граж бий. Хашаандаа мод бут ч тарьсан /Тухайн үед 84 сая төгрөгөөр босгож байсан, одоо үнэлбэл овоо хэдэн сая болно хэмээн тодотгов/. Эхнэр бид хоёр тус тусдаа боломжийн нэг нэг унаатай. Хүмүүс бэлгэнд өгсөн 2-3 сайхан хурдан морь /бэлэглэсэн эзэд нь ойрхон байгаа гэв/ хөөрөг даалин гээд хүмүүст байдаг ойр зуурын юмс бий. Түүнээс биш гадаадад бүү хэл дотоодод ч данс хадгаламж алга. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгайлан тайлбарласан хоёр унтлагын өрөөтэй байр нэг газар байгаа. Өөр хүний нэр дээр бүртгүүлсэн хөрөнгө гэж байхгүй. Ерөөсөө иймэрхүү л айл, манайх. Зарим хүнд их юмтай юм шиг харагдах байх, мэдэхгүй юм. Ихэнх нь жирийн л нэг байдаг л айл байна гэдгийг ойлгох байх. 2008 онд Японд хоёр унтлагын өрөөтэй байр аваад 2010 онд зарсан. Харин 2010 онд Нүхтэд авсан байраа 2011 онд зарсан явдал бий. Энэ нь ч өөрийн гэсэн түүхтэй.
2007 онд гэр бүлийн хүн хүндээр өвчилж, гадаадад удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай болсон. Тэгээд Японыг сонгож, тэнд интерперон гэдэг тариа хийлгэж жил гаруй болсон юм. Тэр үед МИАТ-ийн төлөөлөгчийн газрын зөвлөх тушаал гаргуулж, дээр дурдсан байшинг түр хугацаагаар худалдаж авсан нь үнэн. Японд түр оршин суух үнэмлэх авах, улмаар тэндхийн эрүүл мэндийн даатгалд хамрагдах зорилготой байсан юм. Ингэхгүй бол эмчилгээний төлбөрийг нь дийлэхгүй юм билээ. МИАТ-ийн төлөөлөгчийн газрын зөвлөх тушаал гаргуулах, байр авах, даатгалд хамрагдахаад одоогийн МИАТ-ийн гэх хэл аманд орчихоод байгаа хүмүүс их тус болж, бид ч их баярлаж байсан. МИАТ-ээс сарын 3000 ам.доллар байтугай ямар ч мөнгө авч байгаагүй гэсэн баримт нь энэ байна /баримтыг хавсаргав/. Мөн тэр хүмүүсийн заримаас мөнгө зээлж, буцаан төлсөн шилжүүлгийн баримт нь ч бас байна /Шилжүүлгийг канондсон боловч хэвлэлд гарахааргүй бүдэг буув/. Болбол энэ баримтыг сайтдаа тавьчихаарай.
-Насаараа төрийн алба хаасан та ямар мөнгөөр өдий хэмжээний төлбөр хийсэн нь сонин санагдана. Та ямар бизнес эрхэлдэг вэ?
-Би 2001 онд Монголын нэг нэртэй бизнесмен залуугаас мөнгө зээлж багагүй орлоготой компанийн хувь эзэмшигч болсон. Тухайн үед тэрбээр УИХ-ын гишүүн байжээ | Энэ тухайгаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тодорхой мэдээлсэн байгаа. Эндээс дивиденд хэлбэрээр мөнгө авдаг байсан. Тэгээд түүнийг 2006-2007 онд зарсан. Хэрвээ хэн нэгэн энэ тухай сонирхвол “Зууны мэдээ” сонины 2006 оны нэгэн дугаарт төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг нийтэлсэн байдаг. /Тэрбээр хувьчлан авсан үл хөдлөх хөрөнгө болон компани аж ахуйн нэгжийн буянаар улсын мөнгөнд гар дүрэхээргүй болсон хэмээн дурдаж байлаа/
-Анх “Дайны эрсдлийн даатгал”-ыг байгуулахдаа МИАТ-ийн удирдлагууд тантай зөвлөөгүй юм уу?
-Үгүй ээ. Харин анх 2011 оны хоёрдугаар улиралд ТӨХ-ноос МИАТ-ийг шалгаад 6.8 сая ам.долларыг үр ашиггүй зарцуулсан байна гэж дүгнэн яриа хөөрөө болж байсан. Энэ тухай илтгэх хуудас ТӨХ-нд байх ёстой. Харин цаад Япон компани нь хуурамч эсэхийг тогтоож чадаагүй юм. Дараа нь бас ТӨХ-ны ахлах мэргэжилтэн Япон яваад тэр компанийг нь олоогүй. Энэ үеэр уг асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн тул материалаа шилжүүлээд шалгалтаа зогсоосон. Тэгээд ч удалгүй оны заагаар би ажлаа өгсөн. Энд хэлсэн ярьсан зүйлийнхээ төлөө би бүрэн хариуцлага хүлээнэ. Хэвлэлээр намайг хүн аймаар авлигач гэж цоллоод байгаа ч энэ бүхэн бодлого төлөвлөгөөтэй явуулга болохоос бодит байдалтай нийцэхгүй байгааг төгсгөлд нь хэлье. Би ямар ч өөгүй, өндөг шиг цэвэрхэн хүн биш байж магадгүй, гэхдээ л бас ч гайгүй эр хүн гэдгийг надтай ажиллаж байсан хамт олон, таних мэдэх хүмүүс хэлнэ дээ. За ингээд больё. Энэ удаагийн ярилцлагаа өндөрлөе. Гэхдээ би дараа дэлгэрэнгүй ярилцана аа.