Хазара оюутнууд Монголд амьдрахыг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2013.04.11-нд нийтлэгдсэн

Хазара оюутнууд Монголд амьдрахыг хүсч байна

“Найман зууны тэртээ Афганистаныг хүйс тэмтэрсэн өвөг дээдсийн маань өрийг өнөөдөр амиараа төлж яваа хазара монголчууд энхтайван гэдэг ойлголт мартагдах шахсан газарт амьдарч байна” хэмээн нулимс амтагдсан үнэнийг ангийн анд маань дөрвөн жилийн өмнө “Монголоо хайсан Монгол” номондоо бичсэн нь бий. Чингисийн цуст монгол хүн гэдгээ хэлэхээс айж явсан үе хазара монголчуудад байсныг тэдний төлөөлөл болон Монголд суралцаж буй Аббас Даяар үгүйсгэхгүй байна. Өдгөө ч дайн самууны аюул арилаагүйг цагаан сарын дараахан болсон цуст аллагад зуу гаруй хазара монгол хүн амиа алдсан жишээ харуулна. Дайн самуун гээчийг мэдэхгүй энх амгалангийн орондоо жарган суугаа монголчууд нэг нэгнээ хайрлахын ухааныг олон зууны турш дарлал мөлжлөг амссан хазарачуудаас харж болно гэсэн ухаарлын үгийг  Аббас Даяар  хэлж байлаа. Харваас бидний нэг гэдгийг илчлэх намхан нуруу, долгионтой хар үстэй энэ залуу МУИС-ийн Антропологийн тэнхимд гурав дахь жилдээ сурч байгаа аж. Гадаад аялга нь төдий л анзаарагдахгүй түүний яриа  хүртэл   аргагүй л монгол угсаатан юм даа гэсэн бодол төрүүлэм.

Ухаан суух үедээ “Монгол” гэдгээ мэджээ

Өдгөө Улаанбаатарт 10 гаруй хазара оюутан МУИС, Улаанбаатар ИС, MIU сургуульд суралцаж байна. Хазарачуудаас анх түрүүн Монголыг зорьсон, Засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй  гурван оюутны нэг нь Аббас. Харин түүнээс хойш Монголын Засгийн газраас хазара оюутанд тэтгэлэг өгөөгүй гэнэ. Цаашдаа энэ тэтгэлэг үргэлжлээсэй, нэг ч болов хазара хүн элэг нэгтнүүдийнхээ ахуй амьдралтай танилцан дотносоосой гэж боддогоо Аббас хэлж байна. Дэлхийн өнцөг булан бүрт найман сая гаруй хазара үндэстэн аж төрдөг. Тэднээс хамгийн олуулаа нь Афганистаны хазарачууд. Хамгийн их дарлал мөлжлөг дарамт шахалт амссан нь мөн л тэд гэнэ. Дайны гал намжсан сүүлийн арван жилийг эс тооцвол дарлал дунд аж төрж байсан хазарачууд өөрсдийн угсаа гарвал, үүх түүхээ үр удамдаа өгүүлж хүүрнэсэн нь үгүй ажээ. Зарим нь бүүр хазара гэдгээ нуудаг байж. Тийм л нөхцөлд өсч торнисон Аббас 13-14 настай байх үеэс “Би хэн бэ. Яагаад хазара үндэстнийг афганууд илүү дарлаад байна вэ” гэсэн асуултад хариу эрж эхэлжээ. Үнэндээ тэднийг Чингисийн удам гэдгийг батлах, гэрчлэх зүйл тун ядмаг ажээ. Ном судар ч үгүй гэнэ. Тиймээс тэрбээр гадаадын эх сурвалжийг сонирхон судалсны ачаар өвөг дээдэс нь Чингисийн мянгатынхан болохыг хазара хэмээх перс үгний мянгат гэсэн утга угсаа гарвалыг нь илэрхийлдгийг ойлгон авчээ. Их эзэн эзэлсэн газар нутгаа сахиулахаар үлдээсэн мянгат цэргүүдийн удам болсон хазарачууд өдгөө харьцангуй тайван орчинд аж төрөх болжээ. Афганистан улсын хүн амын 25 хувийг эзэлдэг хазара үндэсний төлөөлөл болсон 65 хазара хүн улсынхаа парламентад суудаг. Парламентийн 2048 гишүүний дунд эзлэх хувь нь бага ч үндэстний төлөөлөл төрийг төвхнүүлэхэд оролцох болсон нь том боломж гэж хазарачууд итгэдэг гэнэ. Афган хэдий ерөнхийлөгчийн засаглалтай ч  тус улсын хоёр дэд ерөнхийлөгчийн нэг нь хазара ажээ. “Хүнд хэцүү бүхэн ард хоцорч байгаа. Улс орны байдал тайван болохын хэрээр хазара хүмүүс олноороо гадаад улс орнуудад сурч мэдлэг эзэмшиж байна. Би МУИС-аа төгсөөд цаашид докторантурт сурна. Гэхдээ Монголд биш бол өөр газарт ч бол дахин сурах хүсэлтэй. Ирээдүй илүү сайхан болно гэдэгт итгэдэг” гэж хазара залуу инээмсэглэсэн.

Боржигон, бэсүд овгийнхон цөөнгүй

Афганистан дахь хазара монголчууд 1880-аад оныг хүртэл ажин түжин аж төрцгөөж байжээ. Афганы төв хэсэг болох Хазаражатыг өөрийн эзэмшил нутаг хэмээх итгэл нь аюулт дайны галыг асаажээ. Түүнээс хойш олон арван жилийг галт сумтай уралдан өрсөлдөн өнгөрүүлэхдээ цөөнгүй хэсэг нь төрөлх нутгаа орхин дүрвэсэн бол аймаглан устгах бодлогод өртөн амь үрэгдсэн нь тэднээс дутахгүй ажээ. Тэр үед хазара үндэстний 63 хувь нь үгүй болсон гэж үздэг ажээ. Дайны галаас зугтаад явчих юмсан гэж бодогддог уу гэсэн асуултад “Бид зургаан саяулаа. Хэрэв цөөхүүл байсан бол хажуу зэргэлдээ улс руу, бүүр Монгол руу ч бол дүрвээд ирэхсэн. Зургаан сая хүнийг хүлээн авах улс орон үгүй биз дээ. Тэгээд ч бид тэнд төрж, өссөн, тэндээ л амьдрах ёстой гэж бид боддог” хэмээн Аббас өгүүлж байна. Тиймээс ч олон улсын судлаачдын “Hazara Changezi” хэмээн нэрлэсэн монгол угсаатан өнөөг хүртэл эзний үлдээсэн бууриа сахин аж төрсөөр иржээ. Хэдийгээр тэд өдгөө перс хэлээр ярьдаг ч олон зууны тэртээх монгол хэл, соёлын үлдэгдэл ор мөргүй устаагүйг гэрчлэх монгол гаралтай үг хэллэг цөөнгүй бий гэнэ. Хэл ярианы нь 20 орчим хувь нь монгол үг байдаг гэнэ. Хүний биеийн бүхий л нэр нэршил, мал, амьтны нэр гээд монгол үгс олон байна. Аялгыг нь сонсохнээ орчин цагийн монгол хэлнээс илүү уйгаржин монгол бичгийн хадмал гэж андуурам үгсийн заримыг Аббас хэлж байлаа. Алгай- алга, бугай-бугуй, тохай-тохой, украа-ухархай, гацар-хацар, толгай-толгой гэх бөгөөд авга, нагацаа ч мөн яг л бидэн шиг нэрлэнэ. Хайчи, чээжи, таяаг, элчи, шигай гэх үгсийг ч хадмалгүйгээр уншигч та ойлгоно биз ээ. Хил тусдаа ч хэл нэгтэй гэдгийг илтгэх монгол гаралтай үгсээр хүүрнэн суугаа тэднийг харийнхан гэж ад үзэх сэтгэл үнэндээ төрөхгүй юм билээ. Төрх нь монгол ч зүрх нь харийнх болсон олон арван монголчууд байхад төрх нь магад харийн харагдаж болох ч зүрх нь монгол хүмүүс хазарачууд дунд цөөнгүй байдаг гэнэ. Афганчууд олон арван үндэстэн, ястнаас бүрддэгийн адил хазарачууд ч олон ястан, овог аймагтай. Тэдэн дунд боржигон, бэсүд овгийнхон ч бас бий.

Хазара бүсгүйчүүд  гивлүүрээ гээжээ

Афганистаны Бамиян хотод сүндэрлэж байсан Бурхан Буддагийн чулуун хөшөөг талибууд засгийн эрх барьж байх үедээ хазара хүмүүстэй адил харагдсан гэх шалтгаанаар нурааж орхисон гэнэ. Үнэндээ ч хазарачууд дунд буддын шашинтан бараг үлдээгүй. Ил хааны үеэс хаантнаа дагалдан исламын шашинд орсон хазарачууд өдгөө ч шашиндаа үнэнч хэвээр үлджээ. Гэтэл Талибаны засгийн газрынхан “Хазарачууд лалын ариун шашинтан биш учраас алж устгаж болно. Хазара хүнийг алах нь нүгэл биш” гэсэн ухуулга дэлгэрүүлж олноор нь устгаж байжээ. Тэр хүнд үе ард үлдэж, хазара хүүхдүүд таван наснаасаа эхлэн сургуульд сурч байна. Монгол шиг хүн бүр бичиг үсэгтэн болоогүй ч охид, хөвгүүдээ эрдэм номд сургахыг илүүд үздэг болсон гэнэ. Хазара эрчүүд амьдралаа авч явах үүргийг ягштал биелүүлэхийг чухалчилдаг бол бүсгүйчүүд гэр зуураа хүүхэд хүмүүжүүлэх, эр нөхрөө асрах үүрэгтэй байжээ. Байжээ гэхийн учир нь лал шашинтны хатуу чанд энэ “дүрэм” сүүлийн үед зөөлөрч, хазара хүүхнүүд гивлүүрээсээ салсан төдийгүй гэр сахих үүргээсээ чөлөөлөгдөн эрдэмд шамдаж, ажил хөдөлмөр хийх болсон байна. Исламын шашны хатуу чанга шаардлага афган дахь хазарачуудын дунд нь амь бөхтэй явсаар өдгөө хүрсэн нь өнөөх л дайн самуунтай холбоотой гэнэ. Пакистаны хазарачууд харьцангуй чөлөөт сэтгэлгээтэй, илүү амгалан амьдардаг байна.  Аббасын гэрлэсэн найзууд  эхнэрээ зарц мэт байлгахыг хүсдэггүй гэж тэрбээр хэлж байлаа. Хөдөө тосгон, гацаанд амьдарч буй хазара хүмүүс харьцангуй эрт гэрлэдэг бол хотын залуус гэрлэлтийг хоёрдугаарт, сурч боловсрохыг нэгд үздэг болжээ. Аббас өдгөө 25 настай, хараахан гэрлээгүй. Түүний хувьд докторт сурч,  илүү ихийг мэдэж авах нь нэгдүгээр зорилго ажээ. Аав нь гэр орныхноо тэжээдэг худалдаачин хүн байсан. Харин ээж нь бусад хазара эхчүүдийн адил үр хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлж, дайн дажны галд өртүүлэхгүйн төлөө сэтгэл чилээн өнөөг хүрсэн байна.

Хамгийн дуртай зүйл нь морь унах

Аббас Монголд ирэхийнхээ өмнө Монголын талаар мэддэг болсон байжээ. Монгол хүмүүстэй уулзаж, Монголын тухай уншиж судалсан болохоор Монголд ирэхэд харь хол, тэс өмнөө санагдаагүй гэнэ. Хэдийгээр өөрөө шашингүйн үзэлтэн боловч шашин шүтэх эрх нь чөлөөтэй байдагт хамгаас илүү баярлажээ. Түүнчлэн Монголын хөдөө нутаг түүнд яг л төрсөн гэр шиг нь дотно санагддаг гэнэ. “Хазарачууд ч мал аж ахуй, газар тариалан эрхлэн аж төрдөгөөс тэгсэн байх магадлалтай, өөр бусад орныхон хөдөө очоод их гайхдаг. Би огт тэгээгүй”  гээд морь унан Туул гол гаталж байгаа зургаа үзүүлэв. Тэрээр Хэнтий, Сүхбаатар аймагт очиж амарчээ. Мал маллаж, монгол гэрт хэд хоносон өдрүүд хамгийн дурсгалтай нь гэж хуучлах. Хөдөө амрах хугацаандаа өвөг дээдсийн үедээ оччихсон ч юм шиг бодогдсон гэнэ. Түүнийг хөдөө рүү татах хүч нь морь ажээ. Морь унах хамгаас дуртай түүнд монгол найз олон. Тэдний нэг нь Аббаст монгол дээл бэлэглэжээ.

Замын зардал нь өндөр учраас хазара оюутнууд зундаа л нэг нутгаа зорьдог. Тэднийг очиход хавь ойрынхон  гэрт нь цуглаж, Монголын сонин сонсож заншжээ. Аббас ч өөрийн үзсэн дуулснаа харамгүй хэлдэг гэнэ. Харин Улаанбаатарыг сайн мэдэхгүй гэдгээ хэлэлгүй нуучихдаг гэлээ. Хотоор хамаагүй явахыг хүсдэггүй гэсэн нь ямар учиртайг тайлбарлалгүй үлдээсэн юм. Магад хоёр жилийн өмнөх хил дээрх явдал сэтгэлд нь таагүй сэтгэгдэл үлдээсэн байж ч болох. Тэрээр Бээжингээс галт тэргээр гарч, Замын-Үүдэд иржээ. Монгол хэл сайн сураагүй  байсныг хэлэх үү, визний хугацаа дууссанаа мэдээгүйгээс хоёр хоног хилийнхэнд байцаагдаж, террористоороо дуудуулжээ. “Би террорист  биш, та нартай адил монгол цустай хазара хүн” гэж хэлээд ч ойлголцоогүй гэнэ. Шашны үзэл суртлаас илүүтэй хүмүүсийн хандлага түүнд жийрхэх сэтгэл төрүүлсэн бололтой.

Гэхдээ л хазара оюутнууд дунд Монголд ажиллаж, амьдрах хүсэлтэй нь цөөнгүй гэдгийг хэлж  байлаа. Ерөнхийлөгчийн монгол туургатныг нэгтгэх уриалгыг талархан хүлээн авсан хүмүүсийн нэг нь Аббас бөгөөд өнгөрсөн онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Батулгатай уулзаж, Ерөнхийлөгчтэй биечлэн уулзах хүсэлтэй байгаагаа дуулгажээ. Монголд суурьших, Монголын иргэн болох хазарачуудын хүсэлт Ерөнхийлөгчийн сонорт хүрсэн эсэх, үүнд ямар хариу өгөх нь одоогоор тодорхойгүй ч чих тавин хүлээсэн хэвээр байгаа гэнэ.

Д.ЦЭЭПИЛ

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №006

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж