“Голдмен сакс”-ын охин компанийг Арбитрт өгөх үү?

Хуучирсан мэдээ: 2013.04.10-нд нийтлэгдсэн

“Голдмен сакс”-ын охин компанийг Арбитрт өгөх үү?

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс Уул уурхайн сайд Д.Ганхуягт хандан тавьсан Монгол Улсын Засгийн газар Оюутолгой орд газрыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад санхүүгийн зөвлөхөөр ажилласан “Голдмен сакс” компани “Айвенхоу Майнз Лимитэд”-д хувьцаа эзэмшдэгээ мэдэгдэлгүй зөвлөгөө өгсөн үйлдэл, эс үйлдэл байгаа эсэхийг шалган судалж, дүгнэлт ирүүлэх тухай асуултын хариуг сонслоо.

Уул уурхайн сайдын мэдээллээр бол “Голдмен сакс”-ын охин компани нь “Айвенхоу майнз лимитэд”-д хувьцаа эзэмшдэг атлаа түүнийгээ мэдэгдэлгүй “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад санхүүгийн зөвлөхөөр ажилласан байх талтай” тухай онцоллоо. Гэхдээ шууд ашиг сонирхлын зөрчилтэй байж, зөвлөх компаниар ажилласан гэж үзэх нь өрөөсгөл. Энэ асуудлыг шүүх байгууллага тогтооно гэж мэдэгдсэн юм.

Мөн тус компани нь хөрөнгийн биржийн арилжаанаас тодорхой хэмжээний ашиг олсон байх талтай аж. Хамгийн ноцтой нь эрх бүхий байгууллагууд зөвлөх компанийг шалгаруулахаар тендэр зарлах үед “Голдмен сакс” компанийн зүгээс “Ашиг сонирхлын зөрчилгүй” гэсэн албан бичиг ирүүлж байсан гэнэ. Тиймээс энэ асуудлын хүрээнд шүүхэд асуудлыг тавьж шийдүүлж болох талтай тухай албаны хүн бас онцолж байв.

Харин энэ асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн О.Баасанхүү Уул уурхайн сайдад хандан “Шүүхэд хандаж болно гэлээ. Арбитрын шүүхэд хандах юм уу, аль эсвэл дүүргийн шүүхэд хандах гээд байна уу. Хэрвээ энэ компани нь ашиг сонирхлын зөрчилтэй байсан юм бол Монголын тал нэхэмжлэл гаргаж болно. Гэхдээ Арбитрын шүүхэд хандлаа гэхэд дор хаяж Америкаас өмгөөлөгч авна, ирж очих зардал энэ тэр гээд тооцохоор дор хаяж 10 сая ам.доллар гарна” гэж байлаа.

Үүнд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуулийн зөвлөх н.Энхбат “Голдман сакс”-ын охин компани ашиг сонирхлын зөрчлөө ил тод мэдээлээгүй учраас АНУ-ын үнэт цаас хөрөнгийн хороо, Санхүүгийн зохицуулах хороонд асуудлыг тавьж болох талтай. Шүүхээр мөн явж болох талтай гэж бид үзсэн. АНУ-ын талаас Арбитрын шүүхэд хандаад “Голдман сакс” компаниас мөнгө буцааж авч чадвал түүнээс 7.4 хувийн шимтгэл авна гэсэн санал ирүүлсэн. Яг албан ёсоор нийт зардал хэд гарах талаар тодорхой тооцоолол хийгээгүй байгаа” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Тухайн үед ийм ашиг сонирхлын зөрчилтэй компанийг шалгаруулж гэрээнд гарын үсэг зурсан албан тушаалтан хэн бэ гэдгийг тодорхой нэрлэх хэрэгтэй байна. Дээр нь Уул уурхайн яамны зүгээс Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ бол ашиг сонирхлын зөрчилтэй гээд зарлачихлаа. Энэ бүхэн чинь гадаад ертөнцөд ямар том эрсдэл дагуулахыг тооцоолсон уу. Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт 60 орчим хувиар буурсан тухай ярьж байна. Яг үнэндээ хөрөнгө оруулагчид бүгд гарчихлаа, гадаадын шууд хөрөнгө оруулалтаар ганц ашиг өгөх газар нь “Оюутолгой” төсөл. Гэтэл одоо Арбитрын шүүхэд өгч мэдэх нь. Энэ бүхний цаана ямар үр дагавар дагуулахыг ер нь тооцсон уу. Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах шаардлага бий юү гэвэл бий. Мөн тухайн үед гэрээ байгуулсан сайд нар нь амьд сэрүүн байна. Тиймээс тэр бүгдийг байлцуулж яагаад асуудлыг ярихгүй, тэгсэн атлаа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд асуудлыг татаж ирж ярьж байна вэ” хэмээн нэлээд бухимдаад авлаа.

Уул уурхайн сайдын зүгээс УИХ-ын гишүүн асуулт тавьсан нөхцөлд байнгын хороогоор хариуг нь сонсдог, асуулга тавьсан нөхцөлд чуулганаар сонсдог дэгтэй. Хуулийн хүрээнд асуудал явж байгаа. Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан асуудлын тухайд Шинэчлэлийн Засгийн газрын үед нэг ч гадаадын хөрөнгө оруулалтыг сааруулах шийдвэр гаргаагүй. Ер нь энд хэд, хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль батлагдсантай холбоотойгоор хөрөнгө оруулалт саарсан. Хоёрдугаарт, урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх хүрээнд алтны шороон ордууд хязгаарлалтын бүсэд хамаарсан учраас үйл ажиллагаа явуулах боломжгүй болж хайгуул, олборлолтоо зогсоож, хөрөнгө оруулалтаа хумьсан. Дээр нь “Саусгоби Сэндс”-ийн хуулийн зөвлөхийг АТГ-аар шалгасан гээд олон нөхцөл байдал нөлөөлсөн гэсэн тайлбар хийлээ.

Харин “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал Ц.Сэдванчиг “Голдман сакс”-ын охин компанийг санхүүгийн зөвлөхөөр шалгаруулсны дараа гурван тал баталгаажуулсан байдаг. Үүнд Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт,  “Эрдэнэс МГЛ” компанийн захирал Б.Энэбиш, “Голдман сакс”-ын охин компани гурав хамаарна. Гарын үсэг зурсан хүний тухайд Б.Энэбиш гэлээ.

Дээрх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Энэ асуудлыг Арбитрын шүүхэд өгч тогтоолгох ёстой. Монголд хариуцлагатай, хуулийг дагаж мөрддөг, шударга гадаадын хөрөнгө оруулагч хэрэгтэй” гэсэн бол асуулт тавьсан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Монголын нефть импортлогч комманиуд үгсэн хуйвалдаж, бүтээгдэхүүнийхээ үнийг нэмдэг шиг Монголд орж ирдэг гадаадын хөрөнгө оруулагчид үгсэн хуйвалдаж хөрөнгө оруулалтаа танаад байгаа юм уу” гэж хардах сэтгэл эрхгүй төрж байгаа. Дээр нь ашиг сонирхлын зөрчилтэй ажилласан байж мэдэх “Голдман сакс”-ын охин компанийн асуудлыг ингээд орхиж болохгүй. Шат шатанд нь шалгаж нягтлах ёстой гэлээ.

УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийн хувьд “Том асуудлыг тэргүүнд тавихгүй бол улс эх орны эрх ашиг хохирч байна” хэмээн хэлж байв. Ийнхүү тус байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж