
“Архигүй Хэнтийчүүд” хөтөлбөрийн хүрээнд хоёр тал “Амьдралын аваргууд” төслийг хэрэгжүүлэн архины хамаарлаас ангижрах зорилтот бүлгийн иргэдэд эмийн эмчилгээ хийж, танин мэдэхүйн мэдлэг олгож, хамтын хүчин чармайлтаар хорт зуршлаас ангижрахад нь дэмжлэг үзүүлж ажиллах юм. Уг төслийг хэрэгжүүлэхэд аймгийн зүгээс 6 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, “Амьдралын аваргуудын эхлэл сан” ТББ гурван сарын хугацаанд 10 иргэнийг “Эдгэрлийн баяр” сургалтанд хамруулж, аймгийн нэгдсэн эмнэлгийн наркологийн тасагт эмчлүүлж эдгээх үүрэг хүлээж байгаа аж. Энэ ажлын үр дүнгээс хамаарч төслийг цаашид үргэлжлүүлэн санхүүжүүлэх болно гэдгээ аймгийн удирдлагууд мэдэгдлээ.
“Амьдралын аваргуудын эхлэл сан” ТББ 2008 онд анх архины хамаарлаас сайн дураараа ангижрахыг хүссэн 12 хүнийг Багахангайд явуулж үйл ажиллагаагаа эхлэн тэднийгээ сургагч багшаар бэлтгэснээс хойш Зүүнхараад 50 хүн, Хөтөлд 20, Хэнтийд 20 хүнийг архины хамаарлаас ангижруулж, нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулж байна.
“Архи бол сэтгэлийн өвчин учраас сэтгэл зүйчээр бэлтгэгдсэн манай хүмүүс сэтгэлий нь эмчлэхэд гол анхаарлаа хандуулж сургалтаа явуулдаг. Тэгэхээр иж бүрэн цогц эмчлэхэд гэр бүл нь бидэнд тусалдаг, хамтарч ажилладаг” гэж тус ТББ-ын тэргүүн Ц.Энхжаргал ярилаа.
Эх сурвалж: www.khentii.gov.mn