Гашуун сухайтад осол гарч, хүний амь эндэв

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Гашуун сухайтад осол гарч, хүний амь эндэв

“Энержи ресурс”компанийн Гашуун сухайтын уурхайд барилгын ажилчин нас барсан хэрэг өнгөрсөн сарын 14-ний өдөр гарчээ. Осол тухайн өдрийн 12.00 цагийн орчим тус компанийн эзэмшлийн газар нутагт “ХИТ” компанийн барьж байсан барилгад болжээ. Барилгын дээд давхар руу дөрвөн ажилчныг татаж байсан хэрэгслийн олс тасарч унахад хамгийн доор байсан ажилчин тархины хүнд гэмтэл авчээ. Чойрын эмнэлэг түргэн тусламж үзүүлж, тархины гэмтэл авсан ажилчинд яаралтай мэс засал хийсэн ч хагалгаа амжилтгүй болж нас баржээ. Харин бусад гурав ажилчны хөл, эгэм нь хугарах зэргээр гэмтэл авснаар эмчилгээ хийлгэж байна.

Осол болсон хэргийн газарт Чойрын цагдаагийнхан очиж үзлэг хийхэд цемент зөөвөрлөх зориулалтай зүйлээр ажилчин ачиж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчсөн гэдгийг тогтоосон гэнэ. Одоогийн байдлаар Чойрын эмнэлгийн задлан шинжилгээний хариу гараагүй байгаа тул хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа түр саатаад байгаа тухай хохирогчийн ар гэрийнхэн ярьж байна. Мөн ажлын хариуцлага алдсан компанийнхан хохирогчдын ар гэрийнхэнд нөхөн төлбөр яаж барагдуулах нь тодорхойгүй байгаа ажээ.

Талийгаач Төв аймгийн Борнуур сумын харьяат, 20 настай. Аав ээжтэйгээ амьдардэг нэгэн байжээ. Удахгүй амьдрал зохиохоор зэхэж байсан төдийгүй түүний найз бүсгүй бие давхар үлдсэн байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж