Хуучирсан мэдээ: 2013.04.10-нд нийтлэгдсэн

АН-ын өмнөх сорилт

Хаврын чуулганы нээлт тойрсон халуухан улстөржилт хагас, бүтэн сайнд түр амсхийсэн ч Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг алга болсон мэдээлэл араас нь залгуулж, шинэ долоо хоног сүр дуулиантай эхэллээ. Улс төрийн тогоонд долоо хоног бүр нэг шинэ дуулиан нэмэгдэж, өмнөхийнх нь шуугиан арынхдаа дарагддаг уламжлал тогтох нь уу гэлтэй.

С.Баярцогтын гадаад дахь данс илчлэгдсэн мэдээллийн араас сэтгэгдэл урсч дуусаагүй байтал Ерөнхийлөгчийн илтгэл дараагийн шинэ сэдвийг  задалж орхисон. Үүнтэй зэрэгцээд сөрөг хүчин жагсаал хийж, намынх нь дарга олны өмнө онигоо болохоор үг хэлсэн. Учрыг нь олохоос өмнө улстөржүүлэх сонирхол тэдгээр үйл явдлыг улам ч дөгөөх янзандаа ороод байж байтал Ерөнхий сайд ууланд төөрч, урдах сэдвүүдийг ул болгох нь тэр.

Юу ч болж байсан ер юм болоогүй янзтай хүлээж авдаг Н.Алтанхуяг нисдэг тэргээр нийслэлд хүргэгдэж ирснийхээ маргааш хиймэл дагуул ярьсан шигээ явж байлаа. Эрх баригч намын дарга ийм тайван байгаа нь үнэн үү, эсвэл өнгөн дээрх үзэгдэл үү?!  Улс төрд өрнөж байгаа үйл явдлууд Ардчилсан намын хувьд ер нь ямар дохио өгч байна вэ?

Ууланд саатсаны учир юу вэ?

Хаврын чуулганаар хамгийн түрүүнд анхаарах ёстой асуудал бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарыг огцруулах эсэх асуудал гэж сөрөг хүчин үзэж байгаагаа мэдэгдсэн. Ийм мэдэгдлийн хариуд Ерөнхий сайд цасан шуурганаар ойд төөрч, олныг цочирдуулах арга хэмжээ авлаа. Хэрэв осолдож эндвэл яах вэ? Огцруулах эсэх асуудал үүний дэргэд  юу ч биш шүү дээ, ер нь яасан гэж ийм асуудал босгосон юм бэ гэдэг сигнал өгөх зорилгоор зориуд “төөрсөн” ч байж болохоор.

Гэхдээ ядрахад яр гэгчээр нэг буруудахаар бүх зүйл нэрмээс болдгийн адилаар энэ алхам нь араасаа баахан шүүмжлэл дагуулчихлаа. Сэлэнгэ мөрөнд осолдсон эх үр хоёрын хойноос шуурхай арга хэмжээ авч чадаагүйн гэм бурууг түүнд тохож байна. Бас эрэх, аврах ажиллагааны зардлыг тэр дор нь тооцоолж, түүнээс хариуцлага асууж байна. Хайрханд мөргөж хамаг олноо даатгах гэсэн нь хүртэл хаврын улстөрд нэрмээс болж байна. Тиймдээ ч сошиал медиа сувгаар түүний хэлсэн үг, мэдээлэл бүрийг онигоо болгож байна.

Altankhuyag ‏@altankhuyag_mn 8 Apr : Өчигдөр Бурхан Халдун хайрхандаа гараад буухдаа цасан шуурганд 53 хүнтэйгээ төөрөв. 18 хүнтэй өөр баг бас төөрөв. 7 цаг цас ухаж зам гаргав.

Altankhuyag ‏@altankhuyag_mn 8 Apr: Шөнө модон дотор гал түлж хонов. Өглөө 6 цагт хунгар цасан дундуур 4 цаг явж байтал онцгойгийнхон ирэв.

Altankhuyag ‏@altankhuyag_mn 8 Apr: Би шүтээн ууландаа авирдаггүй, харин хүндэтгэл үзүүлдэг. Энэ удаа ЕС хувьд олон түмнээ даатгаж мөргөсөн. Монголчууд улам их хийморьтой явна.

Гэх зэргээр Ерөнхий сайд жиргэсэн нь түүнд нэмэх биш хасах оноог олон цуглуулсан. Дайнд яваа биш яасан ч олуулаа дагалддаг юм бэ. Дараа удаж,  төвөг болохгүйгээр яваад ирэх нь ч яасан юм бэ… Муу эр дайнд хөөрнө гэгчээр Ерөнхий сайдын зөвлөх хэрхэн төөрсөн тухайгаа хэвлэлээр хөөргөдөн ярилцлага өгсөн байгааг харвал ямар сэтгэгдэл олон нийтэд үлдсэнийг Н.Алтанхуягийн багийнхан ерөөсөө мэдрэхгүй байгаа бололтой.

Бас нэг учир.
Бурхан Халдунд бууж мордох зуураа төөрч будилсан нь С.Баярцогтын Берлин явсныг хаацайлах гэснийх хэмээн хардаж буй хэсэг ч нийгэмд байна. Банкны хуулга авчирч, буруу зөрүү зүйл хийгээгүй гэдгээ  нотлохоор явсан С.Баярцогтын нууц дансны талаарх мэдээлэл ер нь яаж төгсөхөөс олон хүний хувь заяа хамаарахаар байгаа. Тэр дундаа Н.Алтанхуягийн багтдаг “Алтан гадас” фракцийнхны байр суурь ганхаж мэдэхээр байна. Хэд хэдэн засагт сайдын суудал сэлгэсэн С.Баярцогт ямар нэг булхай луйварт орооцолдсон нь тодорхой болвол нам нь түүнтэй УИХ-ын гишүүний ёс зүйн хариуцлагыг ярьж чадах эсэхээс энэ бүхэн хамаарна. Өөрөөр хэлбэл, түүний гишүүн байх эсэх асуудал энд хөндөгдөх учиртай. Өнөөдрийн байдлаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат С.Баярцогтын асуудлыг бүлгээс тойруулж, холдуулсан байр суурь илэрхийлж, “энэ нь алсаас шийдэгдсэн зүйл байх” гэсэн хардлагыг цухалзуулж байна. Энэ нь Ардчилсан нам түүнтэй хариуцлага ярихгүй гэсэн үг бөгөөд улстөржүүлээд өнгөрөх сонирхолтой байгааг илтгэж буй. Хэрэв ийм байдлаар уг асуудалд хандвал “Алтан гадас” ба Ардчилсан намд ирэх улс төрийн үр дагавар нь илүү хохиролтой.

Сөрөг хүчнийг сөргүүлэх оролдлого

Сөрвөлзөөд байгаа сөрөг хүчнийг дарах оролдлогод Ардчилсан нам шилжиж байгаа бололтой. Өчигдөр АН-ын бүлгийн дарга мэдээлэл хийж, “Эрдэнэт” үйлдвэр 170 сая ам.долларын зээл гаднаас авсан, өнөөдөр  тус үйлдвэр ашгийнхаа 1/3-ыг өрөнд өгч байгаа талаар мэдэгдлээ. Хамгийн гол нь ийм нөхцөл байдал үүссэн гэдгийг Засгийн газрын төвшинд хэн ч мэдээгүй байсан гэв. Жилд улсын төсөвт 500 сая ам.долларын ашиг төвлөрүүлдэг уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр жилийн ашгийнхаа 1/3-тэй тэнцэх хэмжээний зээлийг хэзээ, юуны учир авсан, үүнийг яагаад төр мэдээгүй вэ гэсэн асуудал тавигдах нь зүй ч гэлээ үүнийгээ өмнөх Засгийн газарт хаяглаж байгаа нь сөрөг хүчнээ сөрөх гэсэн алхам биз ээ. Хэрэв “Эрдэнэт” үйлдвэрт шалгалт оруулбал өнөөгийн МИАТ-ийн дуулиан шиг том гэмт хэрэг илчлэгдэхийг үгүйсгэх аргагүй. Нөгөө талаас харвал С.Баярцогтын нууц дансны араас хамтарсан Засагт байхдаа Ардчилсан намынхны оролцсон гэмт хэргийн сэжим цухуйж ч магадгүй гэх хүмүүс байгаа. Ардчилсан нам “Эрдэнэт” үйлдвэрийн нууц зээлээс гадна Тавантолгойн Зүүн цанхийн нүүрсний 80 хувийг дангаар нь “Чалько” компанид борлуулах урт хугацааны гэрээ байгуулсан тэр үеийн  Эрдэс баялаг, эрчим хүчний сайд байсан Д.Зоригт болон “Эрдэнэс тавантолгой” компанийн захирал Б.Энэбиш нараас хариуцлага нэхэх цаг болсон гэж мэдэгдлээ. Юутай Ардчилсан нам өөр дээрээ буух цохилтуудыг сөргүүлсэн алхамд ийнхүү бэлтгэж эхэллээ.

Жинхэнэ сорилтууд  урд байгаа

Шинэчлэлийн Засгийн газар энэ хаврын улс төрийн донсолгоог хэрхэн жолоодож ард нь гарахаас удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн ихээхэн хамаарна. Үүнийг тооцоолсон ажиглагчид АН ба Ерөнхийлөгчийн хооронд аль хэдийнэ яс хаяад эхэлсэн байна. Тухайлбал, “Ерөнхийлөгч Ардчилсан нам, “Алтан гадас”-т итгэл алдарч байна” гэсэн бор шувууг хаанаас ч юм бэ нисгэж байна. Мөн “Х.Тэмүүжинг огцруулах яриагаар өөрийгөө дараагийн Хууль зүйн сайд гээд бодчихсон хэд хэдэн хүн Ардчилсан намд байна” гэдэг яриа ч сонсогдож байна. Ерөнхийлөгчийг Ардчилсан намтай, Ардчилсан намыг өөр дотор нь хагаралдуулах хөндлөнгийн сонирхол байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ Ардчилсан нам ч өөр зуураа эвийн цавуу шиг байж чаддаггүй гэмтэй.

Цаг зуурын энэ мэт улс төрийн сорилтууд Ардчилсан намыг шалгаж, шигшээд өнгөрнө гэж бодоход шинэчлэлийн Засгийн газрын өмнө жинхэнэ шалтгалт болох учиртай өөр бусад хүчин зүйлүүдийг яах вэ?

Экспортын 50 хувь болох нүүрсний борлуулалт зогсч, улсын төсвийн орлогын 40 хувь шууд тасрахад хүрээд байдаг? Бас гадаадын шууд хөрөнгө оруулалт буурснаас болоод мөнгөний нийлүүлэлт багасч, дотоодын зах зээл хүндрэх шинжтэй болсныг юутай ч нэг удаад бонд босгох замаар аргалаад өнгөрлөө. Цааш цаашдын эдийн засгийн хүндрэлүүдийг шинэчлэлийн Засгийн газар яаж даван туулахаас Ардчилсан намын хувь заяа хамаарах болж байна.

З.БОРГИЛМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж