
Хятадын Аньхуй мужид өчигдөр шувууны томуугийн “H7N9” вирусын өсвөрөөр өвчилсөн дахин нэг хүн нас барснаар уг вирусын халдвараар нас барсан хүний тоо ес болж, нэмэгдсэн тухай “Синьхуа” мэдээлжээ. Үүний зэрэгцээ Хятадын албаныхны зүгээс шувууны томуугийн “H7N9” вирусын эсрэг вакцин ирэх сараас бэлэн болно гэж мэдэгдсэн байна. Хятадад өнгөрсөн сард шувууны томуугийн “H7N9” вирус хүнд илэрснээс хойш 28 хүн өвчилж, есөн хүн нас бараад байгаа бөгөөд тэд бүгд тус улсын өмнөд нутгийн иргэд аж. Одоогоор шувууны томуугийн “H7N9” вирусын өсвөрөөр өвчилсөн иргэд ямар замаар халдварласан нь тодорхойгүй хэвээр байгаа юм байна. Гэхдээ дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өчигдөр мэдэгдснээр Хятадад нэг гэр бүлийн хоёр хүн “H7N9” вирусээр халдварласан нь нэг нэгнээсээ халдсан байж магадгүй хэмээн сэжиглэж байгаа бөгөөд хэрэв энэ сэжиг батлагдвал уг вирус хүнээс хүнд халдсан эхний тохиолдол болох гэнэ. Хятадын албаныхны зүгээс өнгөрсөн долоо хоногт уг өвчний вирус илэрсэн 20 мянга гаруй шувууг устгалд оруулж, Шанхайн тэжээвэр шувууны захыг хаах арга хэмжээ авсан билээ.