Европын оюутны наадам Москвад болно

Хуучирсан мэдээ: 2013.04.10-нд нийтлэгдсэн

Европын оюутны наадам Москвад болно

Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу Европын оронд суралцдаг оюутны спортын III их наадам энэ сарын 30-наас тавдугаар сарын 1-нд ОХУ-ын Москва хотын “ЦСКА” буюу Оросын Армийн спортын төв цогцолбор клубийн спортын ордонд болно.

Европийн 40 орчим их, дээд сургуульд суралцдаг 500 орчим оюутан оролцох энэхүү наадам сагсан бөмбөг, шатар, ширээний теннис гэсэн спортын гурван төрлөөр явагдана. Уг нь оюутны наадмыг дөрөвдүгээр сарын 7-8-нд явуулахаар зарласан ч “ЦСКА”-гийн спорт заалны цагийн хуваариас шалтгаалан ийнхүү хойшлох болсон юм.

Дөрвөн жилд нэг удаа гадаадад суралцагч, оюутнуудын дунд уламжлал болон явагддаг наадамд оролцох баг тамирчид бэлтгэл сургалтаа базааж байна.

Наадмыг зохион байгуулахаар дөрөвдүгээр сарын 28-нд Москва хот руу ССАЖЯ, Монголын оюутны спортын холбооны төлөөлөгч, сагсан бөмбөгийн улсын шүүгч, спортын мастер Б.Жаргалсайхан, Г.Нямдорж нар ОХУ-д ажиллах гэнэ. Тус наадамд амжилттай оролцон тэргүүн байранд шалгарсан оюутан тамирчдад Монголын оюутны спортын “Универсиад” III их наадмын өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал, цомыг гардуулах аж.

ОЮУТНЫ УНИВЕРСИАД НААДМЫН МОСКВА ХОТНОО БОЛОХ ЕВРОПЫН БҮСИЙН НААДМЫН ТЭМЦЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

Дөрөвдүгээр сарын 29

  • 09:00 Наадамд оролцох төлөөлөгч, тамирчдыг хүлээн авах, байрлуулах.
  • 09:00-16.00 Москва хотноо ЭСЯ ны 1 байрны номын санд  наадамд оролцох оюутнуудын биеийн байцаалт, бичиг баримтыг шалгах, мандат олгох үйл ажиллагаа болно.
  • 16:00 Москва хотноо ЭСЯ ны 1 байрны номын санд нэгдсэн болон спортын 3 төрлийн техникийн зөвөлгөөн хийнэ. Техникийн зөвөлгөөнд багийн ахлагч, төлөөлөгчид орно.

Дөрөвдүгээр сарын 30

  • 09:00 Наадмын сагсан бөмбөгийн тэмцээний урьдчилсан тоглолтууд "ЦСКА" спорт цогцолборын "А", "Б" заалуудад нээлтээ хийнэ.
  • 10:00 Наадмын ширээний теннисийн тэмцээн эхэлнэ.
  • 11:00 Наадмын нээлтийн ажиллагаа "А" спортын зааланд болно. (Бүх баг тамирчид оролцоно).
  • 12:00 Наадмын шатрын тэмцээн эхлэнэ.
  • 20:00 Урьдчилсан тоглолтууд дуусна.

Тавдугаар сарын 1

  • 09:00 Урьдчилсан, хагас шигшээ болон шигшээ тоглолтууд явагдаж 16:00 цагт дуусна.
  • 16:00-17:00 Хаалтын ажиллагаа, медаль, шагнал гардуулах ёслол болно.
  • 18:00 Баг тамирчдыг үдэн гаргана.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж