Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилуулах найман хүний танилцуулгыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг танилцуулсан юм. Нийт 35 хүн шалгалт өгснөөс 24 нь тэнцэж, сонгон шалгаруулалтад орсон байна. Ингээд Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасныг үндэслэн Мишигийн Батсуурь, Батаагийн Батцэрэн, Дамдины Ганзориг, Дашдоржийн Мөнхтуяа, Готовдоржийн Цагаанцоож, Баттогоогийн Цогт, Дашхүүгийн Цолмон, Хуушааны Эрдэнэсувд нарын найман хүнийг Улсын дээд шүүхийн шүүгчдээр томилуулах саналаа УИХ-д ирүүлжээ.
Нэр дэвшигчдийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Шүүхийн ерөнхий зөвлөл нэр дэвшигчдийг шинэ хуулийн дагуу оруулж ирж байна уу, эсвэл хуучин хуулиар уу. Хэрвээ шинэ хуулийн дагуу бол бусад шүүгчдийг хэзээ томилох вэ” гэдгийг тодруулав. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тайлбараар бол нэр дэвшигчдийг хуучин хуулийн дагуу оруулж ирсэн аж. Энэ нь УИХ-аар баталсан шинэ хууль дөрөвдүгээр сарын 15-наас хэрэгжихтэй холбоотой юм байна. Тиймээс шинэ хуулийн дагуу бусад шүүгчдийг ирэх арваннэгдүгээр сарын 1-ний дотор сонгон шалгаруулж томилох аж. Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн хамгийн залуу нь 36 настай бол ахмад нь 46 настай юм байна.
Харин шүүхийн хүний нөөцийн бодлогын талаар сонирхсон Ц.Оюунбаатар гишүүний асуултад Ц.Зориг дарга “Хүний нөөцийн бодлого бий ч бид хуульдаа захирагдана. Хуульд заасан шалгуурыг давсан, нууц санал хураалтаар олонхийн санал авсан хүн шүүгч болдог. Шүүгчдийн 60-70 хувь нь эмэгтэйчүүд. Тэтгэвэрт 60 нас хүрээд гарах хуультай. Шүүхийн шинэ хуулийн хүрээнд шүүгчдийн ажлын ачаалал зэргийг харгалзаж хүйс хамаарахгүйгээр шүүгч өөрөө хүсвэл 55 нас хүрээд, эсхүл 25 жил шүүгчээр ажилласан бол тэтгэвэрт гарах боломжтой болсон” гэлээ.
Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдэд хандан УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, Ж.Батзандан нар хүний эрхийг дээдэлж, хүнийг хилсээр шийтгэхгүй байхыг захилаа. Мөн уламжлал, шинэчлэлийг хослуулж, улс төрчид, мөн мөнгөтэй бүлэг хүмүүсийн нөлөөнд автахгүй байж, шүүхийн хараат бус, бие даасан байдлыг хангаж санаачилгатай ажиллахыг хүсэв. Энэ асуудал УИХ-ын чуулганаар орж батлагдах юм.