Банкууд 21 мянгыг зээлэхээс цааргалж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Банкууд 21 мянгыг зээлэхээс цааргалж байна

“Хүний хөгжил” сангаас Монгол Улсын иргэн бүрт сар бүр олгож буй 21 мянган төгрөгийг арилжааны зарим банк зээлээр өгч эхэлсэн байна. Тухайлбал, Хадгаламж банк иргэдэд есөн сарын мөнгө буюу 189 мянган төгрөгийг урьдчилан зээлдүүлж байгаа аж. Гэхдээ бүх салбараараа бус, зөвхөн Буянт-Ухаа дахь салбар нэгж дээрээ энэ ажлыг туршиж байгаа юм байна. Ингэхдээ тодорхой хувь хэмжээгээр хүү тогтоохгүй. Харин 14 мянга 700 төгрөгийн шимтгэл авч байгаа аж. Үүнийг 21 мянган төгрөг тутамд нь хувааж үзвэл 1640 төгрөг болж байна. Өөрөөр хэлбэл энэ нь 7.8 хувийн хүү тооцож байна гэсэн үг юм.

“Хүний хөгжил” сангаас зарласан тендерт Хадгаламж банкнаас гадна ХААН, Капитрон банк шалгарсан. Одоогийн байдлаар нөгөө хоёр банк нь 21 мянган төгрөгийг зээлээр олгохгүй байгаа юм. Гэхдээ цаашид энэ гурван банк гурвуулаа урьдчилан олгож магадгүй гэсэн мэдээлэл байна. Ямартай ч эхний ээлжинд Хадгаламж банк туршилтын журмаар олгож эхэллээ. Явцын дунд зээл олголттой холбоотой элдэв хүндрэл, чирэгдэл гарахгүй бол бусад салбаруудаараа олгох боломжтой гэнэ. Иргэд 21 мянган төгрөгөө бөөнд нь урьдчилж авахыг хүсвэл тухайн банкны салбар нэгж байрлаж байгаа дүүрэг, хороонд албан ёсоор оршин суудаг байх, хорооны Засаг даргын тодорхойлолт авч очих, бичиг баримтын зөрчилгүй байх шаардлагатай аж. Гэхдээ Хадгаламж банк 21 мянган төгрөгийг энэ он дуустал урьдчилж олгоно. Харин 2012 оноос зогсоох уу, үргэлжлүүлэх үү гэдгээ шийдэх юм байна. Ингэхээс ч аргагүй байх. Яагаад гэвэл УИХ-ын бүрэн эрхийн хугацаа ирэх онд дуусна. Мэдээж 21 мянган төгрөг сонгуулийн амлалт учраас ирэх оноос зогсохыг үгүйсгэх газаргүй. Иргэд 21 мянган төгрөгөө сар бүр авч байснаас бөөнд  нь авбал арай илүү үр дүнтэй. Хэрэгцээтэй зүйлээ худалдан авахад хүрэлцээтэй хэмээн зээл олголтыг дэмжиж байгаа юм. Гэвч дээрх шалтгааны улмаас сар өнгөрөх тусам бөөнөөр авах мөнгөний хэмжээ багасч байна. Мөн зээл олгож байгаа банкны салбар ганц байгаа нь иргэдэд дэндүү чамлалттай гэдэг нь ойлгомжтой. Нийслэлийн бусад дүүрэг болон орон нутгийн иргэд Буянт-Ухаа дахь Хадгаламж банкны салбараас 21 мянгаа зээлээр авах ямар ч боломжгүй. Учир нь энэ зээлийг олгохдоо заавал тухайн дүүрэг, хорооны иргэн байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Уг нь бусад банкууд 21 мянгыг зээлээр олгож магадгүй гэсэн сураг байсан. Гэвч дээрх шалтгаанаас бэргэж, зээл олгохоо азнаж байгаа бололтой. Жишээ нь, ХААН банк хамгийн олон салбартай гэдэг утгаараа 21 мянган төгрөгийг зээл хэлбэрээр олгох бүрэн боломжтой. Харин тэд зээл бус, картын системд шилжээд байгаа юм. Харин Капитрон “Хүний хөгжил” сангаас санхүүжилт орж ирсэн тухай бүрт нь буюу сар бүр зөвхөн бэлнээр олгох чиглэл баримталж байна.

Хувь хүний 21 мянгыг зээлээр олгох цар хүрээ нэг иймэрхүү байна. Харин иргэд өөрсдийн санаачилгаар ажлын байр бий болгох, хоршоо, жижиг, дунд үйлдвэр байгуулж хөрөнгө оруулалтын зориулалтаар “Хүний хөгжил” сангийн мөнгөө бэлэн бусаар авах журам дээрх гурван банкны аль ч салбарт хэвийн үйлчилж байна. Энэ талаар өнгөрсөн онд УИХ-аас 67 дугаар тогтоол баталж, мөнгө хэрхэн олгох тухай журам боловсруулсан юм. Энэ журмын дагуу иргэд зээл авах бол хөрөнгө оруулалтын хэмжээ нь 10 саяас доошгүй байх ёстой. Ийм байдлаар олон хүний мөнгө бэлэн бусаар тодорхой хэмжээний үйлдвэрлэл, аж ахуйн хөрөнгө оруулалтад шингэвэл инфляцид нөлөөлөхгүй байх эерэг талтай юм. Гэтэл энэ зээлийг авахыг хүссэн иргэд тун цөөн. Бас зээл авсан хүн ч алга. Уг нь иргэд аж ахуй эрхлэх туршлагагүй бол Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн дагуу сургалтад хамруулах тухай ярьж байсан. Харамсалтай нь энэ ажил бас л олигтой урагшилсангүй. Болзлын хувьд 10 саяын зээл авахад тийм ч хатуу шаардлага тавиагүй. Иргэд ажлын байр бий болгох, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээл авах санаачилга гаргасан бол хамтран ажиллах гэрээ байгуулах ёстой. Хэрэв шинээр хоршоо, нөхөрлөл, жижиг, дунд үйлдвэр байгуулсан бол энэ тухай албан ёсны шийдвэрээ гаргасан байх учиртай юм. Харин материал, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл зэрэг үйлдвэрлэлийн зориулалт бүхий эд зүйлсийг худалдан авах бол худалдагч талын нэхэмжлэлийн дагуу төлбөрийг бэлэн бусаар шилжүүлэхээр зохицуулсан. Гэтэл иргэд ийм санаачилга гаргаж, зээл авахгүй байгаа нь хачирхалтай. Харин зөвхөн хувь хүнд 21 мянган төгрөгийг нь зээлээр олгоно гэвэл тун дуртай хүлээж авах хандлага байна. Гэвч эрх бүхий гурван банк энэ тал дээр нэлээд болгоомжтой хандаж байгаа юм.

Иргэдийн хувьд  21 мянгаа зээ­лээр авах боломж хязгаарлагдмал байгаа ч “Хүний хөгжил” сангийн тухай хуулийн дагуу бусад боломжийг эдэлж болно. Уг хуулийн 17.1-д “Эх орны хишиг, хувийг тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр, орон сууц худалдан авсны төлбөр, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний төлбөр хэлбэрээр олгож болно” гэж заасан байдаг. Мөн 21 мянган төгрөгөө бөөнөөр биш, сар сард нь тэтгэврийн болон бусад зээлийн өрөө дарах зориулалтаар шилжүүлж болох аж. Өөрөөр хэлбэл, иргэд цалингийн болон тэтгэврийн зээл аваад 21 мянган төгрөгөөрөө өрөө дарж болно гэсэн үг. Тэгэхээр заавал 21 мянган төгрөгөө бөөнөөр нь зээлж авах гэж улайрах хэрэггүй болж байна. Нэгэнт бусад зээлийн төлбөрт 21 мянган төгрөгөө шилжүүлж болох эрх нь нээлттэй болохоор энэ мөнгөө бөөнөөр нь авснаас нэг их ялгаа алга. Энэ тохиолдолд тухайн банкиндаа харилцах дансаа өгч, гэрээ байгуулах шаардлагатай юм байна.      
   
Иргэд “Хүний хөгжил” сангаас сар бүр 21 мянган төгрөг авахаас гадна нэг сая төгрөг авах учиртай. Гэвч уг мөнгийг энэ оны төсөвт тусгаагүй. Эх үүсвэр нь ч тодорхойгүй байгаа. Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга Б.Батжаргал “Энэ жилийн төсөвт 822 төгрөг л тусгасан. Үүнээс сар бүр олгох 21 мянгыг л бэлнээр авах боломжтой” хэмээн ярьж байсан. Тэгэхээр иргэд төрөөс энэ жилдээ 21 мянгаас илүү мөнгө харах шаардлагагүй гэсэн үг болж таарч байна.

Ч.ДАШДЭЛЭГ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж