Нээлттэй зэрэгцэн Сүхбаатарын талбайд өрнөсөн цуглаан, хурал хаяж гарсан эсэргүүцлийн автор нь МАН. Гэхдээ тэдэнтэй МАХН нэгдсэн гэдэг нь маргахын аргагүй үнэн. Гэвч, “Тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу” гэдэг шиг “МАН-ыг дагаж МАХН чуулганыг хаяж гарсан уу, МАХН-ыг дагаж МАН гарсан уу” гэх эргэлзээ төрүүлэхийг МАХН хичээв. Тэд тусдаа хэвлэлийн хурал зарлаж, дээрх асуултдаа “Бид МАН-ыг дагаж гараагүй” гэж шууд л хариуллаа. МАХН-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Цогийн чуулганы орхин гарахдаа “бувтнасан” яриа олонд хүрээгүйтэй адил МАХН-ынхнаас тэмцлийнхээ шалтгааныг итгэл үнэмшил төрүүлэхүйцээр дуугарсан хүн гарсангүй. Өөрөөр хэлбэл, удирдагчгүйгээрээ өөр намын зохион байгуулж буй арга хэмжээн дээр очсон нь МАН-ын далбаан дор МАХН намирах нь гэх ойлголт төрүүлэв.
Чуулганы нээлт дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн илтгэлийн дийлэнх хувь нь хууль эрх зүйн шинэчлэлийн үр дүн гарч буй тухай байв. Үүнийг ажлын үр дүн гэвэл мэдээж салбарынх нь сайдад хамаатай. Гэтэл МАХН-ын зүгээс яг энэ салбарынх нь сайдыг огцруулах үндэслэл боловсруулснаа дуулгасан нь олон нийтэд таалагдах талдаа оновчтой шийд байсангүй. Тус намын гишүүн, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяаны хийсэн энэ алхмыг товчхон дүгнэвэл, бодлогоос биш бодлоос төрсөн үйлдэл байв.
Уг нь МАХН-ынхан хамгийн идэвхитэй байснаараа олны анхаарлын төвд байсаар ирсэн. Бүр сүүлийн саруудад МАН-ын зүгээс нэгдэх санал авч, гэдийсээр ч ирсэн. Гэтэл сүүлийн үед энэ давуу байдлаа алдаж эхлэх шинж ажиглагдаж эхлэв. Үзэгчид “Арго багш”-аас уйдсан шиг нэг л янзын зүйлээ ярьсаар байгаа МАХН-аас уйдав. Сүүлд МАН-ыг дагалдан гүйлдэхэд нь өнөө гэдийгээд байсан нөхдүүд бүр ч хялбар харагдав. Тэд МАН-ын дотоодод гарч буй өөрчлөлт, “шинэчлэгчид”–ийг ажиглаж, их зүйл хүлээж буйгаа олонд зарлаж “өөрсөд дээрээ ирж золгохыг хүлээж буй” гэх санаагаа илэрхийлсэн. Гэтэл ийн ирж золгохыг нь хүлээж байсан “ахмад настан” нь өөрөө намба алдаж гүйсэн явдлыг Н.Энхбаяр сайшаах эсэх нь эргэлзээтэй.
Өмнө хэлснээр тэд одоо ч идэвх гаргасан хэвээр ажиллаж байгаа. Гэхдээ ирэх сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр, нам улсын бодлогоос илүү намынхаа даргын эрүүл мэндэд анхаарал тавьж, идэвхитэй ажиллах “үүрэг”-ийг намын тэргүүн хатагтайгаас авсан тул энэ асуудалд идэвхтэй ажиллахгүй бол болохгүй. Ядаж л үр дүн гаргахгүй ч идэвхтэй ажиллаж байгаа мэт харагдахгүй бол болохгүй.
Гэхдээ л сүүлийн үед тус намын зүгээс “сенсаац” хийчих хүн байхгүй нь, олны анхаарлыг татсан алхам шийд гаргахгүй байгаа нь дээрээс үүрэг өгөхгүй байгаа, магадгүй намын даргынх нь бие үүрэг чиглэл өгөх чадваргүй, тааруухан байгаа юм болов уу гэж таамаглахад хүргэж байна. Мэдээж нэгдэх тухай яриа одоохондоо байхгүй нь тодорхой. Хэрэв юу юугүй нэгдчихвэл МАХН-ын хувьд нэлээд олон зүйлээсээ хагацахад хүрнэ. МҮАН-тай нэгдэж орсон эвсэл, энэ эвслийн нэрээр бий болсон гишүүд, сайдууд, дарга нарын эрх ашиг шууд хөндөгдөнө. Гэтэл тэдгээр эрх ашгаа хөндүүлэх гээд байгаа нөхөд нь өнөөдөр намынхаа нүүр царайг гаргах гэж хичээж байна шүү дээ.