Дайн хэнд ч хожил авчрахгүй

Хуучирсан мэдээ: 2013.04.10-нд нийтлэгдсэн

Дайн хэнд ч хожил авчрахгүй

Солонгосын хойгт дайн үүсч, хоёр хуваагдсанаас хойш 63 жилийг ардаа үлдээжээ. Энэ хугацааны дараа хойд, өмнөд солонгосчууд дахин “эвгүй” байдалд тулж ирлээ. Хэдийгээр дайн болох нь тодорхойгүй ч маш эмзэг байдалд ирээд байгаа юм. Яг одоогийн байдлаар Хойдчууд дахин сэтгэлзүйн дайралтыг хийгээд байна. Орон нутгийн цагаар пүрэв гаригийн орой цөмийн пуужин хөөргөнө гэсэн сүрдүүлгийг өмнөд рүү “чулуудсан” юм. Их гүрнүүд үүнийг сэтгэл зүйгээр тоглосон үйлдэл хэмээн харж байгаа бөгөөд тэд дайн дэгдээх үндэслэлгүй. Тэгээд ч чадахгүй гэж үзэж байгаа. Харин хойдчууд “Бид хэзээ ч дайн дэгдээхэд бэлэн. Гагцхүү цаг хугацааны асуудал” гэж мэдэгдэх.

Гэхдээ ганц л үнэн бий. Айдас. Зүүн өмнөд Азийн байдал энэ хоёр улсын энхтайван ч байдлаас ихээхэн шалтгаална. Бүс нутгийн эдийн засгийн байдал ч энэ хоёр улсын байдлаас шалтгаалах нь тодорхой. Өмнөдчүүд одоо дайны бэлэн байдал зарласан бөгөөд оройн цагийн үзвэр үйлчилгээ, зугаа, цэнгээний арга хэмжээг нарийвчилсан цагийн хуваарьт оруулсан гэдгийг санах хэрэгтэй.

Сүрдүүлэг

Сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд гурван ч удаа өмнөд рүү сүрдүүлэг “чулуудаад” байна. Тэр болгонд өмнөдийн ард иргэдэд хэрхэн тусч байсан нь тодорхой. Ахлах, их сургуулийн оюутнууд хичээлдээ айдастай явдаг тухайгаа фейсбүүк, твиттерээр дамжуулан мэдэгдээд байгаа. Сүрдүүлэг өмнөдийн хувьцааны индексүүдэд ч нөлөөлөв. Ээлжит сүрдүүлгээ өнгөрөгч пүрэв гаригийн орой өгсөн бөгөөд энэ удаад Өмнөдийн батлан хамгаалахын яамныхан өндөржүүлсэн бэлэн байдал зарласан билээ.

Хойдчууд Сөүл хотын бизнесийн томоохон бүсүүд, эдийн засгийн томоохон хотуудыг ч алсын тусгалтай пуужингаараа онилсон гэж мэдэгдээд байгаа. Хэрвээ өмнөдөөс эхэлж гал нээвэл Сөүл эхний бай нь. Тэд Өмнөдийн төв банк, хөрөнгийн бирж, “Хөх Ордон” зэрэг томоохон объектуудыг онилжээ.  “Муугаар төсөөлье. Азийн дөрөв дэх томоохон эдийн засаг өмнөдийн эдийн засгийн томоохон төвүүдийг онилж, бөмбөгдвөл Азийн эдийн засаг бүхэлдээ ганхах болно. Энэ давалгаа байдал хүнд байгаа евро бүсэд ч хүндээр тусна. Дайн дэгдээсэн Хойд Солонгос ч маш хүнд байдалд орох болно. Тиймээс хойдчууд “амиа хорлохгүй” гэдэгт найдаж байна” гэж Сөүлийн их сургуулийн геополитикийн судалгааны тэнхимийн  мэргэжилтэн Сун Ёон И ярьсан байна.

Дөрөвдүгээр сарын 9-ний өдөр дараагийн сүрдүүлгийг хийв. Энэ нь өмнөхөөсөө илүү бодитой ч байж болох талтай. Тэд жуулчид, гадны иргэдийг Өмнөдөөс гарахыг шаардсан. Өмнөдийн тал гарахад нь туслах үүрэгтэй гэдгийг тэд мэдэгдээд байгаа. Өнөө хэр нь гадны жуулчдын тоо буурч, гадаад ажилчид мэр сэр явсаар байгаа нь тэртээ тэргүй энэ сүрдүүлгийг хийсэн, хийгээгүй нэгэнт болох дүр зураг байсан байж болох. Үүнтэй холбогдуулан хэлэх нэгэн таагүй мэдээлэл байгаа нь Өмнөдийн гадны хөрөнгө оруулагчид буурч байгаа явдал. Солонгосын хойгийн эмзэг байдлаас болж гадны хөрөнгө оруулагчид өөрсдийн хөрөнгөө эргүүлэн татаж байгаа нь илүү сүрдэх дараагийн мэдээлэл билээ.

“Хийж чадахгүй зүйлээ чадах юм шиг ярьж байна”

Энэ бол АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Колин Пауэлийн мэдэгдэл. Түүний энэ мэдэгдлийг зарим шинжээчид болчимгүй хэмээн үзэж байгаа ч өөрөө бодит байдлыг ярьсан гэдэгтээ итгэлтэй байгаа. “Бид түүх сөхөх хэрэгтэй. 2000 онд ч цөмийн туршилт явуулж, цөмийн дайн өдөөнө гэж сүрдүүлэх маягтай мэдэгдлийг хийж байсан. Үр дүнд нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлтэй хүнсний нийлүүлэлтийн гэрээг байгуулсан. Гэсэн ч асуудлыг бүрэн утгаар нь хаагаагүй. Одоо ч ийм байдал ажиглагдаж байна. Хойд Солонгосчууд хийж чадахгүй зүйлээ чаддаг мэтээр ярьж байна. Хэрвээ дайн дэгдвэл хойд ч, өмнөд ч, Ази ч хэцүү байдалд орно” гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Колин Пауэль ярьжээ.

2000 онд цөмийн зэвсэг ямар нэгэн байдлаар туршихгүй гэдэг дээр хатуу зогсч байгаагаа хойдчууд дэлхий нийтэд зарласан. Өмнөх 50 гаруй жилийн туршид цөмийн зэвсгийн тал дээр ер зүгээр суугаагүй энэ улсыг хэрвээ цөмийн зэвсгийн сонирхлоо зогсоохгүй бол олон улсын төвшинд хориг арга хэмжээ авна гэж Олон улсын цөмийн энергийн агентлаг, НҮБ мэдэгдсэн. Тиймээс НҮБ-тай хойдчуудад өгөх тусламжийг сайжруулах тал дээр гэрээ байгуулж цөмийн хөтөлбөрөө “хаасан”. Нэг ёсондоо цөмийн зэвсгээр барьцаалж, халамжийн хэмжээг нэмсэн гэж ойлгож болно. Гэвч 2005 онд АНУ-ын ТТГ хойдчууд цөмийн зэвсгийн туршилтаа зогсоогоогүйг илчлэв.  Хэрвээ АНУ тусламжийн хэмжээгээ сайжруулбал дахиж туршихгүй гэсэн. Бас л худлаа байсан. Үүний дараа хоёр туршилтыг амжилттай зохиосон. Бодит байдал энэ. Тэгээд ч дайн хийхээр далимдуулан бүр илүү том хэлэлцээрийн ширээний ард суухыг хүсч байж ч мэднэ.

Дайны бэлтгэл

Хойд Солонгосын нийслэл Пьехнян хотоос холгүй, мөн Япон тэнгист ч ойрхон орших Пунрё Ри хэмээх нутагт газар доогуурх байгууламж байдаг. Өмнөдийн хийсэн тагнуулын мэдээллээс үзвэл 232 километрийн гүнд цөмийн туршилт хийх хоёр ч газар доогуурх байгууламж байгаа аж. Энэ байгууламжийг 2009 онд барьж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Олон улсыг цөмийн зэвсгийн аюулаас сэргийлэх тунхаг бичгийг хойдчууд зөрчсөн гэсэн үг. Ингэхэд ер нь үүнийг яагаад заавал Хойд Солонгос дагах ёстой гэж. 2000 онд цөмийн зэвсгийн ажиллагаагаа зогсоох тухай шаардах бичиг явуулж, үүний үр дүнд Хойд Солонгос цөмийн зэвсэг турших ажлыг зогсоосон тухайгаа олон нийтэд зарласан. Гэхдээ тэд олон улсын байгууллагуудаас тусламжийн бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх, хилээ бүр мөсөн хаалгахгүй байхаар наймаалцан байж энэхүү гэрээнд нэгдсэн юм шүү.

Өнгөрсөн хоёрдугаар сарын 13-нд туршсан цөмийн зэвсгийн туршилт нь үндсэндээ АНУ болоод Өмнөдийг хойд нутгийн зүг хараа сунгахад хүргэсэн томоохон үйлдэл болсон юм. Өмнө нь тэд 2006 оны аравдугаар сард Хойд Солонгос нэг килотон /нэг килонтон 1000 тн/ хүчтэй цөмийн туршилтыг хийсэн бол 2009 оны тавдугаар сард хийсэн хоёр дахь туршилт нь хоёр килотоны хүчтэй тэсрэх бөмбөгийг туршжээ.

Арлын Япон улс сүрдүүлэг, үүссэн нөхцөл байдлыг нэлээд ажигласны үндсэн дээр дараагийн шийдвэрийг гаргалаа. Энэ нь пуужингаас хамгаалах төхөөрөмжүүдийг байрлуулсан явдал. Өөрөөр хэлбэл, Японы батлан хамгаалах яам пуужин байрлуулах тушаал өгсөн. Одоогийн байдлаар гурван хэсэгт энэхүү төхөөрөмжийг суурилуулах аж. Японы Батлан хамгаалах яамны мэдээлснээс харвал Асака, Нарашимо, Сүга гэх дүүргүүдэд байрлуулах гэж байгаа бөгөөд Ичигаяа дүүрэгт мөн нэмж байрлуулах магадлалтай юм байна. Жагсаалтад багтсан Сүга дүүрэгт даваа гаригаас эхлэн пуужин суурилуулах ажиллагаа эхэлсэн аж. Энэхүү асуудлаар өнгөрсөн долоо хоногт Япон улсын Батлан хамгаалах яам ярилцаж эхэлсэн бөгөөд энэ долоо хоногийн сүүл гэхэд пуужингаас хамгаалах төхөөрөмжийг бүрэн байрлуулж дуусах төлөвтэй байна.

Харин хойдчууд Кэсоны эдийн засгийн бүс дэх үйлдвэрийн баазад өмнөдийн ажилчдыг дөрөвдүгээр сар гарснаас хойш оруулсангүй. Өнгөрсөн даваа гаригт хойдчууд энэхүү эдийн засгийн бүсийг хааж буйгаа албан ёсоор зарласан билээ. Энэ үйл явдалтай холбоотойгоор өмнөдийн 123 үйлдвэрийн 13 нь үйл ажиллагаагаа зогсоожээ. Одоогийн байдлаар өмнөдийн талаас 400 орчим хүн үлдэж, машин техникийн бүрэн бүтэн байдлыг сахиж байгаа аж. Тэнд үлдсэн өмнөдийн иргэдэд чухам хэдэн өдрийн хоол, хүнсний хүрэлцээ байгаа нь тодорхойгүй ч бүрэн дуусах хүртэл нь тэнд байх юм. 2004 онд цэрэггүй бүсээс 10 км-ийн зайтай орших Кесон цогцолборыг байгуулагдахад энэ хоёр улс дайтахгүй гэж итгэж байсан ч дайны тухай яриа сөхөгдөж эхэлснээс хойш энэ үйлдвэр байсан ч, байгаагүй ч дайн эхлэх айдсыг төрүүлсэн билээ.

АНУ-ын байдал

Хойд Солонгосын сүрдүүлэг, Тагнуулын төв газрын мэдээллээс харвал Номхон далай, Гуам, Хавай зэрэг газруудыг онилжээ. Албан бус мэдээллийг иш үндэс болговол үүн дээр бас Аляск ч нэмэгдэнэ гэх.

“Цэргийн тактикаар авч үзвэл пуужин харвахад хамгийн амжилттай тусах газар нь Гуам, Хавай. Учир нь Солонгосын хойгоос харвахад үүн шиг амархан газар гэж байхгүй. Аляск бол тийм ч амжилттай бай биш. Хэрвээ траектор нь алдагдах юм бол пуужин жирийн хотод унах магадлал өндөртэй. Тиймээс Хойд Солонгос тийм үйлдэл хийхгүй байх” гэж АНУ-ын IHS олон улсын геополитикийн мэргэжсэн сэтгүүлийн эрхлэгч Жеймс Харди ярьжээ.

АНУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлж байгаагаас харвал АНУ хоёр улсын асуудалд хөндлөнгөөс оролцож байгаа хэрэг биш бөгөөд АНУ-ын бүс нутгийн аюулгүй байдлын тухай яригдаж байгаа болохоор оролцохоос өөр аргагүй болсон аж. Солонгосын хойгийг энхтайван байдалд шилжүүлэх нь Обамагийн шинэ зорилго. Хэрвээ тэр ямар нэгэн гэрээ санаачилж НҮБ-аар үйлдүүлж чадвал олон улсын тавцан дахь нэр хүнд болоод имижид сайнаар нөлөөлөх алхам болох учиртай. Өмнөдийн нутаг дэвсгэрт яг одоогийн байдлаар АНУ тодорхой тооны танк, нисэх онгоцоо байрлуулаад байгаа.

Энэ долоо хоног эхэлснээс хойш АНУ-ын Цагаан ордны хэвлэлийн алба нэгэн мэдэгдэл хийж амжлаа. Пуужин харвах бэлтгэлийг хэд, хэдэн удаа явуулсан байна. Энэ байдлаас харвал АНУ-ын айдас улам батлагдаж, энэ долоо хоногийн сүүл гэхэд эхний пуужинг харваж магадгүй гэсэн таамаглал гаргаад байгаа билээ. Яг энэ үйл явдлын дараа өмнөдийн Батлан хамгаалах яамны төлөөлөлтэй утсаар холбогдсон бөгөөд энэ цаг үед хоёр тал хэрхэн хамтран ажиллах талаар зөвшилцжээ. Тэд ямар ч байсан энэ долоо хоногт гал нээж магадгүй хэмээн түгшицгээж байна.

2012 оны сүүлээс эхэлсэн элдэв пуужингийн туршилт, АНУ-ын ТТГ-ын мэдээллүүд зэргийг үндэслэвэл аюулгүй байдлаа хангах тодорхой цаг хугацаа тэдэнд байсан гэж хэлж болно. Он гарснаас хойш цөмийн туршилт хийсэн нь Өмнөдийн “шарх”-ыг улам хөндсөн. Тиймээс батлан хамгаалах салбарт зарцуулах хөрөнгийн тоог тодорхой хэмжээгээр нэмсэн юм. Пьехнян үүнийг олны өмнө ил болгоод байгаагүй ч өмнөдийн таамаглал зөв байсан. Хэрвээ өнгөрсөн оны сүүлээр АНУ-ын батлан хамгаалахын зарим анги нэгтгэлтэй Өмнөдчүүд цэргийн хээрийн сургууль хийгээгүй бол өөр ч байсан байж болох талтай.

Б.БОЛОРСҮХ

"NEWSWEEK" сонин №006

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж