Өнөөдрийн алуурчин өчигдөрхөн бидний дунд байсан

Хуучирсан мэдээ: 2013.04.10-нд нийтлэгдсэн

Өнөөдрийн алуурчин өчигдөрхөн бидний дунд байсан

“Суварга бүтээх хэрэггүй, баялаг бүтээе” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дөрөвдүгээр сарын 5-нд нээгдсэн УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр хэллээ. Тийм ээ, бидэнд суварга биш сайн сайхан амьдралын баталгаа болсон баялаг хэрэгтэй. Харин баялгийг хэн бүтээх вэ? Эрүүл саруул, эрдэм мэдлэгтэй, эрч хүчтэй, амар тайван орчинд амьдарч байгаа хүн бүтээнэ. Харин энэ тодорхойлолтод тохирох хүн өнөөгийн Монголд хэр байна, амар тайван, санаа зовохгүй орчинд амьдарч, өөртөө, өрх гэртээ, цаашлаад нийгэмдээ баялаг бүтээх эрмэлзэл бүхий иргэд хэд байна вэ?
Гэр бүлээр нь санаатай шатаасан, ээжийг нь хүчирхийлэн эзэмдэж, амийг нь хөнөөчихөөд энэ бүхний гэрч болсон дөрөвхөн настай бяцхан охиныг гэрийн унинаас боомилон хороосон гээд мэдээг нь нүдээр уншиж, чихээрээ сонсоход л заяа хэлтийм гэмт хэрэг дуулдах юм. Хамгийн сүүлчийн эмгэнэлт жишээ гэвэл 23-хан настай цагдаагийн алба хаагчийг 17-19 насны дунд сургуулийн сурагчид хулгайн үйлдэл дээрээ баригдангуут буудан амийг нь хөнөөлөө, Ховд аймгийн Булган суманд. Эдгээр бузар хэргийг хэн нэгэн зэрлэг адгуус биш та бидэнтэй л адил хүн заяанд төрсөн, өчигдөрхөн бидэнтэй хамт амьдарч байсан хэн нэгэн үйлдсэн. Тэд бидэнтэй л адил эхийн хэвлийгээс унаж, ангир уургаа амтлан, ээжийн хайр, аавын гарын амтыг үзэж л явсан байгаа. Харин яагаад хүн чанараа гээв? Хүнийг энэрэн хайрлах, өрөвдөх сэтгэл нь хаачив?

Сэтгэл зүйн үүднээс үүнийг нийгмийн тогтворгүй байдал хүмүүсийг сэтгэл зүйн тогтворгүй байдал руу хөтөлж, стресс бухимдалд хүргэж байна хэмээн сэтгэл зүйчид тайлбарлаж байна. Гэр бүлээ тэжээх хангалттай цалин авч чадахгүй байгаадаа бухимдсан аав архи ууж гэртээ ирэнгүүтээ тэртэй тэргүй хоногийн хоолоо хүргэж ядаж байгаа ээжид уураа, гарын чилээгээ гаргана. Хамар хашааны хүүхдийн өмсдөг шиг сайхан шинэ хувцас өмсч чадахгүй, дэгжин гар утас барьж чадахгүйдээ бухимдсан хүү энэ бүхнийг тэвчин сууна. Ийм дүр зураг давтагддаг өрх олон. Эдгээр хүмүүс дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг үгийг яс махандаа шингэтэл ойлгосон байгаа. Харин та нарыг сайхан амьдруулна хэмээн дөрвөн жил нэг удаа худлаа ярьдаг эрх баригчид төрийн хишиг хэмээн тарааж буй бэлэн мөнгөөр зовлонг нь нимгэлж байна хэмээн эндүүрсээр. Үнэндээ амьдралд итгэл алдарсан хүмүүст амар тайван амьдрах, сурах, хөдөлмөрлөх тэгш орчин дутаж байна. Төрийн албан тушаалтан нь хаа байсан арлын Японд 500 сая төгрөгөөр байшин худалдан авч байхад ажил хийдэг ч автобусны мөнгөгүйгээс нийслэлийн баруун захаас зүүн зах руу нүүрсний утаан дундуур явган туучин харих хүн олон. Хэн нэгэн албан тушаалтныг дагаж гүйгээгүй, шударгаар хөдөлмөрлөсөн иргэдэд зээлийн байр олдохгүй байхад төрөөс төрсөн тэрбумтнууд хотын хамгийн таатай байрлалд 3-4 орон сууц эзэмшиж байна. 10 нас хүрээгүй балчир үрсийг таван доллараар хурдны морь унуулж, хөхөө өвлийн хүйтэнд тамлах мөртлөө 500 саяар морь худалдан авч байна. 

Нийгмийн энэ тэгш бус, шударга бус, тогтворгүй байдал хүмүүсийн уур хилэн, хорслын уг шалтгаан болж байна. Яагаад гэвэл та ч, би ч адилхан энэ нийгэмд амьдарч, баялгаас адилхан хүртэх эрхтэй. Энэ эрхийг хангахын тулд төр байдаг, төрийг бидэнд ийм орчин бүрдүүлж өгөөсэй гэж татвар төлдөг. Түүнээс биш хэн нэгэн нь азгүйдээ ядуу төрөөгүй, хувьгүйдээ хоосон хоноогүй. Нийгмийн сэтгэл зүйг эмчлэхгүй байж ардчилал, хүний эрх, эдийн засгийн өсөлт гэх мэт том үг хэлэхээс ичицгээе.

Д.НАРАНТУЯА

"NEWSWEEK" сонин №006

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж