
улсын хүний эрхийн Үндэсний комисс нь энэ жил НҮБ-ын хөгжлийн
хөтөлбөрийн “Хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавих үндэсний чадавхийг
бэхжүүлэх нь” төслийн дэмжлэгтэйгээр хүний эрхийн нээлттэй өдрийг нийт
14 аймагт зохион байгуулж байна. Тухайн аймаг бүрийн Засаг даргын Тамгын
газартай хамтран зохион байгуулахаар болсон байна. Уг үйл ажиллагааны
хүрээнд Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг
тэргүүтэй төлөөлөл “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг дөрөвдүгээр
сарын 4-10-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт зохион явуулж байна.
Нээлттэй
өдрийн хүрээнд ШШГЕГ-ын харьяа хорих 443 дугаар анги, цагдан хорих
болон баривчлах ял эдлүүлэх байр, шүүхийн шинжилгээний алба, ШШГА-ны үйл
ажиллагаатай танилцаж, хяналт шалгалт хийлээ. Шалгалтын урьдчилсан дүн
мэдээгээр Хөвсгөл аймаг дахь 443 дугаар хорих ангийн байр суурь
фундаментгүй баригдсан тул ихээхэн хэмжээний хазайлттай, нурж унах
аюултай нөхцөл бүрдсэн, уурхайд ажиллуулж буй ял эдлэгсдийн хөдөлмөрийн
хөлс хуульд заасан хэмжээнээс доогуур зэрэг зөрчил илэрсэн байна.
ХЭҮК-ын
ажилтнууд тухайн аймгийн Засаг дарга, ИТХ-аас сүүлийн гурван жилд
гаргасан захирамж, тогтоол шийдвэрүүдтэй танилцаж, дүн шинжилгээ хийхийн
зэрэгцээ төрийн захиргааны болон хууль хяналтын байгууллагын албан
хаагчдад тусгай хөтөлбөрийн дагуу хүний эрхийн сургалтыг зохион байгуулж
байгаа аж.
Мөн Мөрөн сумаас гадна Улаан-Уул, Цагааннуур суманд
ажиллаж, үндэстний цөөнх цаатан иргэдийн нийгмийн хамгааллын асуудалд
анхаарал хандуулан МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигийн хэрэгжилтийн байдалд
тандалт хийж, иргэдийг мэдээллээр хангах, мөн дээрх сумдад байрлах
ХХЕГ-ын харьяа хилийн цэргийн анги, заставын ажилтан, алба хаагчдад
хүний эрхийн сургалт зохион байгуулсан байна. Мөн иргэдээс өргөдөл,
гомдол хүлээн авч, боломжтойг нь газар дээр нь шийдвэрлэж, хууль зүйн
үнэ төлбөргүй зөвлөгөө өгч үйлчилж байгаа гэнэ. Хөвсгөл аймгийн хувьд
иргэд ХЭҮК-т олноор хандаж, цөөнгүй тооны гомдол ирүүлж байгаа ажээ.
Дараагийн “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг дөрөвдүгээр сарын 11-12-нд Булган аймагт зохион байгуулахаар болжээ.