Ногоон байгууламжийг сүйтгэж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Ногоон байгууламжийг сүйтгэж байна

Нийслэлийн ХУД-ийн нэгдүгээр хороо, Чингисийн өргөн чөлөөнд байрлах 9000 кв.метр ногоон байгууламжийг устгаж, барилга барихаар хотын дарга захирамж гаргаж, “Алтай констракшн” ХХК барилгын хашаа хатгаж, олон жилийн настай мод бутыг сүйтгэж эхэллээ. Олон сайхан нэртэй цэцэрлэгт хүрээлэн шинээр байгуулна хэмээн олон тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулж байгаа мөртлөө цөөхөн үлдсэн эдгээр ногоон байгууламжийг устгаж байгаа нь эрүүл хүний хийх үйлдэл биш баймаар. Энэхүү ичгүүр сонжуургүй үйлдлийг эсэргүүцсэн хэсэг иргэд дөрөвдүгээр сарын 13-ны 12.00 цагт “Алтай констракшн” ХХК-ийн удирдлагуудтай уулзахаар цугларцгаав. Хашааны хаалга нь цоожтой, хамгаалалтын залуучууд иргэдийг дотогш оруулахгүй нэг цаг хүлээлгэж, улмаар бухимдсан иргэд хүчээр дотогш нэвтрэн орж газар ухаж, мод бутыг унагаж байсан техник хэрэгслийг зогсоож, эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн юм. Эдгээр иргэд барилгын талбайгаас гарч, ХУД-ийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх иргэний танхимд хуралдаж, Ногоон байгууламжаа аврах түр хороо байгууллаа. Дан ганц нэгдүгээр хорооны иргэд бус нийт дүүргээрээ эсэргүүцлийн хөдөлгөөн эхлүүлсэн байна.

ХУД-ийн нэгдүгээр хорооны 120 мянгат хэмээх жижигхэн нутаг дэвсгэрт нийт 22 орон сууцны байр байдаг бөгөөд өнөөдрийн байдлаар хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжийг сүйтгэн 10 газарт барилга баригдаж, шинээр долоон газарт захирамж гарч, барилга барихаар зэхэж, дөрвөн газарт барилгын ажил явагдаж байна. 22 орон сууцны байр байрлахаар төлөвлөгдөж хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж байсан газарт 2000 оноос хойш 21 барилга барих шийдвэр гарч, гамшгийн байдалтай болоод байна. Эзэн Чингисээрээ овоглосон энэхүү өргөн чөлөөнд ганц үлдсэн ногоон байгууламж, 40-50 жилийн настай олон арван мод, зүлэг устаж үгүй болох нь дэндүү харамсалтай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж