Иргэд нөөцийн махны чанарт гомдолтой байна

Хуучирсан мэдээ: 2013.04.09-нд нийтлэгдсэн

Иргэд нөөцийн махны чанарт гомдолтой байна

Хэвлэл бүрийн хуудас, хүн болгоны аманд өнөөдөр нөөцийн мах гэсэн үг уяатай явдаг болов. Нөгөөтэйгүүр хэн нэгэн улстөрч ард түмнээс илүү их оноо авахын тулд мах гэх үгийг илтгэлийнхээ гол хэрэглэгдэхүүн болгож бай­на. Одоогийн байдлаар нөөцийн махыг нийслэлийн хэмжээнд 9200 тонн, Дархан-Уул аймагт 1000 тонн, Эрдэнэ хотод 1016 тон­ныг бэлтгэсэн бөгөөд дээрх гур­ван хотын хэмжээнд 63 тон­ныг худалдаад байгаа аж. Ха­рин нийслэлд одоогоор 238 цэгээр дамжуулж дээрх махыг худал­даалж байгаа. Эл махыг зарж дуу­сах эцсийн хугацаа нь ирэх долоодугаар сарын 15 хүртэл. Гэвч одоогийнх шиг худалдан авалт нь муу байвал долоо битгий хэл наймдугаар сар ч хүрэхийг үгүйсгэхгүйг иргэд хэлсэн. Тэгвэл иргэд нөөцийн махны талаар ийн ярьж байна.
 


Х.ХАЛТАР: ТӨРИЙН ХӨРӨНГӨНӨӨС ХУМСАЛДАГ ХҮМҮҮСЭЭС БОЛЖ НӨӨЦИЙН МАХ МУУ ҮНЭЛГЭЭ АВСАН

-Ах нь энэ жил нөөцийн махнаас авч амжаагүй байна. Өнгөрсөн жил нэг гулуузыг авсан. Гайгүй мах таарчихсан шүү. Ту­хайн үед гулуузаар нь зарж байсан юм. Энэ жилийн хувьд төрөөс овоо л мөнгө, төгрөг гаргаж бэлдээд байх шиг байна. Гэвч нэг асуудал байдаг юм билээ. Би нүдээрээ үзээгүй ч гэсэн миний таньдаг олон хүн хэлсэн. Төр нөөцийн мах бэлтгэдэг хүмүүстээ сайн мах аваарай гээд хэдэн төгрөг өгтөл буруу гараар мөнгө олоод сурчихсан нөхдүүд замаас нь маш их хумсалдаг байна. Өөрөөр хэлбэл өнөөдөр ч гэсэн төрийн мөнгөнөөс хумсалдаг хүмүүсээс болж нөөцийн мах маш муу үнэлгээ авч байгаа. Нөгөөтэйгүүр тэртээ тэргүй төр мөнгийг нь гаргаж буй, хямд үнэтэй юм чинь гээд мах бэлтгэгчид хариуцлагагүй хандаж буйг хянаж, шалгадаг байгууллагууд байдаг юм бол хариуцлага тооцох хэрэгтэй. Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино гэгчээр цөөн хэдэн цэгт яс ихтэй, муу мах зарагдсанаас болж тэр мэдээлэл нь нийгэмд хүрчихэж байгаа юм. Ер нь цаашид хүнээсээ 20, 30 дахин их малтай оронд үнийг нь шийдэх боломж бий шүү дээ. Эс бол бүр ард түмэн нэгдэж чаддаг юм бол мах худалдаж авахаа хэсэг хугацаанд зогсоовол үнийн хөөрөгдлийг багасгаж магадгүй” хэмээв.


НӨӨЦИЙН МАХНЫ ТАЛААР ЕР НЬ ТААГҮЙ МЭДЭЭ ДУУЛДСАН ШҮҮ А.БАЯРМАА:

-Эгч нь уг нь Төв аймгийн Алтанбулаг сумынх л даа. Хотод ирээд гурван жил болж байна. Манайх хөдөө хэдэн малтай болохоор худалдааны мах нэг их авдаггүй. Нөөцийн махны талаар ер нь таагүй мэдээ дуулдсан шүү. Уржигдар манай дүүгийнх энэ махнаас хэдэн килограммыг авсан. Ихэнх нь хөрөөдсөн яс гээд байсан. Зурагтаар төр засгаас хэдэн ч гэнэ билээ тэрбум төгрөг гаргасан гээ биздээ. Гэтэл ядарсан хэдэн иргэдээ хуурч байгаа юм шиг хөрөөдсөн яс зараад байх хэрэггүй. Гэхдээ дээд дарга нарын буруу ч биш байх гэж боддог. Хамгийн гол нь энэ махыг бэлдэж, худалдаалж байгаа хүмүүст л гол учир байна.

ГАЙГҮЙ БАЙХ ГЭЭД АВСАН Н.РЭНЦЭНДОРЖ:

-Манайх жил бүр нөөцийн махнаас авдаг. Хүмүүс л муугаар яриад байхаас биш. Мах үнэтэй байгаа энэ үед төрөөс хийж байгаа зөв ажлын нэг гэж боддог. Өнгөрсөн бямба гарагт Скай их дэлгүүрээс хонины нэг гулууз авлаа. Одоохондоо эвдэж, хоол хийгээгүй л байна. Гайгүй байх гээд авсан. Өмнө нь аваад идэж болж байсан юм чинь одоо хордчихгүй байлгүй дээ. Уг нь зориулалтын агуулах саванд хадгалж байгаа болохоор итгэл төрөөд байдаг юм. Үнэндээ хатаж, муудсан махыг би лав хараагүй. Харин хөрөөдөж килограммаар зардаг махан дотор яс голдуу мах мэр сэр байдаг юм билээ.

Иргэд ийн ярьж байна. Ямар­тай ч одоогоор жижиглэсэн нэг килограмм үхрийн махыг 5950 төг­рөгөөр, ямааныхыг 4850 төгрөг, хонины мах 5750 төгрөгөөр тус, тус худалдаалж байгаа. Ха­рин гулуу­заар мах авахыг хүссэн иргэдэд зориулж амралтын өд­рүүдэд “На­рантуул-2”, “Хүчит шон­хор”, “Хар хорин” захуудаар хонь, ямаа­ны болон үхрийн өрөөл махыг 4400-5800 төгрөгөөр худалдаж буй аж.

Л.БААТАРХҮҮ

Зохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж