Малиг лалын босогчдоос чөлөөлөх олон улсын цэргийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Францын армийн цэргүүд өнгөрсөн ням гаригаас эхлэн тус улсын хойд хэсэгт лалын босогчдын эсрэг өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн байна. Францын армийн 1000 орчим цэрэг Малийн Гао хотын ойролцоох голын ай сав дагуух тосгодоор самналт хийж, лалын босогчдын эсрэг томоохон дайралт хийжээ. “Agence France-Presse” мэдээлснээр лалын босогчдын эсрэг явуулж буй Францын армийн цэргийн энэхүү өргөн хүрээтэй дайралт нь тус улсын цэргүүд Малиг орхин гарахаас өмнөх сүүлчийн томоохон цэргийн ажиллагаа аж. Францын цэргийн Гао хотын ойролцоо явуулж буй өргөн хүрээтэй цэргийн ажиллагааны эхний өдөр цэргүүдийн самналтаар голын ай сав дагуух тосгодоос лалын босогч илрүүлээгүй боловч жалга, хавцалуудын хуайс модон дор нуусан 340 орчим их бууны сум, пуужин зэрэг зэр зэвсгийг олж илрүүлжээ. Түүнчлэн Францын цэргүүд ирэх өдрүүдэд голын ай сав дагуух 20 км газрыг самнан, нэгжих юм байна.
Францын армийн цэргүүд өнгөрсөн нэгдүгээр сараас хойш Малийг лалын босогчдоос чөлөөлөх цэргийн ажиллагаанд хойд хэсгийн нутгуудад үүрэг гүйцэтгэж буй билээ.
Түүнчлэн Францын армийн цэргийн өргөн хүрээтэй дайралттай зэрэгцэн Гао хотод нэлээдгүй тооны амиа золиослогчид халдлага үйлдсэн тухай ВВС мэдээлжээ.
ВВС-ын Баруун Африк дахь сурвалжлагч Томас Фессигийн мэдээлснээр Франц болон Малийн хамтарсан армийн цэргүүд тус улсын хойд хэсгийн ихэнхи газруудыг лалын зэвсэгт босогчдоос чөлөөлсөн боловч өнөөг хүртэл зарим газарт босогчид бүгсээр байгаа аж. Тиймээс Франц улс энэ сарын сүүлээс эхлэн Мали дахь цэргүүдийнхээ тоог багасгахаас өмнө хойд хэсгийн нутгуудад бүгсэн лалын босогчдыг олж илрүүлэн, цэвэрлэхийг хичээж байгаа юм байна. Малид Францын армийн 4000 цэрэг үүрэг гүйцэтгэж буйгаас энэ сарын сүүлээс эхлэн цэргүүдээ татах бөгөөд энэ жилийн сүүл гэхэд Малид 1000 орчим цэрэг үлдэх гэнэ. Түүнчлэн Малид Африкийн 6300 орчим цэрэг үүрэг гүйцэтгэж байгаа юм байна.