
Хамгийн сүүлд найруулагч Люк Гринфиелдийн романтик инээдмийн кино “Something Borrowed” болон найруулагч Мила Найрийн “The Reluctant Fundamentalist”-д тоглосон Америкийн нэрт жүжигчин Кейт Хадсон сүүлийн үед хувийн амьдралдаа ихээхэн цаг заваа зарцуулж байгаа аж. Сүүлийн үед кино ертөнцийн карейраа түр хойш тавьж фэнүүддээ хүлээлт үүсгээд байгаа тэрээр одоогоор ямар нэгэн шинэ уран бүтээлд тоглох төлөвлөгөөгүй байгаа юм байна.
Тэрээр одоогийн найз залуу Английн рок хамтлаг “Muse”-ийн гишүүн Мэттью Бэлламитай 2010 оны сүүлээр хамтдаа амьдарснаас хойш жилийн дараа Бингэми хүүгээ төрүүлсэн бөгөөд хүү нь удахгүй хоёр нас хүрэх гэнэ. Тэрээр өнгөрөгч долоо хоногт “Elle”-д өгсөн ярилцлагандаа “Сүүлийн үед гэр бүлдээ ялангуяа хүүдээ анхаарал хандуулна. Тэр их жаахан байна шүү дээ. Гэхдээ мэдээж шинэ уран бүтээлүүдээрээ фэнүүдтэйгээ уулзах болно. Одоогоор загварын ертөнцөд хамтран ажиллах санаууд ирж байгаа” гэжээ.
Хадсон өмнө нь “Ann Taylor” брэндийн нүүр царай болоод зогсоогүй, зуны коллекцийнх нь загвар дээр уран бүтээлийн албаны дарга Лиза Аксельсонтой хамтран ажиллаж байсан туршлагатай юм байна.

