М.Гүнбаяр, С.Сарантунгалаг нар тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2013.04.09-нд нийтлэгдсэн

М.Гүнбаяр, С.Сарантунгалаг нар тэргүүлж байна

Энэ оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээний шигшээ тоглолтууд энэ өдрүүдэд Тусгаар тогтнолын ордонд болж байна.

Эрэгтэйчүүдийн 53, эмэгтэйчүүдийн 45 дахь удаагийн тэмцээнд шилдэг 14 шатарчин 13 өрөг тоглож аваргуудаа тодруулах юм. Тэмцээний зургаан өргийн дараах байдлаар эрэгтэйчүүдийг ФИДЕ мастер М.Гүнбаяр, эмэгтэйчүүдийн спортын мастер С.Сарантунгалаг нар тэргүүлж явна.

Өчигдөр тэмцээний тав, зургадугаар өргийн тоглолт болж эрэгтэйчүүдийг ФИДЕ мастер М.Гүнбаяр 5,5 оноотой тэргүүлж, улсын гурван удаагийн аварга их мастер Б.Гүндаваа, их мастер Ц.Батчулуун нар таван оноотой удаалж байна. ФИДЕ мастер Г.Мөнхгал, Олон улсын мастер Б.Мөнгөнтуул нар гурван оноотой дөрөв, тавдугаар байрт явна.

Эмэгтэйчүүдийг зургаан өргийн дараах байдлаар спортын мастер С.Сарантунгалаг 5.5 оноотой тэргүүлж, өсвөрийн дэлхийн аварга Д.Номин-Эрдэнэ, спортын мастер Б.Баярмаа нар 4,5 оноотой удаалж байна. Улсын гурван удаагийн аварга, олон улсын хэмжээний мастер Д.Янжиндулам эхний хоёр өдөр хожигдож байсан бол сүүлийн тавилуудад 3,5 оноо авснаар дөрөвдүгээр байрт явна.

Өнөөдөр шатарчид өнжиж маргааш долоо, наймдугаар өргийн тоглолтуудаа хийнэ. Тэмцээний 13 дахь өрөг ирэх ням гаригт болж улсын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөx юм. Энэхүү тэмцээнээс эхний таван байрт шалгарсан шатарчдаас шигшээ багийг бүрдүүлж ирэх зургадугаар сард БНСУ-ын Инчон хотноо болох Азийн танхимын спортын наадамд оролцуулах аж.

Хүснэгтээс зургаан өргийн дараах дүнг харна уу.

Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж