
Сургуулийн өмнөх боловсролд улсын төсвийн 5.3 хувийг зарцуулдаг гэсэн статистик гарчээ. Дэндүү чамлахаар тоо байгаа биз. Та өрхийн төсвийнхөө ердөө таван хувийг хүүхэддээ зориулбал хэдэн төгрөг болох вэ. Юунд ч хүрэлцэхгүй өчүүхэн хэсгийг балчируудад оноочихоод өөрсдөө болохоор нисдэг тэргээр уул давааг тойрон, өдий төдий үргүй зардал гаргаж явдаг эрхтэн дархтнуудаас “Тэр мөнгөөрөө цэцэрлэг бариач ээ” хэмээн шаардмаар санагдах юм. Улсын хэмжээнд нийтдээ 945 цэцэрлэг бий. Үүний 38-ыг өнгөрсөн 2012 онд шинээр барьсан. Харин энэ онд шинээр барьж ашиглалтад оруулах цэцэрлэгийн тоо 40-д хүргэх боломжтойг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Түүний зэрэгцээ Японы хүүхдийг ивээх сан, Канад технологийн цэцэрлэгийн төсөл гэхчилэн гадны эх үүсвэрээр баригдах цэцэрлэгийг нэмбэл хэдэн мянган хүүхэд цэцэрлэгтэй болох нь. Түүнчлэн Ирэх намар “Алтан гахай жил” мэндэлсэн хүүхдүүд сургуульд орно. Тэр жил төрөлт өмнөх жилүүдээс гурав дахин нэмэгдсэн гэж тооцвол намар цэцэрлэг хайсан эцэг эхчүүдийн тоо бага боловч буурах юм.
БШУЯ-наас цэцэрлэгүүдийг харъяаллын хүүхдээ нэн түрүүнд авахыг шаарддаг. Гэвч намрын намарт хүүхдээ цэцэрлэгт өгөхийн тулд юугаа ч хайрлахгүй аав ээж нарын буянаар цэцэрлэгийн эрхлэгч нарын бизнес цэцэглэдэг. Багадаа л 300 мянган төгрөг, цаашлаад нэг сая төгрөгт хүрдэг хахуулийн талаарх гомдол БШУЯ-нд нэг ч бүртгэгдээгүй гэнэ. Харин бага зэргийн мөнгө таталт, ахуйн осол, багшийн алдаа онооны талаар бол мэр сэр гомдол бүртгэгдэж, түүнийг нь шалган тогтоодог ажээ. Нийслэлийн 40 дүгээр тусгай цэцэрлэгийн хоёр давхраас хүүхэд унаж гэмтсэн хэрэг энэ онд ирсэн хамгийн ноцтой хэргийг яамны мэргэжилтнүүд шалгахад багшийн ширээг цонхонд ойр байрлуулсан зөрчил илэрчээ. Хүүхдийг эрүүл орчинд аюул осолгүй хүмүүжүүлэх нь цэцэрлэгийн хамгийн эрхэм үүрэг. Тиймээс ч цэцэрлэгт ямар тавилгыг хаана байрлуулах, хаана үйлдвэрлэсэн ямар тоглоом, аяга таваг хэрэглэх, багш хүүхэдтэй ямар үг хэллэгээр харилцах нь хүртэл тодорхой дүрэм журам, стандарт нормтой байдаг. Үүнийг яшгтал биелүүлэхээ байг гэхэд багцаатай байж гэмээнэ цэцэрлэг аюулгүй орчин болж чадна. Гэтэл нэг багшид ногдох хүүхдийн тоо стандартад зааснаас хоёр дахин олон байх нь ердийн үзэгдэл болжээ. Нийслэлийн хамгийн олон хүүхэдтэй цэцэрлэгийн нэг анги 40-50 хүүхэдтэй бол Хөвсгөл аймгийн гуравдугаар цэцэрлэгийн нэг ангид 50-60 хүүхэд ногддог нь хотод төдийгүй хөдөөд ч цэцэрлэг цөөдөөд байгааг харуулна. Ийм нөхцөлд багш хичээл, сургалтыг чанартай явуулах тухай бус хүний хүүхдийг маажилцуулж, зодолдуулчихгүйнхэн шиг харж харгалзахыг л хичээдэг тухай нэгэн багшийн үг үнэний хувьтай. Хүүхдүүд “Маамуу нааш ир” ч үгүй сургуульд орж байгаагийн шалтгаан энэ.
Эцэг эхчүүдийн бас нэгэн гомдол хоолны хүрэлцээ. Хүүхдүүд гэртээ өлсөгөлөн ирж, оройн цагаар их хэмжээгээр идсэнээс ходоодд гэдэс нь хямарч, шөнөдөө муу амардаг гэхчилэн бусдад бурууг чихэх хүн олон. Тэгвэл хүүхдүүд өдөрт 1650 төгрөгт багтаан 4-5 удаа хооллодог гээд тооц доо. Өмнө нь 1100 төгрөг байсныг өнгөрсөн онд 50 хувь нэмчихээд байгаа нь энэ. Нэг хүүхдийг өдөрт 1650 төгрөгөөр хооллохоор төсөвлөж байгаа нь дэндүү чамлалттай бөгөөд хүрэлцэхүйц хэмжээгээр хооллохын тулд дутуу зардлыг аав ээжээс нь хоолны мөнгө авбал татгалзах хүн гарахгүй л болов уу. Учир нь өнөөдөр хувийн цэцэрлэгийн сарын төлбөр 150-400 мянган төгрөгт хэлбэлзэж байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс давсан төлбөр төлөөд цэцэрлэгт явуулж болсон юм чинь хоногийн 2000 төгрөг хоолонд өгөөд сар үнэгүй хүүхдээ хүмүүжүүлбэл яасан юм бэ.
Түүнчлэн амьдралаас гажуудсан гэмээр цагийн хуваарийг өөрчлөх цаг болжээ. Цэцэрлэгт зөвхөн төрийн албаны ажилтны хүүхдүүд явдаг бол өглөө наймд өгчихөөд үдээс хойш 16:30 цагт хүүхдээ цэцэрлэгээс авнаа гээд гараад гишгэчихнэ гэхсэн. Гэтэл хувийн хэвшлийнхний ажил 18 цагт ч тарахгүй. Тэр хүртэл харж ханддаг тэвчээртэй багш байх уу. 20 минутаас илүү хугацаагаар хоцорвол 1000 төгрөгийн торгууль төлнө. Энэ мэт цэцэрлэг тойрсон санаж сэрүүштэй зүйл олон байна.
Байшин болгонд шахам бий болсон хувийн цэцэрлэгүүдийг албан ёсоор төрийн өмчийн бус цэцэрлэг гэж нэрлэдэг ажээ. Эдгээр цэцэрлэгүүдэд БШУЯ-наас хүүхдийн тоогоор хувьсах зардал олгодог бөгөөд энэ онд л гэхэд 9,2 тэрбум төгрөг төсөвлөжээ. Багш нарын сургалт, мэргэжил дээшлүүлэх тал дээр ч өмчийн ялгааг харгалздаггүй гэдгийг БШУЯ-ны Сургуулийн өмнөх бага боловсролын хэлтсийн дарга Б.Гантулга хэлж байна. Хувийн цэцэрлэгийн төлбар харилцан адилгүй байгаагийн тухайд байр, байршлын онцлог, нэмэлт сургалтын хөтөлбөртэй холбоотой гэдгийг тэрбээр тодотгосон. Танхилхан, Бамбаруушхан, Мөнгөлдэй гээд өхөөрдөм хөөрхөн нэртэй хувийн цэцэрлэгүүд гимнастик, бүжиг, дуу хөгжмөөс эхлээд оюун ухаан тэлэх оньсон тоглоом, орос, англи хэл гээд шинэ цагийн хүүхдүүдийн наад захын хэрэглээ болсон сургалтуудыг явуулдаг байна. Тэр бүү хэл хүүхдээ хэрхэн тоглож, наадаж, найз нартайгаа болон багштайгаа хэрхэн харилцаж байгааг харах камер суурилуулсан цэцэрлэг ч бий. Уйлах, уурлах нь хүртэл өөрийг тань дуурайсан энхрий бяцхан үрсээ “бусдын” нүдээр харах боломжийг олгодог энэ дуран авай бурууг шүүх хамгийн шударга шүүгчийн үүргийг давхар гүйцэтгэдэг. Ийм дуран байнгын ажиллагаатай буюу 24 цагийн цэцэрлэгт юу юунаас илүү хэрэгтэй. Харамсалтай нь улсын төсвөөс санхүүждэг тэдэнд камер тавих хөрөнгө хаанаас байх билээ. Нийслэлийн хэмжээнд 24 цагаар ажилладаг цэцэрлэг ес бий. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай үйлчилгээтэй сувиллын цэцэрлэгийн хувьд ч багшийн хүрэлцээ дутмаг, хүүхдийн ачаалал их хэвээр байна. Саажилттай, харааны болон сонсголын бэрхшээлтэй, дауны өөрчлөлттэй хүүхдүүдийг асарна гэдэг багшаас байтугай аав ээжүүдээс ч тэвчээр хатуужил шаарддаг. Тэднээс өвчлөл багатай заримыг нь энгийн цэцэрлэгт сургаж, нийгэмшүүлэх, олон дунд биеэ авч явах дадал суулгах асуудлыг ч БШУЯ хөндөн тавьж эхэлжээ. Эс тэгвээс хожим амьдрах наад захын дадал суугаагүй томчууд эцэг эхээс үлдэх аюултайг мэргэжилтнүүд хэлж байна.
Хүүхэд гэдэг эцэг эхдээ хамгаас үнэтэй. Өрөө өмлөн төрүүлсэн үрээ өөрөөсөө илүү нандигнах хайр зөвхөн хүнд ч бус амьтан болгонд заяасан байдаг. Тиймээс ч “Баавгай догшин ч бамбаруушдаа номхон” гэдэг үг гарсан биз ээ. Хүүхдүүд хүртэл цаана чинь “Зарааны зулзага ээждээ зөөлхөн” хэмээн дуулаад байна шүү дээ. Гэхдээ хайрлаж байна гээд хүүхдээсээ салахгүй тэврээд суух боломж үнэндээ алга байна. Амьдрал гэх галт тэрэг нэгэнт хурдаа авчихсан гар тормос татаад ч зогсохгүй байгаа болохоор гэр бүлийн хоёр хамтдаа зүтгэхээс аргагүй цаг үе ирээд байна. Айл айлын анхны хүүхдийг бол эмээ өвөө нь хараад өгөх нь бий. Хоёр, гурав дахь хүүхдээс эхлээд харж асраад өгөх оюутан ч олдохгүйд хүрдэг. Цэцэрлэг олдохгүй, харах хүнгүй тохиолдолд эхэн өгүүлсэн шиг “Хүүхэд асрах эмээ хөлсөлнө” хэмээн зар бичихэд хүрч байна. Байдал иймэрхүү хүндрэлтэй байгааг дарга, даамлууд бас анзаарчээ. Монгол Улсын Засгийн газраас цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдэд хүрч үйлчлэх шинэ арга зам буюу “Хүүхэд харах үйлчилгээ”-г нэвтрүүлэхээр судалж эхэлжээ. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Л.Гантөмөр, Ц.Оюунгэрэл, З.Баянсэлэнгэ, Г.Уянга, С.Ганбаатар нар "Day-Care" буюу хүүхэд асрах үйлчилгээг судалж, сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт оруулахаар хуулийн төсөл хүртэл боловсруулаад байгаа юм. 2-6 насны хүүхдийг эрүүл, аюулгүй харж асрах, хамгаалах, хөгжүүлэх шаардлагыг хангасан хувь хүн, аж ахуйн нэгжүүд энэхүү үйлчилгээний эрхийг авах боломжтой ажээ. Хуулийн хүрээнд тодорхой шаардлага хангасан хүн зургаа хүртэлх тооны хүүхэд харж асрах боломжтой юм. Түүний хүүхэд асарсан хөдөлмөрийг албан ёсны хөдөлмөрт тооцож, төрөөс санхүүжүүлнэ. Тухайлбал, нэг хүүхдэд ноогдох хувьсах зардал сард 70500, нэг хүүхдэд ноогдох хоолны зардал нь 40 мянган төгрөг, нийт 110500 төгрөгийг төрөөс олгохоор төсөлд тусгажээ. Энэ үйлчилгээг эрхлэхэд тусгайлсан мэргэжил шаардахгүй бөгөөд хүүхдээ асарч буй ээж давхар хийж болох гэнэ.
Хамгийн бяцхан иргэдийн маань сурч хүмүүжиж буй цэцэрлэгүүдийн 30 хувь нь өвгөрч муудсан барилга байшинтай. Тэдгээр цэцэрлэгүүдийг 1970 оноос ч өмнө барьсан гээд бодохоор нураад унажээ гэвэл гайхахааргүй байгаа биз. Ийм барилга байшинтай цэцэрлэгийг шинэчлэн сайжруулахын оронд гадна фасадыг нь өнгө өнгийн эмульс шохойгоор будан олныг хуурсаар өнөөг хүрчээ. Жил жилд тодорхой тооны цэцэрлэг сургууль барьдаг ч хүссэн хэмжээнд хүрэх болоогүй ажээ. Тиймээс улсын хөрөнгө оруулалтаас гадна концессийн гэрээгээр цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх боломжтойг салбарын яамны судалгаа харуулсан байна. Хэрэвзээ цэцэрлэг нь хүрэлцэхүйу хэмжээнд хүрчихвэл цаана нь хийж хэрэгжүүлэх, шинээр нэвтрүүлэх ажил үйлчилгээ зөндөө байгаа. Шведэд л гэхэд уртасгасан цагаар ажилладаг болон ээлжийн ажилтай эцэг эхчүүдэд зориулсан шөнийн цэцэрлэгийг ажиллуулдаг ажээ. Ганц бие болоод үдэш оройн цагаар сурч боловсордог хүмүүст ч энэ үйлчилгээ ихээхэн дөхөм болдог гэнэ. Шөнийн цэцэрлэг нь сургалт хүмүүжлийн газар гэхээс илүүтэй гэр шиг байдаг учраас хүүхдүүд ч удалгүй дасдаг байна. Өдөр шөнийн хоёр цэцэрлэгт дамнуулж явуулахаар багагүй зардал гарах байх гэж та бодож байна уу. Тэгвэл Шведийн Засгийн газар иргэдээсээ өндөр татвар авдаг ч түүнийхээ хэрээр нийгмийн халамжийн өгөөмөр бодлого хэрэгжүүлдэг ажээ. Тус улсад хүүхдийн сургуулийн өмнөх боловсролын төлбөр буюу хүүхдээ цэцэрлэгт явуулах зардал эцэг эхийнх нь цалингийн гурван хувиас дээш гарах ёсгүй гэсэн бодлого байдаг бөгөөд хүүхдээ өдөр, шөнийн цэцэрлэгт явуулдаг нэг гэр бүл гэхэд 138 орчим ам.доллар төлдөг байна.
Хаврын хахирган өдрүүд шил шилээ дарж байгаа ч нэг л өдөр ногоо цухуйж наран ээсэн зуны өдөр ирнэ. Тэр үед залуу ээж аавууд дахиад л хүүхэд харах эмээгийн эрэлд мордоно. Зуны гурван сарыг зусланд өнгөрүүлдэг айл өрх нийслэлд хэд байна вэ. Гэр хороололд бол хамар хашааныхан нь ч гэсэн хүүхдийг нь харж хандаад байх талтай. Гэтэл орон сууцны айлууд хөршийнх нь айл хэн гэдгийг ч мэддэггүй. Ийм тохиолдолд зуны цэцэрлэгийн эрэлд мордох нь гарцаагүй. Зун цагийг хүүхдүүд нь зугаатай, эцэг эхчүүд нь сэтгэл амар өнгөрүүлэх ганц гарц зуны цэцэрлэг. Зун цаг айсуй. Хамгийн түрүүнд цэцэрлэгүүдийг зун ажиллуулдаг болгоё. Дараагийн дугаарт хийх болгоох ажил түм бум байна.