Монгол хэлний ховор үгийн толь

Хуучирсан мэдээ: 2013.04.08-нд нийтлэгдсэн

Монгол хэлний ховор үгийн толь

Монгол хэлний сувд эрэх нэрт ховор үгийн толь

"…Монголчууд
толь бичиг зохиох арвин уламжлалтай. "Хорин нэгтийн тайлбар толь" хэмээн олны
дунд алдаршсан 21 дэвтэр их тайлбар толийг 1708-1717 оны хооронд зохиосон юм.
Түүнээс хойш "Гучин зургаатын тайлбар толь", Я.Цэвэлийн "Монгол хэлний товч
тайлбар толь" зэрэг тайлбар толиуд удаа дараа зохиогдсон билээ. Бид монгол
хэлний тайлбар толь зохиож ирсэн баялаг уламжлалд тулгуурлан, өнөөгийн олонхи
монгол хүн утга учрыг нь мэдэхгүй болж хуучирсан, ховор хэрэглэгддэг 4500 орчим
үг, хэллэгийг хуучны толь бичиг, ном судруудаас түүвэрлэн авч энэхүү жижиг толь
бичгийг зохион эрхэм уншигч танд өргөн барьж байна. Монгол үсэг бичгээ сэргээн
хэрэглэх, эрдэмт өвөг дээдсийнхээ бүтээн туурвисан ном судраа уншин судлах,
үндэснийхээ соёл, зан заншлыг дээдлэх, улс орноо сэргээн мандуулах зорилт тавьж
байгаа өнөө үед толь бичиг манай төрөл бүрийн мэргэжлийн сэхээтэн, эрдэмтэн
судлаачид, багш нар, сэтгүүлч, зохиолчдод болон түүх, соёл, монгол хэл бичгээ
сонирхон хуучин ном зохиол унших хүн бүхний оюуны санд дусал төдий нэмэр болбол
бидний зорилго бүтэх нь тэр… " хэмээн номын өмнөх үгт бичжээ.


Уг номын хуудсыг хэсэгхэн эргүүлж
харахуйд бидний үл мэдэх сонирхолтой үг хэллэг олноор таарав. Тэдгээрээс
заримыг жишээ болгон үзүүлбэл:


АВАД – даруй, хялбар, ав авсаар, мөд; авад дуусахгүй


АРВИС – мэдлэг, тарнийн ухаан


АРЬСУУ – тогоруу шувууны нэг зүйл


АЮУ – баавгайн өөр нэр


АЯСГАЛАН – эелдэг нийлэмжтэй байдал


БАНЖИХ – I. хэрэглэгдэхүүнийг төхөөрөн бэлдэх, зэхэх; II.
тооцох, хожих


БАЯСГАЛАНТ ХӨРӨГ – амьддаа бүтээлгэсэн хөрөг


БОДГАЛЬ – амь санаа бүхүй


БОДГАЛЬС – бурхан хийгээд бусад хамаг амьтан


БОДРОЛ БИЧИГ – ямар нэгэн ухааныг тайлбарлах мэдүүлэх;
бичиг илэрхийлэх айлтгах, алба барьж ирж айлтгах бичгийг бодрол бичиг гэнэ.


БУСАРМАГ – муу зан


БӨӨРӨГ – уулын хажуу этгээдийн дэвсэг газар


БУУЛГА – бичгийн хуулбар


БЭЛБЭСЭН – малын дан ганц зүс


БЯМБА – шил шиг гялтганасан улаан өнгөтэй жимс


БЯЦХАН ХАРХИРАА – дэглийтэй адилавтар, үндсэн өнгөтэй,
хүзүү хар, хошуу урт нүдний зовхинд нэжгээд цагаан өрөвлөг бүхий тогорууны
төрлийн шувуу


ГАБИЛИН – соронзон


ГАЛИРАХ – ажил хэргээс бэрхшээх, бултан зайлах


ГАНГИС – тогоруу


ГАНДИ – харагчин тоть


ЭЕВРЭГ – сэтгэлд нийлэмжтэй, зохистой, эелдэг, эевэргүү


ЭСЭРГЭН – цаг улирлын ирэх хувь; эсэргэн жил; эсэргэн
зун
(ирэх зун, дараа зун)



Энэ мэт бидний төдийлөн сайн үл мэдэх
сонирхолтой үгнүүд олон оржээ. Энэ ном 92 оноос хойш дахин хэвлэгдсэн эсэхийг
мэдэхгүй байна.

Зохиосон: Б.Амаржаргал, Л.Балдан, Ж.Сэржээ,
Ө.Тунгалаг, А.Янжиндолгор,

Монгол улсын Шинжлэх ухааны академи, Хэл зохиолын
хүрээлэн, 1992

http://buyantsogtoo.blogspot.com/

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж