
Улсын хэмжээнд нийт нутаг дэвсгэрийн 10 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсоноос Дорнод аймгийн Халхгол, Сэргэлэн сум, Завхан аймгийн Асгат, Баянтэс, Баянхайрхан, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Төв аймгийн Баянжаргалан сумын нутгаар цас их хэмжээгээр орж, хаваржилт хүндэрсэн талаар ОБЕГ-аас мэдээлж байна. Дээрх газруудад цасны зузаан 20-33 см, хунгарлаж шуурсан газартаа 40-60 см-т хүрчээ. Нийт дөрвөн аймгийн долоон суманд хаваржилт хүндэрсэн тул онцгойлон анхаарахад хүрсэн байна. Түүнчлэн Дорнод аймгийн Цагаан-Овоо, Хөлөнбуйр сум, Завхан аймгийн Тэс сум, Сэлэнгэ аймгийн Орхонтуул, Түшиг сум, Төв аймгийн Баяндэлгэр сум, Увс аймгийн Баруунтуруун сум, Хөвсгөл аймгийн Улаан-Уул зэрэг зургаан аймгийн найман суманд цасны зузаан 10-19 см-т хүрч, хаваржилт хүндэвтэр байгаа гэнэ.
Д.ЦЭЭНЭ