Д.Моломжамц: Мөнгөний бодлого зөв гольдролдоо орсон

Хуучирсан мэдээ: 2013.04.08-нд нийтлэгдсэн

Д.Моломжамц: Мөнгөний бодлого зөв гольдролдоо орсон

Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч асан, Монгол улсын гавьяат эдийн засагч, эдийн засгийн шинжлэх ухааны доктор Д.Моломжамц гуайтай уулзаж, төрийн мөнгө, санхүүгийн бодлогын хэрэгжилтийн  явцын талаар ярилцлаа.

-Төрийн мөнгөний бодлогын талаар хоёр жилийн өмнө манай сонинд бичсэн өгүүлэлдээ та нилээд шүүмжлэлтэй хандсан байсан. Энэ оны мөнгөний бодлогын тухайд та ямар бодолтой явдаг вэ?

-Инфляцийн түвшин өндөр байхад сүүлийн жилүүдэд (2009-2012 онд) УИХ-аас баталсан төрийн мөнгөний бодлогын гол чиглэл жил бүр харилцан адилгүй өөр өөр байсан юм. Жил бүр өөр өөр зорилт тавиад дунд нь самгардаж, аль нь мөнгөний бодлогын гол чиглэл, аль нь завсрын зорилт болохыг олон түмэн ч  сайн ойлгохгүйд хүрсэн байсан. Үүнд шүүмжлэлтэй хандаж, мөнгөний бодлогын гол чиглэлийг оновчтой тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэх арга замын талаар өөрийн саналаа илэрхийлж байсан юм. Энэ онд төрөөс  мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд «…макро эдийн засгийн болон санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэхэд мөнгөний бодлогыг чиглүүлнэ» гэж заасан нь улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх талаар тавигдаж байгаа шинэ зорилтуудтай нийцсэн байна гэж би хувьдаа үзэж байгаа. Мөнгөний бодлогыг макро эдийн засгийн бусад зорилтуудтай нягт уялдуулж чадвал түүнд тусгасан зорилтуудыг биелүүлэх боломж улам нэмэгдэнэ. Энэ оны эхний саруудын  мөнгөний тойм, эдийн засгийн бусад үзүүлэлтүүдээс харахад  мөнгөний бодлого зөв гольдролдоо орсон гэж  хэлж болохоор байна. Миний хувьд Монголбанкнаас мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх талаар авч  байгаа арга хэмжээнүүдийг зөв гэж үзэж, дэмжиж байгаа.

-Энэ оны эцэст үнийн өсөлтийг 8 хувиас хэтрүүлэхгүй байлгах зорилт тавьсан нь биелэх үндэслэлтэй юу?

-Биелэх боломжтой. Энэ онд төдийгүй 2014-2015 онд инфляцийг 5-7 хувийн түвшинд байлгах нөхцөл бүрдүүлнэ гэж УИХ-аас зааж өгсөн нь бизнесийн хүрээнд төдийгүй монголын нийгэмд өгсөн зөв дохио, чиг хандлага юм. Одоо хамгийн гол нь мөнгөний бодлогын арга хэрэгсэлүүдийг зөв хослуулж, оновчтой хэрэглэх, макро түвшинд Монголбанк Засгийн газрын нягт уялдсан бодлого хэрэгтэй. Өмнөх жилүүдэд Монголбанк бодлогын хүүтэйгээ илүүтэй «ноцолдоод» мөнгөний удирдлагын бусад арга хэрэгслүүдийг дутуу ашиглаж байсан тал бий. Тэгээд ч өмнөх жилүүдэд инфляцийг бууруулах явдлыг ганцхан Монголбанкны үүрэг мэтээр ойлгож, Засгийн газар хол хөндий байсан. Харин энэ оны мөнгөний бодлогыг баталсан УИХ-ын тогтоолд иргэдийн өргөн хэрэглээний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах үр дүнтэй арга хэмжээ авч, үнийг тогтворжуулах цогц механизм боловсруулж хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар болон Монголбанкинд даалгаж, инфляцийг бууруулахад Засгийн газар чухал үүрэгтэй болохыг зааж өгсөн нь сайн хэрэг. Одоо мөн инфляцийг тогтвортой бууруулж хяналт тавих эрх зүйн орчинг сайжируулах нь чухал.

-Үнийг тогтворжуулах арга хэмжээний хүрээнд хэд хэдэн дэд төсөл, тухайлбал Шатахууны жижиглэнгийн худалдааны үнэ, гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах зэрэг хэд хэдэн төслийг  хэрэгжүүлж, Монголбанкнаас Засгийн газарт олон зуун тэрбум төгрөгийн зээл олгож байна. Энэ зөв үү, Монголбанк «Төв банкны тухай хууль»- ийг зөрчөөд, эрх хэмжээгээ хэтрүүлж байгаа юм биш үү?

-Хууль зөрчсөн юм огт байхгүй. Төв банкны тухай хуульд Монголбанк нь Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэж засгийн газарт зээл олгох эрхтэйгээс гадна төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай асуудлын талаар Засгийн газартай хамтарч шийдвэр гаргах эрх Монголбанкны Ерөнхийлөгчид бий. Энэ бол мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор авч байгаа хууль ёсны арга хэмжээ бөгөөд үнийг  тогтворжуулахаас гадна бодит секторыг дэмжсэн давхар зорилго агуулсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

-Та дээр инфляцийг бууруулах эрх зүйн орчинг сайжруулах ёстой гэлээ. Энэ талаар тодруулж өгнө үү?

-Манай эдийн засгийн өсөлтийг чөдөрлөж байгаа нэг зүйл нь харьцангуй өндөр инфляц юм. Түүнд олон хүчин зүйл нөлөөлж байгааг бид бүгдээрээ сайн мэдэж байгаа. Эдгээр дотор эрх зүйн талын асуудал бас байгаа юм. Бөөний болон жижиглэн худалдааны үйл ажиллагаа явуулах, худалдааны харилцаанд оролцогчдын эрх үүрэг, тэдэнд тавигдах шаардлага, үнэ тарифын тогтолцоо  зэрэг олон асуудлын  эрх зүйн болон эдийн засгийн зохицуулалт байхгүй тул зах зээл дээр дангаар ноёрхох, үнэ тарифыг үндэслэлгүй тогтоох, чанар муутай бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх  явдал гарсаар байна. Олон улсын практикаас үзэхэд жижиглэн худалдааны цэг, салбар, дэлгүүр нь бөөний худалдааны баазаас авсан барааны үнэ дээр 20 хүртэл хувийн  худалдааны нэмэгдэл хийж, жижиглэн худалдаалах үнээ тогтоодог байна. Гэтэл манайд ямар ч зохицуулалт байхгүй учраас жижиглэнгийн барааны худалдааны нэмэгдэл зарим бараа, эмийн төрөл  дээр хэт өндөр тогтоогдон инфляцийг хөөрөгдөж байгаагийн зэрэгцээ ард түмний амжиргааны түвшинд сөрөг нөлөө үзүүлж байна.  Бараа, бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэгч болон худалдааны байгууллагаар дамжин эцсийн хэрэглэгчид хүрэх бүх үе шатанд бөөний болон жижиглэн худалдаалах үнэ, тариф хэрхэн  бүрэлдэх, худалдааны нэмэгдлийг яаж тогтоох, түүнд ямар зардлуудыг хамааруулах, хяналтын ямар механизм үйлчлэх  зэрэг үнэ, тарифын бүрдэлтийг эрх зүйн зохицуулалтад оруулах шаардлагатай.

Бид зах зээлд ороод 20 гаруй жил болж байхад манайд гадаад, дотоод худалдааны үйл ажиллагааг зохицуулсан хууль гараагүй л байна шүү дээ. Жилийн жилд л махны хомсдол зохиомлоор юмуу эсвэл жинхэнэ байдлаар үүсээд л үнэ өсөж байна шүү дээ. Энэ бол цэвэр зохион байгуулалтын арга хэмжээ дутагдаснаас болж байна.

Мах бол манай хувьд стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн. Тиймээс махны үйлдвэрлэлт, нийлүүлэлт, борлуулалтай холбоотой асуудлыг  тусгай хууль гаргаад зохицуулж болно. Өнөөдөр малчны гар дээрээс Улаанбаатарт хэрэглэгчид очих явцад махны үнэ хоёр дахин өсч очиж байна. Эрх зүйн зохицуулалт дутагдалтай байгааг дамын наймаачид овсгоотой ашиглаж, махны үнийг хөөрөгдөж байна шүүдээ. Шудрага өрсөлдөөнийг бий болгох, дэмжих,зах зээл дээр дангаар ноёрхохыг хязгаарлахад чиглэсэн  эрх зүйн болон зохион байгуулалтын арга хэмжээ дутагдаж байна.

-Засгийн газрын гадаад зах зээл дээр бонд гаргаж босгосон 1,5 тэрбум ам. долларын мөнгийг бас Монголбанк мэдэж, түүний удирдлагыг хэрэгжүүлж, Сангийн яамны дотоод ажилд оролцоод байх шиг?

-Энэ бол миний дээр хэлсэн Засгийн газрын санхүүгийн зуучлалын үүргийн дагуу Монголбанкны хийж байгаа ажил бөгөөд Сангийн яамны дотоод ажилд оролцсон  энэ тэр юм ердөө байхгүй. Харин ч Засгийн газрын бондын мөнгийг гадаад зах зээл дээр байршуулж, түр хугацаанд бага ч гэсэн өсгөн аривжуулж, түүний үнэ цэнийг алдагдуулахгүй байлгаж чадаж байгаа сайн хэрэг. Монголбанк, Сангийн яам хоёр ингэж тохирсон  нь сайшаалтай. Ер нь бонд гаргаснаар манайх гадаад зах зээл дээрээс анх удаа урт хугацаатай хөрөнгийн эх үүсвэр  татсан анхны үйлдэл юм. Одоо энэ хөрөнгийг үр ашигтай байршуулж, ашиглахад онцгой анхаарах ёстой.

-Төв банк бодлогын хүүтэйгээ ноцолдоод гэж дээр хэлсэн, ер нь ойрын үед Монголбанкны бодлогын хүүгийн хэмжээ буурах болов уу?

-Инфляцийн түвшин буурахын хирээр бодлогын хүү буурч таарна, хэрэв энэ темпээр үнийн өсөлт буурах юм бол оны эцэст бодлогын хүүг нэг оронтой тоонд оруулан бууруулах бүрэн боломжтой. Ингэж чадвал зээлийн хүү багасах бодит боломж гарч, эдийн засгийн төдийгүй нийгмийн шинж чанартай шийдвэрлэх ёстой олон асуудлын учгийг зөв тайлж, манай эдийн засаг зах зээлийн замаар хөгжихөд бас нэг том алхам болох ёстой.

Нөгөө талаар цаг нь болоогүй байхад бодлогын хүүг бууруулбал энэ нь импортыг хөөрөгдөж, инфляцийг нэмэгдүүлэхэд хүргэх болно гэдгийг бас бодолцох ёстой. Мөн төгрөгийн ханш суларч, импортын хэмжээ өсөхийн хирээр инфляцийн эрсдэл нэмэгдэх болно. Энэ бүхнийг Монголбанк сайн мэдэж байгаа бөгөөд бодлогын хүүг өөрчлөх асуудлыг олон талаас сайн судалгаа хийж, болгоомжтой хандаж байгаа  нь ойлгомжтой.

-Монголбанк саяхан хүүний коридор нэвтрүүлж эхэлсэн нь мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхэд хир нөлөөтэй вэ?

-Энэ бол мөнгөний бодлогод гарч байгаа бас нэг шинэ зүйл. Ийм туршлага гадаад орнуудад байдаг. Манай өнөөгийн нөхцөлд банк хоорондын захын хүү нь төв банкны бодлогын хүүгийн хэмжээнээс нилээд зөрүүтэй яваад байгаа юм. Яваандаа зах зээлийн харилцаа улам төлөвшөөд ирэхээр төв банкны бодлогын хүү гол үзүүлэлт болох ёстой юм. Одоогийн энэ шилжилтийн үед банк хоорондын зах зээл дээрхи хүүгийн өсөлтийг коридорт оруулан тогтворжуулж, төв банкны  бодлогын хүүтэй ойртуулахад энэ арга хэмжээний зорилго чиглэж байгаа юм.

-Та дээр урт хугацаатай мөнгө гаднаас татаж чадсан талаар дурьдлаа. Ер нь манайд урт хугацаатай хөрөнгийн дотоод эх үүсвэрийг яаж нэмэгдүүлэх ёстой вэ?

-Их чухал асуулт байна. Манайд банкны богино зээл дээр суурилсан эдийн засгийн бүтэц бий болчихоод байна. Энэ байдлаас гарахад харин өнгөрсөн онд гадаад зах зээл дээр гаргасан засгийн газрын бондын мөнгө чухал үүрэг гүйцэтгэж байна. Одоо дотоод зах зээл дээрээ урт хугацааны мөнгө босгох арга, механизмыг бий болгомоор байгаа юм. Юуны өмнө Засгийн газрын нөөц хөрөнгө болон нийгмийн даатгалын болон тусгай зориулалтын бусад сангуудын хөрөнгийн менежментийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Санхүүгийн хөрөнгө оруулалтын бие даасан компани байгуулан ажиллуулах замаар дотоод эх үүсвэрээ оновчтой төвлөрүүлэн хөрөнгө оруулалт болгон эдийн засагт оруулж чадвал санхүүгийн эрсдэл багасах, банкны урт хугацаат зээлийн эх үүсвэр бий болох, эдийн засагт оруулах дотоод хөрөнгө оруулалт нэмэгдэх зэрэг олон сайн талтай. Энэ компаниар дамжуулж гадаадын хөрөнгө оруулалтыг ч илүүтэй татаж болно.

Нөгөө талаар арилжааны банкуудын өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх, тэднийг хөрөнгөжүүлэх бодлогын арга хэмжээ авмаар санагддаг. Ингэж чадвал урт мөнгөний эх үүсвэр нэмэгдэнэ. Манай арилжааны банкуудын нийт актив  ДНБ-ний 60 шахам хувьтай тэнцэж байна. Зах зээл хөгжсөн орнуудад энэ харьцаа 150-350 хувь байгаагаас үзэхэд банкуудыг хөрөнгөжүүлэх, түүний дүрмийн сангийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа нь харагдаж байна.

Уг нь урт мөнгийг банкууд л бий болгож «үйлдвэрлэх» ёстой шүүдээ. Мөнгөний үржүүлэгч буюу мультипликатор манайд дунджаар авч үзэхэд 4 хүрэхтэй үгүйтэй байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм. Гадаад  орнуудад энэ үзүүлэлт 6-10 байна. Манай урьд хөрш Хятадад л гэхэд 13 байх жишээтэй.

-Гадаадын хөрөнгө оруулалт буураад байгаа шүүдээ. Энэ юутай холбоотой гэж та бодож байна?

-Харин тийм хандлага байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, бизнес явуулах  эрх зүйн орчинг улам сайжируулах талаар яаралтай нэмэгдэл арга хэмжээ авч дэлхий нийтэд зарлах нь чухал болоод байх шиг. Төр, засаг солигдох бүрд гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой хуулиудыг хамаагүй өөрчилж болохгүй юм байна гэдэг сургамжийг бид авлаа шүүдээ. УИХ-аас баталсан Стратегийн  ач холбогдол  бүхий  аж ахуйн нэгжид  гадаадын  хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн зарим заалтыг гадаадын хөрөнгө оруулагч нар шүүмжилж, болгоомжилж байна. Нөгөө талаар Оюутолгойн гэрээг тойрсон асуудал, шинээр төмөр зам барих, дэд бүтцийг хөгжүүлэхтэй холбогдсон хэд хэдэн том төслүүдийн талаар олон жил ярьж байгаа ч манай засгийн газар эцсийн шийдвэр гаргаж чадахгүй байгаа нь гадаадын хөрөнгө оруулагч нарыг туйлдуулж байна. Уг нь дэлхийн мөнгөний урсгалын нэг хэсгийг монгол руу түлхүү  чиглүүлэх боломж байна шүүдээ.

-Гадаадын хөрөнгө оруулалтын бодлогоо хянан үзэх ёстой гэж ойлгож болох уу?

-Тийм л дээ. Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлөөр дэвшигдэн гарч ирж байгаа шинэ зорилтуудтай уялдуулан гадаадын хөрөнгө оруулалтын бодлогод өөрчлөлт орох ёстой. Сүүлийн жилүүдэд уул, уурхайн салбарт их хөрөнгө оруулалт хийгдсэн, үүний буруу гэж юу байхав, гэхдээ эдийн засгийн бусад салбаруудын хөгжлийг жигд дэмжих шаардлагын дагуу экспортын чиглэлийн үйлдвэрлэл болон манай эдийн засгийн үндсэн салбар болох хөдөө аж ахуйг дэмжихэд, мөн хөдөө орон  нутгийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалтын бодлогыг түлхүү чиглүүлэх цаг болж байх шиг санагдана. Яагаад тэгж хэлж байна гэхээр манай улсын  эдийн засгийн хөгжлийн ерөнхий дүр төрөхийг илтгэн харуулдаг  макро эдийн засгийн үзүүлэлтүүдээс харахад «Голланд өвчин»-ий гол шинж тэмдэг болох эрдэс баялагийн экспортын орлого хэт нэмэгдэх, эрдэс баялагийн экспортын өсөлтөөс хамаарч валюын орлого нэмэгдэх, импорт нэмэгдэх, бусад салбарын экспорт буурах, үйлдвэрлэлийн бусад салбаруудын хөгжил хоцрогдох зэрэг үзэгдлүүд илэрч байна уудаа гэсэн өнгөц дүгнэлт хийж болохоор байна.

Миний дүгнэлт буруу ч байж болно. Гэхдээ уг асуудлыг гүнзгийрүүлэн судалж, эрдэс баялагийн экспортын өсөлт түүнээс үүдэлтэй  гарч байгаа эерэг болон сөрөг үр дагаварыг  нарийн судалж, шалтгааныг тогтоох шаардлагатай. ДНБ-ний бүтэцэд уул уурхайн салбарын эзлэх хувийн жин 70 гаруй хувь болж нэмэгджээ. Нийт экспортын 96 хувийг эрдэс баялаг, үүний дотор нүүрс 43.7 хувь, зэсийн баяжмал 22.1 хувь, төмрийн хүдэр 13.7 хувь, боловсруулаагүй газрын тос 8.7 хувь, цайрын хүдэр, баяжмал 5.5 хувь, молибдений хүдэр, баяжмал 1.3 хувь, хайлуур жоншны хүдэр, баяжмал 1.2 хувь болж, ердөө  3.8 хувийг экспортын бусад бүтээгдэхүүн эзэлж байна. Дан ганц эрдэс баялагийн экспортоос удаан хугацааны турш хамааралтай байх нь үйлдвэрлэлийн бусад салбаруудын хөгжилд ихээхэн сөрөг нөлөө үзүүлэх болно. Иймээс экспортын энэ бүтцийг өөрчлөх алхамыг даруй хийж, хөдөө аж ахуйдаа илүү анхаарсан, экспортын бусад салбарыг түлхүү дэмжихид чиглэсэн эдийн засгийн шинэ бодлого боловсруулан хэрэгжүүлж эхлэх шаардлага тавигдаж байх шиг.

-Сурв: Ярилцсанд баярлалаа.

Б.ЭНХЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж